
Сүүлийн саруудад ус нүдний гэм болж, гэр хорооллын хүүхдүүд худгаас худаг хэсэн ус хайж, орон сууцны айлууд ундны усаа нөөцлөдөг болжээ. Үүний учир шалтгаан нь цэвэр усны нөөц эрс багасч байгаатай холбоотой.
“Онги ус суваг” ТӨҮГ-аас гүнийн гурван худаг ажиллуулж, ард иргэдийг ундны усаар хангадаг боловч ус нь шавхагдан дуусч байгаагаас насосоо эвдэхэд хүрээд байгаа гэнэ. 1990-ээд онд дээрхи гүнийн худгуудын ус бараг амаараа хальж байсан бол одоо ундрага нь нэлээн багасаж, 20 гаруй метр доошилсон ба байгаагийн зөвхөн нэгнээс нь л нэг насос дангаараа шахаад Арвайхээр хотын нийт хүн амын усны хэрэгцээг хангадаг байсан бол одоо хоёр насос хамт шахаад ч дийлэхгүй байгаа аж. Гүний худаг хатахаас өмнө цэвэр усны шугам барьж байгуулахаар шийдвэрлэж, Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хийж гүйцэтгэхээр зураг төслийг гаргаж байгаа ч энэ ажил 2012 онд дуусгавар болно. Харин “Онги ус суваг” ТӨҮГ-ын дарга О.Цэрэндаваа “Хотын оршин суугчдыг 2012 он хүртэл ундны усаар хангана гэхэд ч их л хүнд байна. Ердөө жил гаруй хоногийн л цэвэр усны нөөц байгаа”гэж байлаа.
Арвайхээрийн хүн амыг усаар хангах хамгийн их нөөц нь Онгийн гол. Гэтэл уг голын эх ундрага дээр Өлтийн алтны уурхай ажиллаж, бохирдуулахын зэрэгцээ тогтсон гольдиролыг өөрчилж байгаагаас шалтгаалан голын усны хэмжээ эрс багасчээ.
Ус алтнаас илүү үнэд хүрэх цаг ирж ч мэдэх нь ээ. “Хар усыг харамладаггүй” гэх сэтгэлгээнээсээ салах нэгэнт болсныг байгаль эх өөрөө сануулж байна.