-Оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ. Үүний Монгол Улсад тусах эдийн засгийн өгөөж хэр байх вэ? Иргэний хөдөлгөөнийхөн бол үүнийг “ашиггүй” гэж үзэж, харин УИХ-ын нэр бүхий гишүүд “УИХ-ын тогтоолоор өгөгдсөн заалтууд зөрчигдлөө” гэж мэдэгдсэн?
-Оюутолгой бол дэлхийд нөөцөөрөө тавд орох орд. Шууд утгаараа 3000-4000 ажлын байр бий болгоно. Шууд бус утгаараа 10 мянган ажлын байр бий болгоно. Монгол Улсын эдийн засагт нэрлэсэн үнээрээ 40 гаруй триллион төгрөгийн хөрөнгө оруулалт оруулна. Монгол Улсын өнөөдрийн үндэсний нийт бүтээгдэхүүн 7.1 триллион төгрөг байдаг. Оюутолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар үүнээс даруй 6-7 дахин их хэмжээний хөрөнгө оруулалтыг авах бололцоо бүрдэнэ. Нэрлэсэн үнээр нь тооцож үзэхэд 53 хувийн ашгийг Монгол Улс авах тооцоо гарч байгаа. Өнөөгийн үнэ цэнээр нь тооцвол 66 хувийн ашиг авна. Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж байгаа хүмүүсийн зүгээс янз бүрийн мэдээлэл цацаж, хүмүүсийг төөрөгдүүлсэн зүйл бий. Засгийн газрын зүгээс тодорхой бодитой мэдээлэл өгсөн гэж бодож явсан ч бас л хангалтгүй байсан бололтой.
-УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэх асуудлыг юу гэж тайлбарлах вэ?
– УИХ-ын 57, 40 дугаар тогтоолын тухайд, тухайлбал, 40 дугаар тогтоол дээр татвар хураамжийг урьдчилгаа төлбөрөөр авч болно гэсэн заалт бий. Энэ бол зээл биш, урьдчилгаа төлбөр. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд УИХ-ын 57, 40 дүгээр тогтоолыг зөрчсөн нэг ч зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Тэгээд ч УИХ-ын гишүүд асуудлыг Засгийн газарт тавиагүй. Энэ асуудлыг анхаараач ээ гэж УИХ-ын даргад хандсан. УИХ-ын даргын хүсэлтээр энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед би илүү тодорхой тайлбарлана.
-Урьдчилгаа 250 сая ам.доллар хүүтэй зээл болоод хувирчихсан нь ямар учиртай юм ?
-Урьдчилгаа төлбөр дотроо олон янз. Тухайлбал, ямар нэг төлбөргүйгээр шууд авах бололцоо байдаг. Татвар хураамжийн төлбөрийг урьдчилж авах тохиолдолд өнөөгийн үнэ цэнэ, нэрлэсэн үнэ цэнэ гэсэн ойлголт гардаг. Үүн дээр хүү боддог. Оюутолгойн ордыг 2013 онд ашиглалтад оруулна. Бид нэг ёсны 2013 оноос төлөх ёстой татварыг 2009 онд авч байгаа юм. Тэр үед өгөх ёстой 100 сая ам.доллар, өнөөдөр өгөх 100 сая ам.долларын хооронд ялгаа их гарна аа даа. Үүнийг өнөөгийн үнэ цэнээр бодоод гаргахаар өнөөдрийн бидний тохирсон 2 хувийн хүү бол билэг тэмдгийн чанартай хүү болж байгаа юм. Ингэснээрээ монголчууд л хожиж байгаа. Хожиж байгааг өнөөдөр та нар мэдэрч байгаа. Энэ бол хэлэлцүүлгийн шатанд гарсан ахиц.
-Хожсон гэдгийг та ямар утгаар хэлээд байна вэ?
-2009 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр америк долларын ханш 1445 төгрөгтэй тэнцэж байсан. Өнөөдөр ам.доллар 1300-гаас доош орсон. Цаашид төгрөг дандаа чангарна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр авч байгаа доллар дөрвөн жилийн дараа ойролцоогоор 70-80 сая ам. доллар төлөх хэмжээний ашиг гарна. Тэгж байж өнөөгийн үнэ цэнэ гэдэг нь ойлгогдоно. Тийм учраас тодорхой хүү тавьдаг. Анх хэлэлцээрийн ширээний ард сууж байхад хөрөнгө оруулагчдын зүгээс урьдчилгаа төлбөрийн дундаж хүү 9,9, үүнийгээ америкийн хэрэглээний индекстэй тэнцүүлэх гэсэн асуудал тавьж байсан. Тийм учраас одоогийн хоёр хувийн хүү маш дэвшилттэй зүйл. Олон удаа стратегийн орд газрууд дээрээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа та бүхэн учрыг нь олно.
-Урьдчилгаа төлбөрийн 50 сая ам.доллар хэзээ орж ирэх боломжтой вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсоноос 14 хоногийн дараа 50 сая ам доллар орж ирэх ёстой. Бидний тохиролцсоноор хөрөнгө оруулагч тал дөрвөн сарын 2-нд чекээ өгөөд дөрвөн сарын 5-нд дансанд орж ирнэ гэдгийг албан ёсоор баталгаажуулсан. Тиймээс энэ 50 сая ам доллар, дараа орж ирэх 100 сая ам.доллар дээр бонд бичих шаардлагагүй болж байгаа. Яагаад эхний 100 сая ам.доллар дээр бонд бичсэн бэ гэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажих хүртэл зургаан сарын хугацаа байсан. Хэрвээ энэ хугацаанд гэрээ хүчин төгөлдөр болж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар эхний 100 сая ам.долларыг буцааж төлөх үүрэг хүлээх байсан учраас бонд бичсэн.
-Оюутолгойн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг хэзээ томилох вэ?
-Оюутолгой ХХК-ийн ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний гурав нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Төрийн өмчийн хорооноос томилогдоно. Засгийн газрын зүгээс томилох гурван хүнд үндсэн гурван шаардлага тавьж байгаа. Бүх хурал нь англи хэл дээр явагдах учраас англи хэлтэй байх. Монгол Улсын эрх ашгийг Удирдах зөвлөл дээр төлөөлөх, Удирдах зөвлөл дээр хэлэлцсэн асуудлыг олон нийтэд иргэдэд хүргэж байх үүрэгтэй. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу Засгийн газраар хэлэлцүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөввлөлөөр хэлэлцээд Төрийн өмчийн хороонд танилцуулна. Энэ ажлыг ойрын хугацаанд хийнэ.
Г.Дарь