МАХН-ын түр штабын зохицуулагч Н.Удвалыг шүүхэд өглөө

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

МАХН-ын түр штабын зохицуулагч Н.Удвалыг шүүхэд өглөө

Монгол ардын намд бус МАХН-д гишүүнчлэлтэй байх хүсэлтэй тус намын гишүүд нийгэмд байр сууриа илэрхийлж эхэлсэн нь өдгөө Монголын улс төрийн гол үйл явдлын нэг болоод байгаа билээ. Тэгвэл энэ талаар МАН-ын зүгээс ямар хууль зүйн тайлбар тавьж буйг нь тодруулах үүднээс Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх Ш.Раднаасэдтэй ярилцлаа.

-МАХН гэдэг нэр Монгол Ардын нам гэдэгтэй хавсарга байдлаар хэрэглэгдэх үү. Аль эсвэл архивын дурсгал, дурсамж болоод үлдэж байна уу гэдэгт юун түрүүнд хариулт өгөхгүй юу?

-Энэ нэр архивын дурсгал, дурсамж болно гэж байхгүй. Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д “Улс төрийн нам өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, билгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт бий.

Ийм заалт байсаар байхад “Тийм юм байхгүй” гэж зүтгээд байж болохгүй. Энэ утгаараа Монгол Ардын хувьсгалт нам гэдэг нэр МАН-ын өмчлөлд 100 хувь байгаа гэж ойлгож болно. Энэ нэрийг манай намын зөвшөөрөлгүйгээр өөр хэн нэгэн этгээд ашиглах боломжгүй.

-Гэхдээ энэ тайлбар “Ашиглаж болно” гэж үзэж буй хүмүүсийн хувьд хангалттай санагдахгүй байгаа бололтой юм билээ?

-Тэгвэл асуудлыг бүр холоос татаж авчирч тайлбарлаж болно шүү дээ. Намыг улс төрийн намын болон хуулийн этгээдийнх нь хувьд хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Улс төрийн намынх нь хувьд дээрх заалт хангалттай үндэслэл. Хуулийн этгээд гэдэг үүднээс нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагддаг. Энэ хуульд намын өөрчлөлт хөдөлгөөнийг зохицуулсан хоёр зүйл байгаа. Үүний нэг нь болох улсын бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулах асуудлыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Намын 26 дугаар их хурлаар нэрээ өөрчилсөн шийдвэр нь үүнд хамаарна. Ингэхдээ уг хуулийн 11.2 дахь хэсэгт Улсын бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөлт оруулсан мэдээллийг давхар хадгалдаг. Өөрөөр хэлбэл Монгол Ардын хувьсгалт нам гэсэн нэр нь Монгол Ардын намын нэрийн бүртгэлд давхар бүртгэгдэн хадгалагдана гэсэн үг. Энэ хуулийн дагуу Засгийн газраас баталсан 2004 оны 20 дугаар тогтоол болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 371 дүгээр тушаалын дагуу МАХН гэсэн нэрийг зөвхөн Монгол Ардын намын зөвшөөрлөөр бусад этгээд авч болно.

-Тэгвэл танайхаас зөв­шөөрөөгүй бол МАХН гэсэн нэрийг дахин ашиглах боломж цаашдаа хаалттай хэвээр үлдэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Зөвхөн нам татан буугдсан тохиолдолд түүний нэрийг зургаан сарын дараа бусад этгээд авч ашиглах боломж нь нээгдэнэ. Татан буугдсан гэдэгт дампуурсан, шүүхээс үйл ажиллагааг нь тараасан, аль эсвэл нэгдэж нийлэх замаар нэрээ өөрчилсөн гэдэг ойлголт хамрагддаг. Тэгвэл манай нам татан буугдаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Мөн Оюуны өмчийн хууль тогтоомжийн хуулийн хүрээнд 2004 онд МАХН-ын билгэдэл, далбаа, нэрийг өөр хэн нэгэн ашиглах боломжгүйгээр МАХН өмчилж авсан. Ийм гурван хуулийн заалтаар МАХН-ын нэрийг өөр хэн нэгэн авч ашиглах ямар ч боломжгүй.

-Тэгвэл энэ намд гишүүнчлэлтэй 160 гаруй мянган гишүүн нь намын гишүүнийхээ хувьд нэрийг нь өмчлөх эрхтэй байж болно гэдэг тайлбарыг ч сөргүүлээд тавьж болох л юм?

-Улс төрийн намын тухай хуульд “Намын нэрийг өөрчлөх асуудалтай санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд өмнөх нэрийг нь өмчлөх, үргэлжлүүлэн ашиглахыг хориглоно” гэсэн заалт бий.  

-МАХН гэсэн нэрийг сэргээх хүсэлтэй хүмүүс “МАХН-ын түр штаб” байгуулаад ажиллаж байна. Та энэ үйл ажиллагааг шууд утгаар нь бас л хууль бус гэж дүгнэх үү?

-Аливаа хуулийн этгээд эрх зүйн чадамжтай байж үйл ажиллагаа явуулах ёстой. Эрх зүйн чадамжтай болсноор нийгмийн харилцаанд өөрийгөө төлөөлж оролцох хууль ёсны эрхтэй болно. Харин улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол нийгмийн харилцаанд оролцох эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Нэгэнт тэр хуулийг зөрчиж, нийгэмд гэм хор учруулсан бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээх л ёстой. Наад зах нь Оюуны өмчийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг. Энэ тохиолдолд хамгийн хүнддээ баривчлах хүртэл заалт хуульд байдаг.

-Сөрөг саналтай гишүүдийн хувьд бид МАН гэдэг нэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас гишүүн нь биш. Иймд МАН-ын удирдлага бидэнд хариуцлага тооцох боломжгүй гэж байгаа?

-Намын нэрийг өөрчлөхөд бүх гишүүний дуу хоолойг сонсч, олонхийн саналаар асуудлыг шийдсэн. Энэ утгаараа одоогийн МАН-ын дүрэм бол МАХН-ын дүрэм гэсэн үг. МАХН-ын гишүүн бол МАН-ын гишүүн байна. Хэрвээ шинэчлэлийн бодлого, нэр таалагдахгүй байгаа бол өргөдлөө өгөөд албан ёсоор намаас гарах эрх нь нээлттэй байгаа.

-Тэгвэл МАН гэсэн товчлол нь улсын бүртгэлд байгаа албан ёсны нэр томъёотой давхцсан. Энэ нь хууль зөрчсөн гэдэг тайлбарын тухайд.Эхний үндэслэл нь гэхэд Ардчилсан намын гадаадад харилцаандаа ашигладаг Монголын Ардчилсан нам гэдгийг МАН гэсэн товчлолтой давхцсан байна гэдэг үндэслэл зөв болж таарах нь уу?

-Үгүй ээ. Улсын Дээд шүүхийн 2006 оны аравдугаар сарын 30-ны өдрийн Улс төрийн намын тухай хуулийн 6.2 дахь хэсгийг тайлбарласан заалтад “Улс төрийн намын нэрийн товчлол нь авиан дуудлага болон бичлэг, хэлбэрийн хувьд давхцаагүй байх ёстой”  гэсэн байдаг. Тэгэхээр МАХН гэсэн энэ дөрвөн үсгийн дунд ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ хийгээд ч ашиглаж болохгүй гэж ойлгож болно. Мөн энэ дөрвөн үсгийг нийлүүлээд дуудаж байгаа адилхан тийм авиатай адил товчлол ч байж болохгүй гэсэн үг. Ардчилсан намын хувьд Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Ардчилсан нам буюу АН гэсэн товчлолоор бүртгүүлсэн. Иймд давхцсан зүйл байхгүй.

-Монголын анчдын нийгэмлэг гэдэг товчлол МАН-тай давхцаж байгаа нь асуудал биш гэж үү?

-Тухайн хуулийн этгээдийн ард зохион байгуулалтын хэлбэрийг нь хуулиар зааж өгсөн байх ёстой. Монгол Ардын нам бол улс төрийн нам. Монголын анчдын нийгэмлэг бол төрийн бус байгууллага. Зохион байгуулалтын ийм хоёр ялгаа байгаа учраас энд хуулийн заалт зөрчсөн зүйл байхгүй. Харин “Монгол Ардын нам” гэсэн нэртэй ХХК байвал үүнийг хуулиар давхцал гэж үзээд, давхардуулан ашиглах боломжгүй гэдгийг тодорхой заасан байгаа.

-МАХН-ын Онц их хурлыг хуралдууллаа гэхэд энэ үйл ажиллагааг танайхаас хориглох арга хэмжээ авах уу?

-Зохион байгуулж байгаа МАХН-ын түр штаб нь хууль бус учраас Онц их хурал нь ч хууль бус гэсэн үг.

-Танайхыг энэ асуудлаар шүүхэд хандсан гэж дуулсан?

-Өчигдөр намын Хяналтын ерөнхий хорооноос хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор намын дүрмээр олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу МАХН-ын тэр штабын зохицуулагч Н.Удвалыг шүүхэд өгсөн. 

-Монголын социал демократ намыг дахин байгуулж болоод байхад МАХН-ыг болохгүй байгаа нь өөрөө бас асуудал юм биш үү?

-Тухайн үеийн хуулийн орчинд бол боломжтой байсан. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийг 2005 онд баталсан. Бид түр хуулийг барьж ажиллаж байгаа.

-Ц.Шинэбаяр гишүүн өөрийн хүсэлтээр МАН-аас татгалзаж, УИХ дахь МАН-ын бүлэгт орохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ сонголтод танайхаас хариуцлага хүлээлгэнэ гэдэг мэдэгдэл гаргасан байсан?

-Намаас албан ёсоор гарснаар намын бүлгээс гарах ёстой. Түүнээс бус албан ёсны бус яриагаар шийдэх боломжгүй.

-Тэгэхээр албан ёсоор намаас гараагүй учраас удирдлагын зүгээс намын дүрмийн дагуу хариуцлага тооцох боломжтой гэсэн үг үү?

-Болно оо, болно. Сая намын дүрэмд гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх талаар нэлээд том өөрчлөлт оруулсан. Тэр дагуу асуудлыг ярих бүрэн боломжтой.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж