
ХӨСҮТ-өөс гэр оронгүй, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг шинжилгээнд хамруулж, тэдэнд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна. Тус эмнэлгийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Уртнасан “Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс уг өвчний талаар ямар нэгэн мэдээлэлгүй байдаг. Гэртээ телевиз үзээд сууж байдаг хүмүүс ч үнэндээ хангалттай ойлголтгүй байгаа шүү дээ. Ганцхан өнөөдөр ч биш хүмүүсийг ирсэн цагт нь байнга мэдээлэл, зөвлөгөө өгдөг” гэлээ. Харин Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс ХДХВ/ДОХ-ын вирусээр өвчилсөн зарим хүнд хөдөлмөр эрхлэхэд нь туслах ажлыг зохион байгуулсан байна. Улмаар жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийн хүрээнд хэд хэдэн хүнд нэг сая хүртэлх төгрөгийн зээлийг байгууллагаараа дамжуулан авч өгөхөөр болсон талаараа хэлж байв. МУБИС-ийн буудлын хажууд шар цамцтай, энгэртээ улаан тууз хадсан хоёр хүнтэй таарсан юм. Тэд Монголын сайн дурынхны төвийн гишүүн бөгөөд “Идэр” дээд сургууль дээр мэдээлэл хийхээр явж байгаа аж. Тус төв нь 500 орчим гишүүнтэй гэнэ. ДОХ-ын хор хөнөөлийг сурталчлах, өвчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Харин өчигдөр 200 орчим нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарт уг өвнөөс урьдчилан сэргийлэхийг уриалсан аудио хуурцаг тарааж, сайн дурын гишүүд нь их, дээд сургуулиудаар орж оюутнуудад мэдээлэл өгчээ.
Монголын сайн дурынхны төвийн захирал Б.Цэвэлмаагаас зарим асуултад хариулт авлаа.
-ДОХ-той тэмцэхэд сайн дурын байгууллага, ТББ-уудын оролцоо хэр байгаа вэ?
-ДОХ-той тэмцэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, уг өвчний талаарх иргэдийн хандлагыг өөрчлөхөд сайн дурын байгууллага, залуусын оролцоо хамгийн чухал байдаг. Төр засгаас хичнээн ч бодлого боловсруулаад үр дүнд хүрэх нь бага. Хамгийн гол нь өсвөр үеийнхэн, залууст уг өвчний хор хөнөөлийг сайн таниулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь хамгийн чухал. ДОХ-оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалахад манай төв хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хүүхдүүдийн дотуур байранд гэхэд л тэдний эрхэнд халдах магадлал өндөр байдаг юм билээ.
-Та энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд ДОХ-ын вирусаар өвчилсөн хүмүүсийн эрх ашиг ямар хэмжээнд байна гэж үзэж байна вэ
-Зөрчигдөж байгаа. Одоогийн байдлаар уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тал хувь нь ажилгүй, 15 орчим хувь нь оюутан, сурагч байна. Ажилд орох гэхээр эрүүл мэндийн, ДОХ-ын шинжилгээ өг гэдэг. Төрийн албан хаагчийн анкет дээр ч ийм юм байдаг юм билээ. Энэ нь ДОХ-той бол ажилд авахгүй гэсэн үг биз дээ.Тэдний ихэнх нь хамт олонтой болно гэхээс илүүтэйгээр хувийн бизнес эрхлэхийг чухалчилдаг. Хүмүүс мэдчихвэл яана гэж айж явдаг юм. Хүмүүс уг өвчнөөс өөрсдийгөө хамгаалж, өвчилсөн хүмүүсийг үзэн ядах биш хамтдаа бүхнийг даван туулдаг байх нь чухал.
МУБИС-ийн оюутан Б.Өлзиймолом:
-Мэдээлэл авч чадаж байгаа. Гэхдээ хангалттай бус. Сургууль дээр зөвхөн жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд л сурталчилгааны материал тарааж, мэдээлэл хийдэг. Манай улсад ДОХ-ын өвчтэй хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа. Ихэнх хүмүүс тэднийг жигшиж хүлээж авдаг.
Дэлхийн ихэнх улс оронд уг өвчнөөр өвчлөгсдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ихээхэн анхаарлаа хандуулдаг. Харин уг өвчнөөр өвчилсөн Монгол Улсын иргэдийн ихэнх нь “Хүмүүс биднийг үзэн ядахгүй, бидний зовлонг ойлгодог байвал сайхан” хэмээх чин хүслээ нуудаггүй юм. Хүмүүсээс “Таны таньдаг хэн нэгэн ДОХ-оор өвчилчихвөл та урьдын хэвээр хандаж чадах уу” хэмээн асуухад ихэнх нь итгэлгүй байгаагаа хэлж байлаа. Дэлхий дахинд хүний дархлал хомсдолын вирус хэмээх цар тахлын анхны тохиолдлыг 1981 онд бүртгэж байсан билээ. Тэр цагаас хойш анагаах ухаанд эмчлэх жорыг нь олж чадахгүй байгаа энэхүү өвчин одоогоор дэлхийн 27 сая хүний амь насыг авч одсон байна. Харин манай улсад уг өвчний анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 83 тохиолдол илрээд байгаа юм. Албан ёсны мэдээгээр манай улсад 500 орчим хүн уг өвчний вирусийг тээж явдаг аж. Халвартай хүмүүсийн дотор тодорхой хаяггүй, орон гэргүй, нэн ядуу, архи уудаг, ижил хүйстнээ сонирхох хандлагатай, биеэ үнэлдэг, ямар нэг шаардлагаар гадаадад тодорхой хугацаагаар зорчдог хүмүүс олон байдаг хэмээн ДОХ-той тэмцэх үндэсний сангаас мэдээлсэн юм. Манай улс ХДХВ/ДОХ тархах магадлал өндөртэй орны нэгд тооцогддог. Тэр дундаа залуус өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг юм байна.
Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин