Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хуралдаж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ээлжит бага хурал Мексикийн Канкун хотноо үргэлжилж байна. Энэ сарын 10 хүртэл үргэлжлэх тус бага хуралд 190 орчим орны Засгийн газар, НҮБ болон олон улсын бусад байгууллага, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн 25 мянга шахам төлөөлөгч оролцож байгаа аж. Бага хурлын нээлтийн ажиллагаанд Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч ноён Ф.Калдерон оролцож үг хэлсэн бол хурлын даргаар тус улсын Гадаад хэргийн сайд хатагтай П.Еспиноса сонгогджээ.

    Бага хурлын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын бага хурлын 16 дугаар чуулган, Киотогийн протоколд оролцогч Талуудын 6 дугаар чуулган, Конвенцийн хоёр туслах байгууллага болон холбогдох бусад байгууллагын хуралдаанууд болж байна. Энэ өдрүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль, уур амьсгалд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөгжиж буй орнуудын чадавхи бэхжүүлэх, санхүүгийн механизм бүрдүүлэх зэрэг Конвенцийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын хэмжээнд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг батлахад оршиж буй. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаралт бууруулах талаар аж үйлдвэржсэн  орнуудын Киотогийн протоколоор хүлээсэн үүргийн хугацаа 2012 онд дуусах учир 2012 оны дараа тэдгээр орны хүлээх үүргийг шинэчлэн тогтоох шинэ баримт бичиг батлахаар төлөвлөж байгаа аж.

    Сонирхуулахад, бага хурлын төгсгөлд буюу 7-10-нд болох өндөр хэмжээний уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх оролцож үг хэлэх юм байна.

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж