
Евро бүсийг төдийгүй олон улсын зах зээлийг бүхэлд нь сандаргаж байгаа зүйлсийн нэг бол яах аргагүй Ирландын төсвийн алдагдал юм. Европын холбоо, Олон улсын валютын сангаас тус улсад санхүүгийн тусламж өгч, Ирландын Засгийн газар түүнийг нь хүчээр авч байж сая тэр төсвийн алдагдал, гадаад өрийн хэмжээг нь бууруулах нааштай ирээдүй харагдана хэмээн албаны хүмүүс нь дүгнэсэн байх юм. Гэхдээ тэрхүү зээлийг эргүүлэн төлөхийн тулд татвараа нэмж, нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулах хөрөнгөө багасгасан нь ирландчуудын дургүйцлийг төрүүлжээ. Тэд үүнийг эсэргүүцэж бүх нийтийг хамарсан жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан байна. Гэсэн ч Ирланд ирэх дөрвөн жилийн төсөвтөө санхүүгийн тусламжаар ирэх мөнгийг багтаан тусгажээ.
Өнгөрсөн долоо хоногт Брюссельд Евро бүсийн Сангийн сайд нар хуралдаж, 15 тэрбум еврогийн зээл өгөхөө эцсийн байдлаар баталсан. Түүнээс 10 тэрбум еврог Ирландын Засгийн газрын өдөр тутмын зардалд зориулах бол үлдсэн таван тэрбум еврог тогтворгүй болоод байгаа банкны салбарыг сэргээхэд зарцуулах магадлалтай юм. Ямартай ч ирэх онд тус улс төсвийн алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл бууруулах аж. Энэ оны байдлаар тус улсын төсвийн алдагдал ДНБ-ий 32 хувьтай тэнцэх урьдчилсан тооцоотой байгаа юм. Ирландын Ерөнхий сайд Брайн Каун “Евро бүсийн орнууд 2014 он гэхэд төсвийн алдагдлаа гурван хувь болгон бууруулах зорилтдоо хүрэхийн тулд хамтарч ажиллахаас өөр аргагүй болжээ” хэмээн мэдэгдсэн байна. Тус улсын парламент өнгөрсөн сарын сүүлээр ирэх дөрвөн жилийн төсвөө баталсан. Үүнд тусгаснаар ирэх оноос төсвийн ажилчдын тоог 24750-аар цөөлөх юм. Ингэснээр шинээр ажилд орогсдын цалин хөлсөнд зарцуулах хөрөнгийн хэмжээ 10 хувиар багасах аж. Түүнчлэн нийт төсвийн ажилчдын цалин хангамжид төсөвлөсөн 2.8 тэрбум еврог бууруулж, 1.2 тэрбум евро болгожээ. Ирландын Засгийн газрын өр 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 102 хувьтай тэнцэх бол 2014 онд 100 хувь болж буурахаар тооцсон байна. Гэхдээ ажилгүйдлийн түвшин ихэсч, 2014 он гэхэд 13.6 хувьд хүрэх магадлалтай юм. “Гэсэн ч энэ бол төсвийн хамгийн боломжит, таатай хувилбар юм” хэмээн Ирландын Сангийн сайд Брайн Ленихан дүгнэжээ. Түүнчлэн тус улс аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, бүтээн байгуулалтын салбарт зарцуулах хөрөнгөө 2013 он гэхэд гурван тэрбум евро болгон бууруулахаар болсон байна. Тэтгэврийн насыг 2014 он гэхэд 66 болгож, 2021 онд 67, 2028 онд 68 болгон нэмэх аж. Ирландчууд ч үхэн үхтлээ ажиллах бололтой. Харин НӨАТ-ыг 2013 он гэхэд 22 хувь болгон нэмэхээр болжээ. Ирландын Засгийн газар ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө 1.75 хувь байна гэж тооцсон аж. Харин 2014 он хүртэлх дундаж өсөлт нь 2.75 хувь байхаар боджээ.
Евро бүсийн орнуудын нийтлэг жишгээр Францын Засгийн газар ч мөн адил ирэх оны төсвөө нэлээд хэмжээгээр танасан юм. Тус улсын төсвийн алдагдал ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцэхээр тооцжээ. Энэ онд уг үзүүлэлт 7.7 хувьтай гарсан билээ. Харин эдийн засгийн өсөлт 2011 онд хоёр хувьтай байна гэж үзжээ. Төсвийн алдагдлаа бууруулж, 2014 он гэхэд гурван хувьд хүргэхийн тулд юун түрүүнд тус улс 30 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халах шийдвэр гаргасан байна. Татварын орлого 10 тэрбум евро байх аж. Гэхдээ тус улсын дотоод өр сүүлийн таван жилийн дотор хоёр дахин ихэссэн. Өөрөөр хэлбэл, Францын Засгийн газар хөрөнгө оруулагчдаас олон тэрбум еврогийн зээл авч байна гэсэн үг. Харин түүнээсээ ердөө 10 тэрбум еврог нь төлөх чадвартай байгаа юм. Энэ нь нэлээд шүүмжлэлийн бай болсон гэж “BBC” агентлаг мэдээлжээ. Францын Засгийн газар зардлаа 286.4 тэрбум евро болгон бууруулсан байна. Тус улсын хувьд тэтгэврийн насыг 62 болгон нэмэх гэх зэргээр зардлаа аль болох багасгахыг хичээсээр байгаа билээ. Энэ нь мөн л францчуудын дургүйг хүргэж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Саркози дахин сонгогдох магадлалыг бууруулсан гэхэд хилсдэхгүй.
Харин манай хойд хөрш ОХУ-ын хувьд төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувьтай тэнцэж байгаа аж. Энэ талаар тус улсын Сангийн сайд Алексей Кудрин мэдэгджээ. ОХУ-ын Төрийн дум 2010 оны төсвөө батлахдаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дөрвөн хувьтай байна гэж тооцсон. Гэхдээ бодит байдал дээрээ 3.8 хувьтай байгаа гэдгийг албаны хүмүүс нотолжээ. Мэдээж төсвийн алдагдал ихэсч, эдийн засгийн өсөлт буурах болсон нь өнгөрсөн зун болсон их хэмжээний ган гачиг, ой хээрийн түймэртэй холбоотой болохыг үгүйсгээгүй юм. Үүнээс болж тус улсын үр тарианы гуравны нэг нь сүйдсэн билээ. Ямартай ч тус улсад ирэх онд инфляцийн түвшин долоон хувь болж нэмэгдэнэ гэх тооцоо байгаа. Ирэх оны төсвөө хэлэлцэх үеэр төрийн мэдлийн “Газпром” тэргүүтэй компаниудын ашгийг нарийн тооцсон нь мэдээж юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев улс орныхоо эдийн засгийг бүрэн утгаар нь шинэчлэх зорилт тавьсан. “Модерницичлах” хэмээн тодорхойлж буй уг шинэчлэлийн хүрээнд ойрын тав, 10 жилийн төлөвлөгөө боловсруулах бололтой. Гэхдээ Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орох нь эцсийн байдлаар батлагдаагүй учир гадаад худалдааны нөхцөл байдлаа эцсийн байдлаар тодорхойлоход хүндрэлтэй байгаа юм. Ирэх онд төсвийн нийт хөрөнгө 8.8 их наяд рубль байх аж. Энэ нь 2010 оныхоос 12.5 хувиар өссөн дүн болжээ. Төсвийн алдагдал тус улсад 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6, 2012 онд 3.1, 2013 онд 2.9 хувьтай тэнцэхээр тооцжээ. Төсвийн алдагдлаа ийн буурна гэж үзэж байгаагийн гол шалтгаан нь газрын тосны үнэтэй холбоотой юм. Газрын тос, байгалийн хийн экспорт ОХУ-ын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг. Тэгвэл тэд 2015 он хүртэлх хугацаанд нэг баррель газрын тосны үнэ 75-78 ам.доллар байна хэмээн тооцжээ.
Одоогийн байдлаар олон улсын зах зээл дээр нэг баррель газрын тус дунджаар 85 ам.доллар орчим байгаа. Өчигдрийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тосны үнэ 39 центээр өсч, 84.5 ам.доллар болжээ. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар хэтдээ 80 ам.доллараас буурахгүй гэж дүгнэх болсон. Харин ОХУ-ын Засгийн газрын шинжээчид үнийг нь 75 ам.доллараар тооцож байгаа юм. Өмнө нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээгүүр тооцоолсноос болж алдагдалд орсон тухайгаа ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин Төрийн думын хуралдааны үеэр онцолж байжээ. Төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд тус улс эхний ээлжинд төрийн мэдлийн томоохон нэгжүүдийнхээ хувьцааг олон улсын бирж дээр гаргах замаар мөнгө босгохыг зорьж байгаа билээ.
Хятадын хувьд эдийн засаг нь хүчирхэг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой байгаа гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэхдээ ирэх сараас эхлэн тус улсын Сангийн яам хувьцааны худалдаанаас олох ашиг, орлогод 20 хувийн татвар ногдуулах шинэ хууль хэрэгжүүлж эхлэх юм. Ер нь сүүлийн үед Хятадын Засгийн газар инфляцитай тэмцэх зорилгоор татварын орчны шинэчлэлд нэлээд анхаарах болжээ. Өөрөөр хэлбэл, татварын хувийг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл гаарч буйгаас мөн л татварыг нь өсгөсөн байна. Гэхдээ дэлхийн валютын нөөцийн дийлэнхийг өөртөө төвлөрүүлчихээд байгаа тус орны хувьд төсвийн алдагдал нь тун бага хэмжээтэй байгаа юм. Гэхдээ банкны тогтолцоо нь тогтворгүй болж байгаа учраас Хятадын төв банк зээлийн орчныг чангатгаж, бодлогын хүүгээ нэмсэн билээ.
Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин