Уурхайд хийсэн шалгалт төрд дүн тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Уурхайд хийсэн шалгалт төрд дүн тавилаа

Ашигт малтмалын газраас саяхан уул уурхайн компаниудад шалгалт хийж, 28 аж ахуйн нэгж Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ батлуулалгүй ашиглалтын үйл ажил­лагаа явуулж байсныг илрүүлсэн. Ноцтой гэж болох хэрэг илрүүлсэн болоод ч тэр үү, тэд энэ талаараа сүр бадруулан мэдээлсэн билээ.

Төрийн захиргааны эрх бүхий байгууллага нь хариуцсан салбартаа хяналт тавьж, сайн ажиллаж байна гэж харагдахын тулд ингэхээс ч аргагүй л байх. Гэхдээ дээрх үйл явдлын цаад мөн чанарыг ухаж үзвэл зөвхөн аж ахуйн нэгжүүд бус, Ашигт малтмалын газар хийгээд холбогдох төрийн байгууллагууд ч хууль зөрчсөн байж магадгүй болоод байна. Учир нь ТЭЗҮ-ээ батлуулахгүйгээр ашиглалтын үйл ажил­лагаа явуулах нь зөвхөн аж ахуйн нэгжээс шалтгаа­лахгүй. Аль нэг компани хайгуулын лиценз эзэмшиж  буй талбайдаа эхлээд хайгуу­лын үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалын орд, нөөцөө тогтоох учиртай. Үүний дараа уг нөөцийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш тухайн ордыг ашиглах зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, уурхай барьж байгуулах ажил­даа орно. Эдгээр нь ашиглалтын лиценз олгох үндсэн шалгуур болдгийг энэ салбарт хөл тавьсан хэн бүхэн мэдэх учиртай. Дээрх шат дамжлага нь ашиглалтын өмнөх үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон энэ асуудлыг хариуцах төрийн захиргааны байгууллагын хооронд “Ашиглалтын өмнөх гэрээ” байгуулсны үнд­сэн дээр явуулах хуультай. Өөрөөр хэлбэл, ашиглалтын үйл ажиллагаанаас өмнө заавал ТЭЗҮ боловсруулсан байх шаардлагатайгаас гад­на төрийн эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгосны дараа ажлаа эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр “ТЭЗҮ-ээ батлуулаагүй 28 уурхай ажиллаж байсан, түүнийг нь Ашигт малтмалын газар ил­рүүлсэн. Тэгээд бас хариуцлага тооцно” гээд байгаа нь инээдтэй биш гэж үү. Яагаад гэвэл өнөөдөр бүхэл бүтэн аж ахуйн нэгж байтугай муу нэртэй, луу данстай нинжа нар ч хаа тааралдсан газраа дураараа ухаж төнхөөд байдгаа больж байгаа. Холбогдох хууль эрх зүйн орчныг нь ч бүрдүүлээд өгчихсөн. Тиймээс аль нэг компани ямар ч зөвшөөрөл авалгүйгээр уурхайн үйл ажиллагаа явуулж байна гэдэгт үнэмших хүн гарах уу. Уул уурхайн салбарт увайгүй үйлдэл газар авсан нь үнэн. Гэхдээ заавал хэн нэг эрх мэдэлтний хариуцлагагүй үйлдлээс юм уу, төрийн байгууллага ажлаа муу хийснээс болж тэд давардаг. Хэн ч зөвшөөрөл өгөөгүй байхад хүссэн газраа бүхэл бүтэн уурхай бариад ухаж төнхөөд байна гэж лав байхгүй.

Гэхдээ яах вэ. Ашигт малтмалын газраас хийсэн дээрх шалгалтыг үр дүнтэй боллоо гэж дүгнэж болно. Яагаад гэвэл хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг ил болгоод зогсохгүй төрийн эрх бүхий байгууллагагууд ямар түвшинд ажиллаж, ямар жонхуу зуурч суудгийг түмний өмнө өөрсдөө дэлгээд тавьчихлаа шүү дээ. Олны анхаарлын төвд үргэлж байдаг Оюутолгой, Тавантолгой гэх мэт том ордын ТЭЗҮ-д ч асуудал үүсч маргаан дэгдээд байдаг юм чинь нүднээс далд чихнээс хол жижиг уурхайнуудад энэ зэргийн алдаа дутагдал байлгүй яах вэ гэх хүн байж магадгүй. Тэгвэл уучлаарай, тийм байж таарахгүй. Уул уурхайн үйл ажиллагаа явуулна гэдэг нарийн боовны цехтэй адилгүй. Ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд ядах юмгүй засч залруулдаг ч эд биш. Ашиг олохоос өөрийг боддоггүй хүмүүс, ажил үүргээ мэддэггүй төрийн байгууллагуудын алдаанаас болж байгаль орчин, нийгэм, эдийн засагт бишгүй их хохирол учирч байна. Ийм хохирол учруулахгүйн тулд л энэ олон яам, агентлагийнхан иргэдийн татвараар цалинжиж суудаг биш билүү. Анхаасаа хяналт тавьж чадаагүй байж дараа нь шалгалт хийх нэрээр баахан мөнгө үрж, бас тэрхүү илэрсэн зөрчлийг нь арилгана гээд мөн л мөнгө зарцуулна. ТЭЗҮ-гүй 28-аас гадна уулын ажлын тайлангаа баталгаажуулаагүй 32, төлөвлөгөөгүй 23, уурхайг нь улсын комисс хүлээж аваагүй 109 уурхай байсан гэж байгаа. Энэ бол ердөө л ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа 132 талбайгаас илэрсэн зөрчил. Хэрэв улсын хэмжээнд нэгдсэн шалгалт явуулах юм бол ямар замбараагүй тоо гарах нь эндээс харагдаж байна. Зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдэд зохих арга хэмжээ авсан л гээд байгаа. Ямар арга хэмжээ авсныг тодруулбал “Зөрчил ихтэй аймаг, сумдад уул уурхайн мэргэжлийн хүмүүсийг хяналтын байцаагчаар ажиллуулах, холбогдох стантартуудыг мөрдүүлэх шийдвэр гаргасан” гэх. Одоогоор яг хэдэн хүн, хаана ажиллах нь тодорхойгүй байна. Хяналт тавих үүрэг бүхий мэргэжлийн байгууллага орон нутгийн өнцөг булан бүрт ажиллаж байхад аж ахуйн нэгжүүдийг алдаа гаргахаас сэргийлэх үүрэгтэй хүмүүсийг шинээр ажиллуулах гээд байгаа нь хачирхалтай. Тэр хүмүүс цалинтай ажиллах нь тодорхой шүү дээ. Үгүй ядах нь ээ алдаанаас сэргийлэх бус, алдааг нь залруулах үүрэгтэй бол бас яах вэ гэхсэн. Уг нь бороо орсны дараа бус, өмнө нь юм уу яг орж байхад нь цув нөмрөх ёстой л доо. Гэхдээ энэ удаад бүх юм болоод өнгөрсөн учраас сэргийлэх үүрэгтэй хүн ажиллуулах нь утгагүй хэрэг. Төр анхнаасаа хяналт тавьж, хариуцлага тооцох үүргээ биелүүлэх ёстой байсан. Ямартай ч гавьяа байгуулсан мэтээр мэдээлээд байсан дээрх үйл явдал төрийн ажилд тохирох дүнг нь автоматаар тавьчихлаа.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж