УИХ-ын зарим гишүүдийн тавьсан асуултын хариу

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын зарим гишүүдийн тавьсан асуултын хариу

1.Ашигт малтмалын тухай хуулийн 30.1-ийн ордын нөөц, техник, эдийн засгийн үндэслэлтэй холбогдсон заалт хэрэгжсэнгүй. УИХ дээр гэрээг хийх зөвшөөрөл өгөх үеэр танилцуулагдаж байсан тус ордын зэс, алтны нөөцийн 44 орчим хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэлгүйгээр ТЭЗҮ-ийг өчигдөр хүлээн авлаа.

Оюутолгойн зэс-алтны бүлэг үндсэн орд газарт 1997-2008 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр геологич Д.Гарамжав, Т.Мөнхбат, Г.Нийслэлхүү, Стефен Торр, Бэрни Петерс нарын зохиосон тайлан болон уг тайланд С. Баттулга (ахлагч нь), М. Тодбилэг (нарийн бичгийн дарга), Ч.Цогтбаатар, С.Авирмэд, У.Борчулуун, Г.Тамир, М.Ариунбаяр, Ж. Бямбаа,  Г. Сандуйжав нарын хийсэн шинжээчийн дүгнэлтийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хурлаар хэлэлцсэн.

 Оюутолгойн бүлэг ордын хайгуулын ажлыг зохих арга, аргачлалын дагуу хийж нөөцийг нь тогтоосон тул уг бүлэг ордын Геологийн нийт нөөцийг  хүдрээр 6,45 тэрбум тонн, зэсээр 45 сая тонн, алтаар 1838 тонн, молибденоор 157 мянган тонн,  мөнгөөр 12049 тонноор 100 хувь бүртгэж авсан. Үүнээс үр ашигтай нөөц хүдрээр 2,67 тэрбум тонн, зэсээр 25,3 сая тонн, алтаар 1028 тонн, молибденоор 81600 тонн, мөнгөөр 6144 тонн тодорхой нөхцөлд ашигтай нөөц хүдрээр 3,7 тэрбум тонн, зэсээр 19,6 сая тонн, алтаар 810 тонн, молибденээр 75500 тонн, мөнгөөр 5905 тонноор Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нөөцийн ангилалын шаардлага хангасан, геологи, хайгуулын ажил нь дууссан бүх нөөцийг 100 хувь бүртгэж авсаныг Эрдэс, баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаар тушаалаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн болно.

Техник эдийн засгийн үндэслэл нь Оюутолгой ордын эдийн засгийн үр ашигтай нөөцөд тулгуурлан Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэнд үндэслэн боловсруулагдсан.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн Оюутолгойн ордын ТЭЗҮ-ийг хэлэлцэх хуралдаанаар “ЭБМЗ-ийн 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 15-01 дүгээр дүгнэлтээр бүртгэгдсэн Эдийн засгийн үр ашигтай 25.3 сая тонн зэс бүхий 2.67 тэрбум тонн хүдрийн нөөц дээр тодорхой нөхцөлд ашигтай 19.6 сая тонн зэсийн нөөцөөс 5.7 сая тонн, 810 тонн алтны нөөцөөс 130 тонн, 5905 тонн мөнгөний нөөцөөс 1457 тонн бүхий 706 сая тонн хүдрийн нөөцийг, “эдийн засгийн үр ашигтай” нөөцөд шилжүүлэн нэмж, эдийн засгийн үр ашигтай нөөцийн хэмжээг 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт,  7601 тонн  мөнгө бүхий 3.38 тэрбум тонн хүдрээр тооцон нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Тодорхой нөхцөлд ашигтай үлдэж буй 14 сая орчим тонн зэсийн асуудлыг техник, технологийн шинэчлэл, металлийн зах зээлийн үнэ, байгууллагын өөрийн үйл ажиллагааны зардал багассан тохиолдол бүрт эдийн засгийн үр ашигт тооцоог нь хийж тодотгол хийж байхыг, харин ямар ч тохиолдолд  ТЭЗҮ-дээ 5 жил тутам тодотгол хийж байхаар Оюу толгой ХХК-д үүрэг болгосон.

Иймд Оюутолгойн бүлэг ордуудын “ордын зэс, алтны нөөцийн 44 орчим хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэлгүйгээр ТЭЗҮ-ийг өчигдөр хүлээн авлаа” гэж үзэх нь үндэслэлгүй.

2.УИХ-ын 40 дүгээр тогтоол болон 57 дугаар тогтоолд "Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох" гэж заасан боловч, хөрөнгө оруулагчаас 250 сая ам.долларыг жилийн 5 хувийн хүүтэй зээл авахаар болсон байна. Түүнчлэн энэ зээлийн урьдчилгааны 100 сая ам.долларыг урьдчилгаа төлбөр гэж олон нийтэд ойлгуулсны шалтгаан тодорхой бус байна.

Яриа, хэлэлцээний үр дүнд урьдчилгаа төлбөрийг хүүгүй 25 сая, 9.9 хувийн хүүтэй 100 сая, нийтдээ 125 сая ам.доллар байсныг 3 хувийн хүүтэй 250 сая ам.доллар болгож өсгөхөөр тохиролцсон.

Улсын Их Хурлын 40, 57 дугаар тогтоолуудад албан татварын тодорхой хэсгийг авахаар заасны дагуу дээр дурьдсан урьдчилгаа төлбөрийг авахаар тохирсон бөгөөд аливаа санхүүгийн эх үүсвэр нь цаг хугацааны үнэ цэнэтэй байдагтай холбоотойгоор дээрх хэмжээний хүүгийн хувь хэмжээг хэлэлцэн тохирсон.
    
3.УИХ-ын 57 дугаар тогтоолын "3 дугаар зүйлд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай" гэсэн заалт огт хэрэгжээгүй байна.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу уг ордын ашиглалтын лиценз эзэмшигч болох Айвенхоу Майнз Монголиа Инк компанийн 34 хувийг шууд эзэмших асуудал яриа хэлэлцээний үед тулгуур асуудлуудын нэг болсон. Хэлэлцээний үр дүнд тус ордод ашиглалт явуулах Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК–ийн 34 хувийг Засгийн газар шууд эзэмшихээр харилцан тохиролцсон.

Улсын төсвийн оролцоогүйгээр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ашигт малтмалын ордод эзэмших төрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь шинээр хөрөнгө оруулах гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт хийх сонирхолыг бууруулж, ингэснээр уг салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ багасах сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй байсан ч Монголын талын оролцоог цаашид 50 хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж энэхүү гэрээг 30 жилийн дараа сунгах үед Монголын тал нэмэлт 16 хувийг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу шилжүүлэн авах эрхтэй байхаар Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д тусгаж тохиролцсон.

4.Эдгээр гэрээний "…энэ төсөлтэй холбогдсон зарим урсгал зардал улмаар Менежментийн үйлчилгээний төлбөрийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно" гэсэн заалт нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байна.

      УИХ-ын нэгдсэн чуулганы 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар батлагдаж 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд  “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ыг тодорхойлсон.

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “12.1.Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:

12.1.6.урсгал засварын зардал;

12.1.9.бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс” гэж заасан байдаг.
        
           Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.16-д “… урсгал засварын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр /түүний дотор менежментийн үйлчилгээний төлбөр/-ийг татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж тусгасан.  
         
          Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн удирдлагын зардалд төлсөн төлбөрөөс 20 хувийн албан татвар төлнө”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “энэ хуулийн …17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу Суутгагч буюу “Оюу толгой” ХХК-д Монгол Улсад байрладаггүй аж ахуйн нэгжийн үзүүлсэн үйлчилгээний төлбөрт суутгагч 20 хувийн албан татварыг суутган авч ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлэн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон санхүүгийн тайланд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс буюу хасагдах зардалд тооцно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу гарсан зардлаас зохих суутгалыг хийж, төсөвт төлсний дараа тайлан балансад хасагдах зардалд бүртгэнэ.

   
5. УИХ-аас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг энэ төсөлд зориулж 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчингүй болгох хууль баталсан. Энэ татвар хүчингүй болоогүй өнөөдөр ч гэсэн Эрдэнэт үйлдвэр төлсөөр байгаа нь хууль батлагдсан боловч хүчин төгөлдөр болоогүйг харуулж байна. Ийм байхад хүчин төгөлдөр болоогүй хуулийг үндэслэж гэрээ хийсэн нь УИХ-аас "зөвхөн Монгол улсын хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн гэрээг хийх" гэсэн заалтыг зөрчиж байна.

2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцох тухай хуулийг УИХ-ын 2009 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан.
2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль, 2009 оны 8 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль ч бүх аж ахуйн нэгжүүдэд нэгэн адил үйлчилнэ.
Иймд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа УИХ-аар батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлж баталсан болно.
          Дашрамд дурдахад хууль нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, дотоодын валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, алт олборлогчид олборлосон алтаа зөвхөн банкуудад, банкууд нь Монголбанкинд худалдах, дотоодын алт олборлогчдыг урамшуулах, үйлдвэрлэлийг дэмжих шаардлагыг хуулиар бүрдүүлэх зорилготой юм.

6. Гэрээг хүчинтэй болохоос өмнө УИХ-аас Засгийн газарт нөөцийн татварын 5 хувийг шаталсан хэлбэрийн шинэ татвараар солихоор хууль өргөн барих чиглэл өгөгдсөн боловч, одоогоор ямар ч ажил хийгдээгүй байна.

УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Сангийн яамнаас өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар судалгааг хийж, хуулийн төслийг боловсруулан яамдаас санал авахаар 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлж, холбогдох яамдаас саналыг авч байна. Хуулийн төслийг 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэх болно. 

 Уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл хөгжсөн улс орны туршлагаас харахад ашигт малтмал, газрын тосны үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл ашигт хувьсах орлогын албан татвар, нөөцийн ашгийн татвар, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг татварыг ногдуулж үнийн өсөлтөөс бий болсон нэмэлт ашгийн тодорхой хэсгээс тухайн улс хувь хүртэж байна. Тухайлбал Намиби, Уганда, Өмнөд Африк, Замби зэрэг улсууд ашигт малтмалын үнийн өсөлтөд хувьсах орлогын албан татварыг, Либер, Гана зэрэг улсууд нөөцийн ашгийн татварыг ногдуулдаг бол Австрали Улсын “Queensland” мужид ашигт малтмалын үнийн өсөлтөөс шалтгаалан өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг байна.  

          Хувьсах орлогын албан татварын хувь хэмжээ нь тухайн хөрөнгө оруулагчийн ашигт ажиллагааны түвшинд суурилсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулагчийн ашигт ажиллагааны түвшин нь зөвхөн үнийн өсөлтөөс хамаардаггүй бөгөөд түүний удирдлага менежментээс ихээхэн хамаарч байдаг тул хувьсах орлогын албан татварыг ногдуулах нь зөвхөн ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогод татвар ногдуулахгүй байх нөхцөл бүрдэх эрсдэлтэй. Нөгөө талаас, хувьсах орлогын албан татвар нь ашигт ажиллагааны түвшинд суурилсан тул хөрөнгө оруулагчийн зүгээс ашигт ажиллагаагаа бууруулах сонирхлыг нэмэгдүүлдэг сөрөг талтай тул орлогын найдвартай эх үүсвэр болж чадахгүй байх талтай юм.

          Нөөцийн ашгийн татвар нь хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн түвшин, ашигт ажиллагаанд суурилдаг тул хувьсан орлогын албан татварын бүх сул талыг агуулсан байдаг. Түүнчлэн хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн түвшинтэй уялддаг татварын төрөл тул хөрөнгө оруулагчийг оруулсан хөрөнгө оруулалтаа тодорхой хувийн өгөөжийг нөхөх хүртэл төсөвт орлого төвлөрдөггүй. Энэ утгаараа нөөцийн ашгийн татвар нь орлогын тогтвортой эх үүсвэр биш бөгөөд төслийн эхний жилүүдэд төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаас гадна хэрэгжүүлэхэд нилээд хүндрэлтэй татварын төрөл юм.  

          Харин өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нь зөвхөн үнийн өсөлтөд суурилсан тул зөвхөн ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөд татвар ногдуулах бөгөөд хэрэгжүүлэхэд хялбар, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болдгоороо бусад төрлийн татвараас давуу байдаг.

          Уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн улс орнуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, үнэ ханш зэргээс хамааруулан ялгавартай тогтоодог ба төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо орлогын албан татварын хувь хэмжээ, орчин зэрэг уул уурхайн салбарын татварын ачааллыг цогцоор нь авч үздэг. Уул уурхайн үйл ажиллагаа идэвхитэй явагддаг улс орны туршлагаас харахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 0-12 хувиар ногдуулдаг байна. Гол төлөв алт болон үнэт чулуунд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ бусад ашигт малтмалд ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээнээс харьцангуй өндөр байдаг байна. Уул уурхайн өндөр үйлдвэрлэл хөгжсөн бусад улс орны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, орлогын албан татварын орчин, мөн Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ, орчин зэргийг харгалзан, ашигт малтмалын үнийн өсөлттэй уялдуулан өсөн нэмэгдэх ашигт малтмалын төлбөрийн дээд хэмжээг 5 хувиар тогтоож (үндсэн хувьтай нийлээд нийтдээ 10 хувь), ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байна. 
    
           Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүн болох зэс, зэсийн баяжмал, цайр, цайрын баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жоншны баяжмал зэрэг 10 төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд эдгээр бүтээгдэхүүнийг хамруулахаар тусгасан.

          Өнөөгийн мөрдөгдөж буй зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар нь зөвхөн алт, зэсийн үнийн өсөлтөд ногддог бол өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нь одоогийн байдлаар экспортод гарч буй 12 төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ногдох юм. Цаашид шинэ төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлох тохиолдолд уг бүтээгдэхүүнд өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар хуульд нэмж тусгах болно.

        Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь өнөөгийн мөрдөгдөж буй зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвартай харьцуулахад харьцангуй татварын дарамт багатай татварын төрөл юм. Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн үнэ 7000.0 ам.долларт хэлбэлзэж байх тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нэг тонн цэвэр зэсэнд 2448.0 ам.долларын зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг төсөвт төлөх бол өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн шатлалын дагуу нэмэлт 4 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 280.0 ам.долларыг төлөхөөр байна. Эндээс харахад зэсэнд ногдох өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас даруй 8.7 дахин бага татварын ачааллыг өгч байгаа юм.

        Хэрэв дэлхийн зах зээл дээрх нэг унци алтны үнэ 1100.0 ам.долларт хэлбэлзэж байвал нэг унци алтанд ногдох алтны үнийн өсөлтийн албан татвар 170.0 орчим ам.доллар байхад өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн шатлалын дагуу нэмэлт 3 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 33.0 орчим ам.долларыг төлөхөөр байгаа бөгөөд алтанд ногдох өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь алтны үнийн өсөлтийн албан татвараас даруй 5.2 дахин бага татварын дарамтыг татвар төлөгчид өгч байна. 

       Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлснээр төсөвт нийт 95.0 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрөхөөр байна.

       Ийнхүү Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг ногдуулах нь уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагчийн өөрийн үйл ажиллагаанаас үл хамаарсан, зөвхөн гадаад зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогын тодорхой хэсгээс Монгол Улс хувь хүртэх хууль, эрх зүйн орчин бүрдэх бөгөөд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш өндөр байх үед төсвийн орлогын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэх болно.             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж