Николь Шерзингер 6-нд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Николь Шерзингер 6-нд ирнэ

Арванхоёрдугаар сарын 7, 8-нд болох  “Cosmo love show”-ний үеэр Монголын залуус дэлхийн нэг хэсэг гэдгээ мэдрэх нь. Учир нь энэ шоун дээр  Америкийн поп од  Николь Шерзингер, Оросын гайхамшиг Олег Безинский, Европчуудын шүтээн Урнаа, алдарт “Тодес”-той уулзах боломжийг Ирмүүн агентлаг олгож байна. Тэд дэлхийн улс орнуудад 100 гаруй  хувилбартай, 120 сая уншигчтай “Cosmopolitan” сэтгүүлийг гаргах эрхийг авчээ. Манай улс “Cosmo”-г гаргаж байгаа 61 дэх улс болж байгаа юм.  Тун удахгүй болох Cosmo love show уг нь бол энэ сэтгүүлийн нээлтэд зориулагдаж байгаа. Гэхдээ Монголын залууст  дэлхийн олон орны  соёлыг нэг дор мэдрүүлж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа алдартнуудтай хоёр оройг мартагдашгүйгээр өнгөрүүлэх боломж олгож байгаагаараа урьд өмнө болж байсан арга хэмжээнүүдээс ялгарч байна. Монголд өмнө нь хэзээ ч ийм олон орны, энэ дайны алдартнууд нэг дор цуглаж байгаагүй юм. Уг шоуг зохион байгуулж байгаа “Ирмүүн” агентлагийн захирал А.Дэлгэржаргалтай шоуны талаар ярилцлаа.

–    Дэлхийн хэмжээний шоу болно гэсэн мэдээллийг танай агентлагын зүгээс өгч байгаа. Яагаад ингэж онцлох болсон бэ?

–    ОХУ, Герман, Франц, АНУ, Швейцарь, Солонгос зэрэг арваад улсын урлагийнхан, энэ чиглэлийн мэргэжилтнүүд  Cosmopolitan cэтгүүлийн нээлтэд зориулсан “Cosmo love show”-д оролцож байгаа. Cosmo дэлхийн хамгийн олон оронд хамгийн олон хувиар хэвлэгддэг сэтгүүл. Хэл, соёлоороо ялгаатай олон хүнд олон хувилбараар хүрч байгаа нь яах аргагүй дэлхийн сэтгүүл гэдгийг нь илтгэдэг. Энэ утгаараа Cosmo-гийн нээлтийн шоунд олон янзын соёлыг урлагаар харуулъя гэж зорьсон. Дэлхийн сэтгүүл Монголд гарч байгаа гэдэг утгаар нь Монголынхоо урлагийн шилдэг номеруудыг ч шигтгэж оруулж байгаа. Үүгээрээ бид дэлхийн нэг хэсэг болж, урлагаар дэлхийтэй нэгдэж байна.  Яг энэ агуулга, концепцоор шоугаа бэлдсэн. Cosmo-гийн нээлтийг тэгж харж байгаа. 
 
–    Шоуны зочдоос Николь Шерзингерийг фэнүүд нь тэсч ядан хүлээж байна. Яагаад заавал Николийг сонгох болсон бэ. Сэтгэгдэл нь  ямар байгаа бол?

–    Манай шоуны бас нэг онцлог бол ид гялалзаж байгаа одыг авчрах байсан. Хэдэн жилийн өмнө домог байсан гэхээс илүү яг одоо тод  гялалзаж байгаа, залуусын яг өнөөдөр сонсч байгаа дуучныг ирүүлье гэж бодсон. Тэгээд л Николийг урьсан. Николь манай урилгыг дуртай хүлээж авсан. Манай агентлагт ирүүлсэн захидалдаа “Миний хувьд Монголд очих бол шинэ адал явдал. Өөрийгөө нээх өвөрмөц боломж. Монголын залуустай удахгүй  уулзах гэж байгаадаа баяртай байна” гэсэн байсан. Бид хамгийн гол нь анхны дугаарынхаа сover буюу нүүрний охиныг  ирүүлэхийг зорьсон. Николийг сонгосон гол шалтгаануудын нэг энэ байсан л даа. Николь Англи, Оросын Сosmo-гийн 10, 11 дүгээр сарын cover болсон. Монгол Cosmo-гийн  12 дугаар сарын нүүр царай болж байгаа.

–    Тэр хэзээ ирэх вэ?

–    Энэ сарын зургааны өглөө ирнэ.

–    Энрике, Лэди Гага нар ирнэ гэж нэг хэсэг шуугисан.  Тэдэнд урилга явуулсан юм уу. Урилга явуулсан оддын өгсөн хариуг сонирхох хүн олон байгаа байх?

–    Бид эхлээд ямар ямар урлагийн номер үзүүлэх вэ гэдгээ гаргаж ирээд харсан л даа. Гадуур Лэди Гага ирнэ гэсэн шум гарсан байна лээ. Бид Лэди Гага-г урих бодолтой байсан. Гэхдээ тэр яг одоо аялан тоглолттой байгаа. 10 дугаар сарын үед ийм шалтгаанаар хандах боломжгүй байсан.  Лэди Гага бол Сosmo-гийн  нүүр царай болдог оддын нэг л дээ. Николийн бие даасан концертыг нээж дуулж байсан юм билээ. Тэд  Америкийн поп старууд дотор түвшингийн хувьд  адил зиндаанд яригдаж болох дуучид. Энрикед хүсэлт явуулсан. Урих болсон шалтгаан нь Никольтой холбоотой. Энрикегийн Никольтой хамтарч дуулсан Heart beat дуу сүүлийн үед хит болж байгаа. Энэ дууг нь хамтарч дуулуулах гэж Энрикег сонгосон байсан. Тэгээд ч Монголын залуу, дунд насныханд танил гэдэг утгаар нь сонирхож байсан. Тэр төлөвлөгдсөн арга хэмжээнүүд давхцсан учир ирж амжихгүйгээ хэлсэн. Гэхдээ “Монголд дараа заавал ирнэ ээ. Хамтарч ажиллах боломж дахин олдоно гэж итгэж байна. Маш өвөрмөц, сонирхолтой санал байлаа. Баярлалаа” гэсэн хариу ирүүлсэн.

–    Нэг дор дэлхийн хэмжээний олон одыг урьж авчирна гэдэг мэдээж амаргүй байх?

–    Мэдээж бид дангаараа урина гэвэл хэцүү. Cosmo-гийн төвөөс тусалж байгаа. Ер нь энтертэйнмент ертөнц  нь өндөр хэмжээнд хөгжсөн  орнууд  руу хандахад тогтсон дэг журмын дагуу ажиллах учиртай юм билээ.  Их ч хугацаа шаарддаг юм байна. Зохион байгуулах, саналаа зөв тавихаас эхлээд нэлээд ур чадвар шаардсан.  Энэ тал дээр “Ирмүүн”-ий баг их сайн ажилласан. Ер нь дэлхийн оддыг урьж ирүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Хүрээд ир гэхээр л ирчихдэг асуудал биш шүү дээ. Энэ хүмүүст тогтсон рейтинг байгаа. Монголын зах зээлээ ойлгуулах асуудал бий. Зах зээлдээ тохирсон байдлаар авчрах энэ тэр гээд их хүч чармайлт гарсан. Николь, “Тодес” алиных нь ч тоглолт  Азийн орнуудад гэхэд л нэг суудлын дундаж үнэ нь 250 доллар байдаг.  Зөвхөн нэгнийх нь тоглолт ийм үнэлгээтэй байдаг, гэтэл эднийг нэгтгээд нэгдсэн шоу үзнэ гэдэг бас өөр хэрэг. Байж болох хамгийн боломжийн үнээр Монголын залуустаа үзүүлэх гэж их чармайсан.

–    Тасалбарын  үнэ хэд вэ?

–    33.000-199.000 төгрөгийн хооронд таван янзын тасалбар гаргасан. Зонуудад хуваагдаж байгаа. Харагдах талбайгаасаа хамаарч үнэлгээг нь тогтоосон.

–    Хаанаас авч болох вэ?

–     1950, 99770707, 99046013, 99010210, 99026019 утсаар захиалга өгч болно.  Мөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа.  Бас  хөдөлгөөнт цэгүүд ажиллаж байна.

–    Тайз гэрэлтүүлэг дээр гэхэд  өчигдөр Солонгосоос алдартай хамтлаг, дуучидтай хамтарч ажилладаг баг ирсэн гэж сонссон?

–    Шоуны хамгийн гол асуудал бол урлагийн үзүүлбэрүүдээс гадна тэр номерыг гэрэлтүүлэг, видео, хөгжим  харааны төвшинд амьдруулж өгдөг. Энэ бүхэн дээр том багууд ажиллаж байгаа. “Буян” компани тоног төхөөрөмжийн хувьд хангалттай юм билээ. Тоног төхөөрөмжийг нь  ийм байдлаар шийдсэн. Яг ажиллуулах мэргэжлийн хүмүүс  дээр Солонгосоос баг авчирсан.

–    Тэгэхээр нэлээд зардал гарч байгаа юм байна. Нууц биш бол энэ шоу зардлаа нөхөж чадах уу?

–    Нөхөж чадахгүй байгаа. Зардлынхаа тодорхой хувийг л борлуулалтаасаа нөхөх тооцоотой байна. Гэхдээ бид Cosmo-ийн нээлт гэдэг утгаар энэ шоуг  сэтгүүлийнхээ PR гэж харж байгаа. Нээлтээрээ ч гэсэн энтертэинмент ертөнцөд шинэ уур амьсгал оруулж ирье гэж  зорьсон.

–    Николоос гадна Безинских, Тодес, Азийн Дива Урнаа гээд  олон одод ирэх юм байна. Сонгодог урлаг, орчин үеийн бүжиг гээд сонголт нь их өвөрмөц санагдаж байна л даа. 12 сарын 7, 8-нд болох шоунд янз бүрийн сонирхлыг нэг дор нэгтгэх нь гэж ойлгож болох уу. Сонгодог урлагт дуртай, поп сонсдог хэн ч үзэж болох шоу гэж ойлголоо?

–    Санктпетербургийн хөгжмийн академийг төгссөн цорын ганц контртенор, дэлхийн хуруу дарам контртеноруудын нэг Олег Безинских, шоу балетаараа дэлхийг байлдан дагуулж байгаа “Тодес” хамтлаг, европын интеллектуалуудын сонсох дуртай    Азийн  Дива  Урнаа шоунд оролцоно. Европын шилдэг Jazz band, Эстонийн шилдэг эмэгтэй DJ Алисса Спутник нар мөн ирнэ. Pop opera, chill out, ethno music, world music, pop jaz, R&B , rock, язгуур урлаг, видео арт, light show гээд олон өнгийн мэдрэмжийг өгч байгаа нь Cosmo love show-ны онцлог.

–    Шоуны үеэр болох VIP party-ны талаар мэдээлэл хүргээч?

–    12 дугаар сарын 8-ны орой шоунд оролцох ододтой нэг оройг мартагдашгүй өнгөрүүлэх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. 12 дугаар сарын 9-нд I Loft дээр залууст зориулсан Cosmo night party зохион байгуулах гэж байна. Энд Эстонийн  шилдэг эмэгтэй DJ Алисса, шоуны зочидтоой хамт байх боломжтой.

–    Тоглолт хаана болох вэ. Дэлхийн одод оролцож байгаа гэдэг утгаар тодорхой стандарт, шаардлага тавигдаж байгаа байх?

–    Мэдээж  оролцох одод өөрсдийн шаардлагаа тавьдаг. Ийм хэмжээний тоглолт болох газрын хувьд үнэхээр асуудалтай байсан. Тэгээд нээлтээ хийх гэж байгаа Спорт цогцолборыг сонгосон. Энд олон гоё арга хэмжээ болох байх л даа. Салхийг нь   Cosmo love show хагалж байна.

–    АНУ-аас Hearst Magazines International группын төлөөлөгчид ирж Cosmo-гийн нээлтэд оролцож байгаа гэл үү?

–     Hearst Magazines International группын  Ази Номхон Далай,  Латин Америкийн бизнес хөгжлийг  хариуцсан дэд Ерөнхийлөгч Патрик Брэннан ирнэ. Cosmo-гийн редакциас мэндчилгээ ирж байгаа.

–    Сosmopolitan сэтгүүл юугаараа дэлхийн олон сая бүсгүйчүүдийг байлдан дагуулдаг вэ?

–    Cosmopolitan сэтгүүл дэлхийд борлуулалт, уншигчдынхаа тоогоор тэргүүлдэг эмэгтэйчүүдийн цорын ганц сэтгүүл. Эмэгтэйчүүдийг бүхий л талаар хөгжүүлж амжилтанд хөтөлдөг. Зөвхөн ажлын талбарт биш,  гоо сайхнаа хэрхэн гоё сайхнаар нь  хадгалж үлдэх вэ, хосын харилцаанд тулгараад байгаа асуудлаа яаж шийдэх вэ гэх зэргээр бүх талын амжилтанд хүргэдэг. Бүсгүйчүүдийн дотны найз болж чадсан. Уншигчидтайгаа байнга холбоотой байдаг сэтгүүл.

–    Cosmo-г монголоор гаргахад цаанаас нь мэдээж өндөр шаардлага тавьдаг байх?

–     1965 оноос хойш нэг бодлогоор гарч байгаа. Бусад 60 хувилбартаа яг нэг шаардлага тавьдаг. Зураг авалт,  өнгө, бичлэг гээд бүх зүйл нь өөрийн гэсэн стандарттай.   Космо өнгө хүртэл бий.

–    Тэгэхээр хэрэглэж болохгүй өнгө гэж байдаг байх нь ээ?

–    Cosmo өнгүүд их гэгээлэг байдаг. Орж болохгүй өнгө гэж байдаг. Бараан, бор, хар өнгөнүүдээс зайлсхийх заалтууд байдаг. Бүр өөрийн гэсэн Brandbook-тэй.  

–    Зураг авалт ч өөрийн гэсэн өндөр шалгууртай юу?

–    Тийм ээ. Cosmo коверийн зураг авалтаараа гэхэд бусад сэтгүүлээс ялгардаг. Cosmo зогсолт, харц, үс, хувцас гээд бүх зүйл нь тогтсон шалгууртай. Cэтгүүлд  орж байгаа бүх зургуудынхаа эрхийг  авсан гэдэг нь манай дугаарын нэг онцлог. Сэтгүүлүүдийн хувьд өмнө нь дандаа нетээс авчихдаг байсан бол Cosmo албан ёсны зөвшөөрлийг нь авч байгаа.   Монголд үүгээрээ анхдагч болж байна. Бид гэрэл зургийн мэргэжлийн  агентлагтай хамтарч ажиллаж байгаа. Энэ агентлагтай Cosmo-гийн бусад агентлагууд ч хамтардаг. 
 
–    Нийтлэлийн агуулгын 30 хувь нь монгол гэж байсан. Бүгдийг “Cosmopolitan”-ы төв редакци  руу явуулж уншуулах уу?

–    Бүгдийг нь явуулдаг. Cosmo-гийн төв редакцитай хамтран бэлдэж байгаа гэж  хэлж болно.

–    Cosmo-гийн Монгол хувилбарын эхний дугаарын ковер Николь юм байна.  Дараагийн дугаартаа Монголынхоо оддыг оруулах уу, эсвэл дандаа гадны оддыг оруулах уу?

–    Cosmo-гийн нүүрэнд гардаг охид бол хүсэл эрмэлзэл дүүрэн, амжилтын төлөө шаргуу ажилладаг, бусдад үлгэр жишээ болсон эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр заавал гадныхан байхгүй. Монгол эмэгтэйчүүдээ ч оруулна. Cosmo-гийн нийтлэлийн агуулгын бас нэг онцлог хэсэг нь сүүлийн үеийн судалгаанд суурилагдсан мэргэжилтнүүдийн зөвлөгөө байдаг. Cosmo-г эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа, сексийн мэргэжилтэн ч гэж үздэг.

–    Дэлхийн стандартад нийцсэн сэтгүүлийг монголчууд өөрсдөө гаргаж эхэлсэн гэдэг нь бахархалтай санагдаж байна.

–    Баярлалаа, үнэхээр сэтгүүл гэдэг ямар технологитой байдгийг Cosmo-г гаргах үед илүү ойлгож мэдэж байна. Сэтгүүлүүд мэдээллийг хэрэглээтэй уялдуулсан гайхалтай шийдлүүдийг гаргаж чадаж байна. Үүний хамгийн тод жишээ нь Cosmo.

–    Cosmo-г 120 сая бүсгүй уншдаг гэдэг, эрчүүд ч сонирхож уншдаг сэтгүүл гэж сонссон. Уншигчдынх нь хэчнээн хувь нь эрчүүд байдаг бол?

–    17 хувь нь эрчүүд гэсэн судалгаа бий.

–    Монгол Cosmo-гийн эхний дугаар хэдэн хувиар хэвлэгдэж байгаа вэ?

–    15 мянган хувиар хэвлэгдэж байгаа.

–    Хэзээнээс захиалганд орох вэ. Хэдэн төгрөгөөр худалдаалах бол?

–    Энэ жилийн 12 дугаар сараас захиалганд ороод явж байгаа.  Эхний дугаар нь энэ сард гарна. Манай сэтгүүлийн анхны уншигчид нь Cosmo love show-ны үзэгчид байх болно. Бид билет авсан хүмүүст Cosmo сэтгүүлээ бэлэглэнэ. Cosmopolitan-ы монгол хувилбарын үнэ 7000 төгрөг.

–    Дэлхийн сэтгүүлээр монгол бүсгүйчүүддээ бэлэг барьж, дэлхийн шоу зохион байгуулж байгаа танай хамт олонд амжилт хүсье. 

Зохиогчийн эрх:
"Өдрийн сонин"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж