Төсвөө танаснаар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Төсвөө танаснаар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна

Европын орнууд төсвөө танаснаар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна

Евро бүсийг төдийгүй олон улсын зах зээлийг бүхэлд нь сандаргаж байгаа зүйлсийн нэг бол яах аргагүй Ирландын төсвийн алдагдал юм. Европын холбоо, Олон улсын валютын сангаас тус улсад санхүүгийн тусламж өгч, Ирландын Засгийн газар түүнийг нь хүчээр авч байж сая тэр төсвийн алдагдал, га­даад өрийн хэмжээг нь буу­руулах нааштай ирээдүй харагдана хэмээн албаны хүмүүс нь дүгнэсэн байх юм. Гэхдээ тэрхүү зээлийг эр­гүү­лэн төлөхийн тулд татвараа нэмж, нийгмийн халамж үйл­чилгээнд зарцуулах хөрөнгөө багасгасан нь ирландчуудын дургүйцлийг төрүүлжээ. Тэд үүнийг эсэргүүцэж бүх ний­тийг хамарсан жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан бай­на. Гэсэн ч Ирланд ирэх дөрвөн жилийн төсөвтөө сан­хүүгийн тусламжаар ирэх мөнгийг багтаан тусгажээ.

Өнгөрсөн долоо хоногт Брюссельд Евро бүсийн Сан­гийн сайд нар хуралдаж, 15 тэр­бум еврогийн зээл өгөхөө эцсийн байдлаар баталсан. Түүнээс 10 тэрбум еврог Ир­ландын Засгийн газрын өдөр тутмын зардалд зориулах бол үлдсэн таван тэрбум еврог тогтворгүй болоод байгаа банк­ны салбарыг сэргээхэд зар­цуулах магадлалтай юм. Ямартай ч ирэх онд тус улс төсвийн алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувь­тай тэнцэх хэмжээнд хүр­тэл бууруулах аж. Энэ оны байдлаар тус улсын төсвийн алдагдал ДНБ-ий 32 хувьтай тэнцэх  урьдчилсан тооцоотой байгаа юм. Ирландын Ерөн­хий сайд Брайн Каун “Евро бүсийн орнууд 2014 он гэхэд төсвийн алдагдлаа гурван хувь болгон бууруулах зо­рилтдоо    хүрэхийн тулд хам­тарч ажиллахаас өөр ар­гагүй болжээ” хэмээн мэ­дэгдсэн байна. Тус улсын парламент өнгөрсөн сарын сүүлээр ирэх дөрвөн жилийн төсвөө баталсан. Үүнд тус­гаснаар ирэх оноос төс­вийн ажилчдын тоог 24750-аар цөөлөх юм. Ин­гэснээр шинээр ажилд орогс­дын ца­лин хөлсөнд зар­цуулах хө­рөнгийн хэмжээ 10 хувиар багасах аж. Түүнчлэн нийт төс­вийн ажилчдын цалин хан­гамжид төсөвлөсөн 2.8 тэрбум еврог бууруулж, 1.2 тэрбум евро болгожээ. Ир­ландын Засгийн газрын өр 2013 онд дотоодын нийт бү­тээгдэхүүний 102 хувьтай тэн­цэх бол 2014 онд 100 хувь болж буурахаар тооцсон байна. Гэхдээ ажилгүйдлийн түвшин ихэсч, 2014 он гэхэд 13.6 хувьд хүрэх магадлалтай юм. “Гэсэн ч энэ бол төсвийн хамгийн боломжит, таатай хувилбар юм” хэмээн Ир­ландын Сангийн сайд Брайн Ленихан дүгнэжээ. Түүнчлэн тус улс аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, бүтээн байгуулалтын салбарт зарцуулах хөрөнгөө 2013 он гэхэд гурван тэрбум евро болгон бууруулахаар болсон байна. Тэтгэврийн насыг 2014 он гэхэд 66 болгож, 2021 онд 67, 2028 онд 68 болгон нэмэх аж. Ирландчууд ч үхэн үхтлээ ажиллах бололтой. Харин НӨАТ-ыг 2013 он гэхэд 22 хувь болгон нэмэхээр болжээ. Ирландын Засгийн газар ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө 1.75 хувь байна гэж тооцсон аж. Харин 2014 он хүртэлх дундаж өсөлт нь 2.75 хувь байхаар боджээ.

Евро бүсийн орнуудын нийтлэг жишгээр Францын Зас­гийн газар ч мөн адил ирэх оны төсвөө нэлээд хэмжээгээр танасан юм. Тус улсын төсвийн алдагдал ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцэхээр тооцжээ. Энэ онд уг үзүүлэлт 7.7 хувь­тай гарсан билээ. Харин эдийн засгийн өсөлт 2011 онд хоёр хувьтай байна гэж үзжээ. Төсвийн алдагдлаа бууруулж, 2014 он гэхэд гурван хувьд хүргэхийн тулд юун түрүүнд тус улс 30 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь ха­лах шийдвэр гаргасан байна. Татварын орлого 10 тэрбум евро байх аж. Гэхдээ тус улсын дотоод өр сүүлийн таван жилийн дотор хоёр да­хин ихэссэн. Өөрөөр хэл­бэл, Францын Засгийн га­зар хөрөнгө оруулагчдаас олон тэрбум еврогийн зээл авч байна гэсэн үг. Харин түүнээсээ ердөө 10 тэрбум ев­рог нь төлөх чадвартай байгаа юм. Энэ нь нэлээд шүүмжлэлийн бай болсон гэж “BBC” агентлаг мэдээлжээ. Францын Засгийн газар зард­лаа 286.4 тэрбум евро болгон бууруулсан байна. Тус улсын хувьд тэтгэврийн насыг 62 болгон нэмэх гэх зэргээр зардлаа аль болох багасгахыг хичээсээр байгаа билээ. Энэ нь мөн л францчуудын дургүйг хүргэж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Саркози дахин сонгогдох магадлалыг буу­руулсан гэхэд хилсдэхгүй.

Харин манай хойд хөрш ОХУ-ын хувьд төсвийн алдаг­дал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувь­тай тэнцэж байгаа аж. Энэ талаар тус улсын Сан­гийн сайд Алексей Кудрин мэдэгджээ. ОХУ-ын Төрийн дум 2010 оны төсвөө бат­лахдаа дотоодын нийт бүтээг­дэхүүний өсөлт дөрвөн хувь­тай байна гэж тооцсон. Гэх­дээ бодит байдал дээрээ 3.8 хувьтай байгаа гэдгийг албаны хүмүүс нотолжээ. Мэ­дээж төсвийн алдагдал ихэсч, эдийн засгийн өсөлт буурах болсон нь өнгөрсөн зун болсон их хэмжээний ган гачиг, ой хээрийн түй­мэртэй холбоотой болохыг үгүйсгээгүй юм. Үүнээс болж тус улсын үр тарианы гу­равны нэг нь сүйдсэн би­лээ. Ямартай ч тус улсад ирэх онд инфляцийн түвшин долоон хувь болж нэмэгдэнэ гэх тооцоо байгаа. Ирэх оны төсвөө хэлэлцэх үеэр төрийн мэдлийн “Газпром” тэргүүтэй компаниудын ашгийг на­рийн тооцсон нь мэдээж юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмит­рий Медведев улс ор­ныхоо эдийн засгийг бүрэн утгаар нь шинэчлэх зорилт тавьсан. “Модерницичлах” хэ­мээн тодорхойлж буй уг шинэч­лэлийн хүрээнд ойрын тав, 10 жилийн төлөвлөгөө бо­ловсруулах бололтой. Гэх­дээ Дэлхийн худалдааны бай­гууллагад элсэн орох нь эцсийн байдлаар батлагдаагүй учир гадаад худалдааны нөхцөл байд­лаа эцсийн байдлаар то­дорхойлоход хүндрэлтэй бай­гаа юм. Ирэх онд төсвийн нийт хөрөнгө 8.8 их наяд рубль байх аж. Энэ нь 2010 оныхоос 12.5 хувиар өссөн дүн болжээ. Төсвийн алдагдал тус улсад 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6, 2012 онд 3.1, 2013 онд 2.9 хувьтай тэнцэхээр тооцжээ. Төсвийн алдагдлаа ийн буур­на гэж үзэж байгаагийн гол шалтгаан нь газрын тосны үнэтэй холбоотой юм. Газрын тос, байгалийн хийн экспорт ОХУ-ын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг. Тэгвэл тэд 2015 он хүртэлх хугацаанд нэг баррель газрын тосны үнэ 75-78 ам.доллар байна хэмээн тооцжээ.

Одоогийн байдлаар олон улсын зах зээл дээр нэг баррель газрын тус дунджаар 85 ам.доллар орчим байгаа. Өчигдрийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тос­ны үнэ 39 центээр өсч, 84.5 ам.доллар болжээ. Зарим шин­жээчдийн үзэж байгаагаар хэтдээ 80 ам.доллараас буу­рахгүй гэж дүгнэх болсон. Харин ОХУ-ын Засгийн газ­рын шинжээчид үнийг нь 75 ам.доллараар тооцож байгаа юм. Өмнө нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээ­гүүр тооцоолсноос болж ал­дагдалд орсон тухайгаа ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин Тө­рийн думын хуралдааны үеэр онцолж байжээ. Төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд тус улс эхний ээлжинд тө­рийн мэдлийн томоохон нэг­жүүдийнхээ хувьцааг олон улсын бирж дээр гаргах за­маар мөнгө босгохыг зорьж байгаа билээ.

Хятадын хувьд эдийн за­саг нь хүчирхэг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой байгаа гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэхдээ ирэх сараас эхлэн тус улсын Сангийн яам хувьцааны ху­далдаанаас олох ашиг, орлогод 20 хувийн татвар ногдуулах шинэ хууль хэрэгжүүлж эх­лэх юм. Ер нь сүүлийн үед Хятадын Засгийн газар инфля­цитай тэмцэх зорилгоор тат­варын орчны шинэчлэлд нэ­­лээд анхаарах болжээ. Өөрөөр хэлбэл, татварын ху­­вийг нэлээд хэмжээгээр  нэ­мэгдүүлж байгаа юм. Ту­хайлбал, үл хөдлөх хө­рөнгийн зах зээлд үнийн хөө­рөгдөл гаарч буйгаас мөн л татварыг нь өсгөсөн байна. Гэхдээ дэлхийн валютын нөө­цийн дийлэнхийг өөртөө төвлөрүүлчихээд байгаа тус орны хувьд төсвийн алдагдал нь тун бага хэмжээтэй байгаа юм. Гэхдээ банкны тогтолцоо нь тогтворгүй болж байгаа учраас Хятадын төв банк зээ­лийн орчныг чангатгаж, бод­логын хүүгээ нэмсэн билээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж