25 тэрбумын тохижилт чинь хаана байна, У.Болд дарга аа

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

25 тэрбумын тохижилт чинь хаана байна, У.Болд дарга аа

Манай сонин дүүргүүдийн тохижилтын  талаар  цуврал сурвалжлага хүргэж байгаа билээ. Төвийн гэгдэх дүүргүүд орчноо хэрхэн тохижуулсан талаар сурвалжлага хүргэсэн. Харин энэ удаад нийслэлийн хамгийн том гэгдэх Сонги­нохайрхан дүүргийг онцоллоо. Энэ он дүүргүүдийн хувьд нэлээд хөл хөдөлгөөн ихтэй өнгөрч байх шиг байна.  Нийс­лэ­лийн 371 жилийн ой, дүүргүүдийн дундах тохи­жилтын уралдаан гээд л хөдөлгөөнтэй байх шалтаг юу эс мундах вэ дээ. Тэр дундаа Сонгинохайрхан дүүрэг бүр ч хөдөлгөөнтэй байлаа. Хавраас эхлээд Засаг даргын асуудал шуугиан дэгдээсэн. Тэр дуулиан шуугианы хажуугаар энэ дүүрэг тохижилтын уралдаанд хэр амжилттай “хурдалсан”-ыг бага зэрэг сонирхлоо.  Сонирхох ч юу байх вэ дээ.  Тэртэй тэргүй нүдэнд харагдаж, гарт баригдахаар дорвитой ажил хийгээгүй л дээ. Магадгүй энэ дүүрэг тохижилтын уралдааны талаар сонсоогүй ч байж магад. Тэгж бодогдмоор муу оролцсон юм. Харин дүүргийн тохижилт үйлчилгээнийхэн нь юу юу хийхэд хэдэн төгрөг үрсэн гэж хэлэхийг сонирхсон юм.  Тэдний хэлж буйгаар Сонгинохайрхан дүүрэг  энэ онд 25 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн юм байх.   Уг нь бол 25 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийхэд дүүрэг нүүрээ угаасан юм шиг болохгүй юм аа гэхэд нүдэнд торох бүтээн байгуулалт хийж болохоор л мөнгө.  Гэтэл эднийхэн аар саар гэж хэлж болохоор зүйлд хэдэн саяар нь мөнгө үрснээ ам бардам хэлж байна аа, харин ч нэг. Юуны өмнө дүүргийн удирдлагууд өөрсдийнхөө эрүүл мэндэд нэлээд анхаарсан бололтой ЗДТГ-ын өмнөх талбайд усан хүрхрээ байгуулсан байгаа юм. Чулуун дээрээс ус урсч байгаа байдлаар загвартай хийсэн байна билээ, бас.  Харсан харсан. Харин тохижилтынхны хэлж байгаа шиг  1100 метр квадрат талбай зүлэгжүүлж,  110 ширхэг мод, 160 ширхэг сөөг  тарьж, 12.5 метр квадрат газарт  цэцгийн мандал хийснийг хараагүй л юм байна. Эсвэл тэр мод, цэцэг нь энгийн иргэдэд харагддаггүй юм байлгүй.  Нээрээ бас 315 метр квадрат явган хүний алаг чулуун зам, 140 мерт урт тоосгон суурьтай төмөр хашаа, найман ширхэг хогийн сав, 10 ширхэг сандал дүүргийн байрны ойролцоо суурилуулж,  улсын төсвөөс 35 сая, хотын төсвөөс 17,5 сая төгрөг үрсэн гэсэн. Мөнгөөр тоглож чадаж байгаа биз. Саяхан л Сонгинохайрхан дүүрэг ороход мод, цэцэг лав харагдахгүй байна билээ.  Энэ юу ч биш. 62 дугаар сургуулийн өмнөх найм, 14 дүгээр байрны таван контейнер нүүлгэж, хэдэн хогийн сав, модон сандал, сүүдрэвч, 360-хан метр явган хүний зам барихад  30 сая төгрөг үрээд хаячихсан байгаа юм даа. Хайран мөнгө. Тэр сүүдрэвчийг чинь миний мэдэхийн нэг мужаан 150 мянган төгрөгөөр хийж байсан юмдаг.  Тэгэхэд манай дарга нар 30 сая төгрөг үрж чадаад байгаа юм даа. Энэ чинь бас нэг авьяас шүү.   Энэ мэтчилэн зарим нэг хороо, байрны орчныг л тохижуулсан бололтой юм. Гэтэл Саппорогийн тойргоос эхлээд Драгон төв хүртэлх I  хорооллын төв замыг ерөөсөө тохижуулаагүй гэхэд болно. Уг нь өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг гол төв газраа тохижуулсан бол хүн харахад арай өөр байх байсан юм. Огт юу ч хийгээгүй биш л дээ. Өнгөрсөн хавар замын голд хар шороо асгаад, хашаа бариад байсан. Тэр талаараа дүүргийн тохижилтынхон хэлэхдээ 3400 метр урт төмөр хайс барьсан. Явган хүний есөн гарцыг тохижуулж, 34 ширхэг сандал, 34 ширхэг хогийн сав байрлуулж, 616 метр квадрат явган хүний зам барьсан. Манай дүүргийн хувьд төвд тооцогдох энэ хэсгийг ийнхүү тохижуулсан нь том ажил гэж ярьж байна билээ. Тэд  энэ их ажилд  145.7 сая төгрөг “түймэрдэж” хаясан гэсэн. Яг үнэндээ ногоон хашаа барьснаас өөр нүдэнд харагдах бүтээн байгуулалт тэнд чинь алга, У.Болд дарга аа. Хоёр жилийн турш өглөө болгон гардаг Цамбагаравын буудлын явган хүний гарц өчигдөрхөн бахь байдгаараа л байна лээ. Ядаж будаад сэргээгээгүй ч байна. Тэгсэн хэрнээ танай тохижилтынхон чинь уран панаал гэдгийг урсгаад сурчихсан байна.  Нэг жишээ хэлье.  Танай дүүрэг нийслэлийн Засаг даргын зарласан цэцгийн мандал байгуулах уралдаанд хамгийн хойрго оролцсон нь гэхэд болно. Бусад дүүргүүдийн хувьд янз бүрийн сэдэвт цэцгэн мандал хийсэн л байсан. Тэгсэн байж  16 дугаар хорооны нутаг дэвсгэр III үйлчилгээний төвийн урд талбайн цэцгийн мандлыг засварлаж хуучин хөрс, бордюурыг авч 9000 цэцэг суулгасан, баяр наадмын сэдэвтэй  хоёр элсэн баримал хийж суурилуулсан гээд байгаа юм аа. Хэдхэн шар цэцэг байсан нь үнэн л дээ. Гэхдээ 9000 гэдэг нь ч худлаа. Тэр элсэн баримлыг бол ёстой хараагүй юм байна. Эсвэл орой хийсэн элсэн баримал чинь шөнийн орсон бороонд урсчихаагүй л бол. Аа харин хэдэн хогийн сав тавьж, цэцгийн мандлыг нь будсан байсан. Бас л хий мөнгө үрсэн. Элсэн баримал хийж яах нь вэ дээ. Тэрний оронд харанхуй гэр хороололдоо хэдэн гэрэлтүүлэг тавиад, үерийн сувгийнхаа хогийг зөөчихсөн бол аятай юу. Гэрэлтүүлэг гэснээс саяхан 12 дугаар хороонд гэрэлтүүлэг тавьсан шүү, харин. Хар шөнөөр бүдэрч явдаг иргэдэд овоо буянтай ажил боллоо гэж бодож байтал “магтсан хүүхэн хуримандаа унгана” гэдэг шиг л болоод байна аа, ойрд. Нөгөө суурилуулсан 20 гаруйхан гэрлийнх нь тал нь тав хонохгүй асахаа болиод байна. Тэгээд ихэнх гэрлийг нь айлын хашаанд байгаа шон дээр суурилуулчихсан. Тэр айлын хашааг гэрэлтүүлэх гээд байгаа юм уу, хаашаа юм. Гэтэл гудамж нь харанхуй л байгаад байдаг. Байдал ийм байхад тус дүүргийн тохижилтынхон  12-17, 23-р хорооны гэр хороололд 180 ширхэг гэрэлтүүлэг байрлуулсан. Дүүргийн хэмжээнд 988 ширхэг  гэрэлтүүлэг шинээр тавьж, улсын төсвөөс 524 сая төгрөг үрэн таран хийснээ гайхуулаад сууж байна.  Яахаараа зарим газар нь шинээр гэрэлтүүлгийн шон зоосон байж яг 12 дугаар хорооны харанхуй хэсэгт айлын хашааны шон дээр гэрэл  байрлуулдаг юм. Бодвол хэн нэг нь шонгынх нь мөнгийг оймсныхоо түрийнд хавчуулаагүй байлгүй. “Харанхуй” гэж алдаршсан дэнжийн иргэд, 12 дугаар хорооныхон таныхаар бол өдөр шиг гэрэлтэй гудамжаар л гүйлдээд байгаа юм байна л даа, У.Болд дарга аа. Харин бодит байдал эсрэгээрээ л байна. Тэгээд нэг их мөнгөтэй хүмүүс өнөө хэдэн дутуу асч байгаа гэрлүүдээ өдөр унтраахаа мэдэхгүй юм. Өдөр асаах ч яамай байна. Шөнөд л дөмөгхөн асаавал сайнсан. Нээрээ нэг юм мартах шахлаа. 57.5 сая төгрөг үрэн 2, 14, 23-р хороонд явган хүний гүүр барьсан гээд байгаа. Хоёр дөмөгхөн махтай залуу зөрж чадахааргүй юм байна лээ.  Сонгинохайрхан  бол улсын төсвөөс татаас авдаг ганц дүүрэг. Гэтэл улсын тэр их мөнгийг энэ мэт юманд хамаа замбараагүй үрж байгаа хэрнээ бусад дүүргээс илүү гарч чадахгүй байгаадаа бага ч болов ичмээр юм.

Н.ПУНЦАГБОЛД.

Зохиогчийн эрх:
 “Монголын мэдээ” сонин.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж