Хуурамч хямдрал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хуурамч хямдрал эхэллээ

Гадаа хүйтний эрч чангараад, цас малгайлж, шинэ жил ирэх гэж байгааг байгаль өөрөө хэлж байна. Түүний хажуугаар байгууллагууд сүлд модоо засч, телевизээр шинэ жилийн дуу эгшиглээд л шинэ он гарах дөхлөө. Сэтгэл гэгэлзэм сайхан баяр. Энэ бүхний хажуугаар бүх л үйлчилгээний газрууд хуурамч хямдралын аян эхлүүлж, түүнийгээ сурталчлах шиг болж байна аа. Электрон бараа, Эрээний өмд, хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом гээд хямдрахгүй бараа гэж алга. Тэр бүү хэл бүх л баар, ресторан хүртэл хямдрал зарлаад байна.  Жаахан давслаад ярих юм бол бараан зах дээр барааны саван зарж суугаа наймаачин шинэ жилийг далимдуулж хямдрал зарлах шахна. Тэгээд зүгээр ч нэг хямдрахгүй бүр 50-70 хувь хүрч хямдарна гээд байгаа.  Үнийн дарамтад байдаг иргэдийн хувьд шинэ жилээс илүү сайхан мэдээ энэ л дээ. Үгүй бод л доо. 800 мянган төгрөгийн үнэтэй сүүлийн үеийн нимгэн зурагт 70 хувь хямдраад 240 мянга болбол уралдаад авдаг юм байгаа биз дээ. Даанч тийм сайхан завшаан тохиолдохгүй л дээ. Яагаад гэвэл манайд жинхэнэ үнэн бодит “хямдралын шуурга” хэзээ ч тавьж байгаагүй юм чинь.

Дандаа худлаа хямдрал. Зөвхөн шинэ жил гэлтгүй Цагаан сар, Мартын-8, Хүүхдийн баяр, Улс тунхагласны баяр, Наадам гээд монголчууд бидний тэмдэглэж дуусдаггүй  баяр бүхнээр хямдарч байгаа юм аа, тэр элдэв бараа чинь. Даанч бүгд хуурамч хямдрал. Гэхдээ шинэ жилийн баяраар ийм аян илүү их өрнөдөг болоод л онцлоод байна. Уг нь манайх шинэ жил юм уу, “Цагаан сар”-аар үнэн хямдардаг байвал сайхан л юм. Гэхдээ Америкт жилд нэг болдог шиг хямдралыг дууриана гэвэл бүтэхгүй байх аа. Манайд бусад өндөр хөгжилтэй орнууд шиг үндэсний үйлдвэр алга. Жижиг дунд үйлдвэрүүд нь тэгж 70 хувийн хямдрал зарлаж тоглоод байхаар хэмжээнд хүрч, хөл дээрээ тогтоогүй байна. Тэгэхээр гадаадаас зөөж авчирсан өндөр үнэтэй бараагаа яасан гэж тэгж хямдруулж зарах вэ дээ. Ёстой нөгөө “шатна” гэдэг нь болох байлгүй. Эсвэл худалдаж авсан, гаалийн татвар нэмсэн үнийнхээ 90 хувийг хасаад, 10 хувь ашиг олно гэж хүн чанар гаргаж, иргэдээ эрхлүүлж болох юм. Гэхдээ л тийм хүн чанартай олигархи манайд байхгүй л дээ.

Харин томоохон хэмжээний үндэсний үйлдвэрүүд зад хямдарч, үйлдвэрийнхээ үнээр жилд нэг удаа зарж болох юм даа. Ямар импортлогчид шиг хүний нутгаас зөөж ирэх гэж хүйтэн хөлсөө цувуулж байгаа биш. Гэтэл томоохон үндэсний үйлдвэрлэгчид ч бас хуурамч хямдралын шуурганд хүч хавсраад байна аа. Саяхан “Гоёо” компани жигтэйхэн хямдарч байгаагаа сурталчлаад байсан чинь телевизийнхэн очоод багийг нь хуулаад хаяагүй юу. Баларсан юм ч болсон доо. Уг нь “Гоёо” нэг удаа бүтээгдэхүүнээ 50 хувь үнэнээсээ хямдруулдаг бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүн олон л байх болов уу. Ноолууран цамц өмсөөд явахыг хүсч байгаа 100 мянган төгрөггүй ч 50 мянган төгрөгтэй хүн олон байгаа шүү дээ.  Зөвхөн “Гоёо” гэлтгүй кино театрууд, талх тариа ч гэсэн хямдарч болно шүү дээ.

Хямдарсан дээр нь хэдэн кино үзээд авах хүн жирийнээс лав 50 хувь илүү байна байх даа. Гэтэл энэ мэт хэрэг болох зүйл нь хямдрахгүй байж архи, пиво нь багагүй хямдарч байгаа юм аа. Хямдарсан дээр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтэй залуус захаасаа аваад л хөглөрнө. Архидан согтуурсан залуус бүх юмандаа хямдрал зарлаад, нийгэм тэр чигээрээ хямдралын шуурганд өртөнө дөө. Харин маргааш нь хямдралаа нөхөх, алдагдлаа олохоор бүх бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа юм. Хуурамч хямдралын дараа жинхэнэ өсөлт. Ингэж амьдарч таарахгүй ээ. Эсвэл нэг ч баяр тэмдэглэхээ больё. Үгүй бол хямдралын эсрэг хуультай болъё. Энэ хоёроос өөр хуурамч хямдралаас зугтах арга алга.

Н.ПУНЦАГБОЛД.

Зохиогчийн эрх:
 “Монголын мэдээ” сонин.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж