
Афганистан, Иракт явуулж буй АНУ-ын дайнтай холбоотой 460 мянга гаруй нууц материалыг дэлгэсэн Wikileaks вэбсайтынхан өнгөрсөн ням гарагт тус улсын олон улс дахь Элчин сайдын яамны 250 мянган нууц материалыг дэлгэж ээлжит шуугианыг тарьсан юм. Wikileaks вэбсайтын захирал, ерөнхий эрхлэгч Жулиан Ассанж “Форбес” сэтгүүлийн сурвалжлагч Энди Грийнбергт сайтынхаа ирээдүйн талаар ярилцлага өгчээ.
-Танд хараахан олон нийтэд дэлгээгүй нууц материалууд байгаа гэж дуулсан?
-Байгаа. Бид нууц материал дэлгэх ажилдаа багагүй амжилт олсон. Гэхдээ бидний нийтлэх хурд болон материал илрүүлж, олж авах хурд хоёрын дунд бага зэрэг саад гарч байгаа. Манай сайтын материал дэлгэх явц нэр хүнд өсөхтэй зэрэгцэн сайжирч байгаа юм. Ингэснээр бидний нийтлэх боломж ч илүү нээлттэй болж байна.
-Өнгөрсөн удаагийнхаас илүү том асуудалтай холбоотой материал дэлгэх үү?
-Тийм ээ. АНУ-ын банкны талаар.
-Таны бай?
-АНУ-ын том банкууд.
-Хамгийн томыг нь уу?
-Энэ талаар тайлбар өгөхгүй.
-Тэгвэл хэзээ олон нийтэд дэлгэх вэ?
-Ирэх жил. Би үүнээс өөр зүйл яримааргүй байна.
-Та үүнээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан банкууд хэрхэн үе шат ахиж, хөрөнгийн шалгалт хийж, шинэчлэл явуулдаг талаар гүнзгий ойлголтыг олон нийтэд өгнө. Ингэснээр ямар нэгэн тухайлсан тохиолдол, зөрчлийн тухай ил болно шүү дээ. Ийм зүйлд “Энроны шуудан”-гийн жишээ л хангалттай. Яагаад энэ бүхэн үнэ цэнэтэй гэхээр Энроныг дампуурахад шүүх хурлынх нь үеэр тус банкны гадаад болон дотоод ажилчдаас төдийгүй холбоотнуудаас ч гэсэн нууц үйл ажиллагааг нь илчилсэн мянга мянган шуудан илгээж байсан шүү дээ. Үүний хүчинд л Энроны асуудлыг шийдвэрлэж чадсан юм. Wikileaks-ийн хувьд ч яг үүнтэй адил байх болно. Ингэснээр бид Иракийн дайны явц болон гарз хохирол, амиа алдагсдын тухай олон нийтэд ил болгосон шүү дээ. Хамгийн гол нь аливаа асуудлын талаар маш тодорхой мэдээлэлтэй болно гэсэн үг.
-Тэгвэл банкууд хэр их хөрөнгө алдсан бол?
-Бид шалгаж байгаа. Миний хэлж чадах зүйл гэвэл банкууд ёс зүйгүй аашилдаг. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн гээд хэлчихвэл хэтэрхий эртдэнэ. Тиймээс бид маш болгоомжтой хандах хэрэгтэй.
-Та өмнө нь Wikileaks-т “ВР” групптэй холбоотой материалууд хадгалагдаж байгаа гэж хэлж байсан?
-Маш их материал бий шүү. Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн, шүүхийнхэн, иргэдийн ирүүлдэг маш олон мэдээллийн хэчнээн нь үнэн болохыг мэдэхгүй. Тиймээс шалгаж үзэх шаардлагатай.
-Оросын хэвлэлүүдэд таныг тус улсын компаниуд болон улс төрчдийг онилж байгаа гэж мэдээлсэн байна лээ. Харин би Wikileaks-ийн эх сурвалжууд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан гэж дуулсан?
-Хэрэв Оросын Холбооны улсын аюулгүйн алба хөндлөнгөөс оролцоогүй бол эх сурвалжууд маань мэдээллээ харамгүй өгөх байлаа. Гэхдээ бидэнд Оросын Засгийн газар, бизнес эрхлэгчидтэй холбоотой маш олон баримт бий.
-АНУ, Хятадын тухайд?
-АНУ аль хэдийнэ хохирогч болчихсон шүү дээ.
-Байгаль орчны асуудлаар материал бий юү. Жишээ байвал хэлээч?
-Энэ тал дээр бүх асуудлыг хөндөнө. Нэг жишээ дурьдъя. “Техас Канадын газрын тос”-ны компани надаас зугтаж байсан. Яагаад гэвэл тус компаний Албани дахь хэд хэдэн цооног дэлбэрсэн мэдээлэл ирсэн юм. Энэ бол ноцтой асуудал. Уг компанийн Албанид ажилладаг инженер нь энэ талаар анх надад мэдээлэхдээ хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн. Олборлолт явуулж байсан газарт хоёр том компани өрсөлдөж байсны нэг нь Албанийн Засгийн газрын оролцоотой компани байсан юм билээ. Би энэ талаар мэдээлсэн ч гарчиг өгөөгүй. Хэнд хамааралтай талаар ч дурьдаагүй өнгөрсөн юм.
-Мэдээлэл хүрэлцээгүй байсан юм уу?
-Тухайн үедээ бол тийм байсан. Гэхдээ одоо бүх нарийн ширийн зүйлийг нь мэдчихсэн.
-Санхүүгийн асуудлыг сөхөх үү?
-Санхүү маш ач холбогдолтой асуудал учраас бид үүнтэй холбоотой маш олон материал цуглуулсан. Дубай зэрэг томоохон хотын банкуудыг дампуурахаас өмнө бид нүсэр аппаратууд ялзарсан байдгийг харуулсан материал дэлгэж байсан шүү дээ. Харин үүнийхээ хариуд заналхийлэл хүлээж авсан даа.
-Таны дэлгэж буй материалууд зах зээлтэй хэрхэн зохилддог вэ?
-Маш энгийн. Зах зээл бий болгохын тулд мэдээллээр хангадаг. Төгс зах зээл төгс мэдээллийг шаарддаг.
-Та өөрийгөө чөлөөт зах зээлийг хамгаалагч гэж хэлэх үү?
-Мэдээж тэгэлгүй яахав. Би капитализмыг олон талаас нь авч үздэг хүн л дээ. Гэхдээ би зах зээлд дуртай.
-Та бол компьютерийн хакер хүн. Хэрхэн нууц мэдээлэл олж авах аргачлал бий болгосон юм бэ?
-Үнэндээ энэ их дургүй хүрмээр асуудал л даа. Яагаад гэвэл би хүмүүсийн хамгийн ихээр ярьдаг хэрхэн хакер болох тухай болон үүнтэй уялдаатай баримтуудыг дурьдсан ном бичдэг хүн. 20 жилийн өмнө зүгээр л “cut” хийгээд “paste” хийчихдэг байсан бол орчин үед бидэн шиг хүмүүсийг хакер гэж нэрлэхэд дурамжхан ханддаг болжээ. Гэхдээ би үүнд гутдаг бус харин бахархдаг. Би 1993 онд Австралид ISP-ийг анх нэвтрүүлснээсээ хойш нийтлэлч болсон. Бидний хийдэг ажил бол зөвхөн хэвлэн нийтлэх биш. Биднийг олон улс, сэтгүүл зүйн идэвхтнүүд бүрэн хамгаалдаг. Харин компьютерийн хакер биднийг хуулиас салгаж, хамгаалалтгүй болгож байна.
-Маджийн талаар асуумаар байна? /Мадж бол домог болон мөнхөрсөн компьютерийн хакер/
-Мадж бол чанга залуу.
-Мадж одоо Пентагоны Батлан хамгаалахын судалгааны агентлагийг толгойлж байгаа гэсэн. Тэр танай байгууллагын нууц материал дэлгэх явдлыг таслан зогсоохын төлөө ажиллаж байгаа юм уу?
-Тийм л дээ. Гэхдээ би илүү тайлбар хиймээргүй байна. Тэгээд ч манай байгууллагын эсрэг явуулж байгаа аливаа ажиллагааны талаар би юу ч мэдэхгүй.
-Wikileaks-ийг хуулбарлагчид болон даган дуурайгчдын талаар юу гэж бодож байна вэ?
-Тэд бол маш том аюул бас бэрхшээл. Тиймээс тэдний эсрэг зөв алхам хийх амаргүй. Саяхан би Хятадын Wikileaks-ийг харсан. Тэгээд хамтарч ажиллахыг санал болгосон. Мэдээж тэдэнтэй хамтарч ажиллах нь бидэнд сайхан завшаан болно. Хамгийн гол нь тэдэнд итгэл төрүүлэхүйц нэр хүнд байхгүй байгаа нь том бэрхшээл болж байна.
-Wikileaks-т сөрөг стратеги бий юү?
-Байгаа. “Бусад хүмүүс ч гэсэн зоригтой болдог” гэсэн бодлогыг баримталдаг. Хэрэв хэн нэгэн нууц материал дэлгэх гэж буйг эсэргүүцвэл тухайн хэвлэн нийтлэгч нь шууд л олон нийтийн өмнө ил гар. Ингэж байж л хүмүүст итгэл төрүүлж, өөртөө татаж чадна шүү дээ.
Т.ОТГОНБАТБАЯР

"Улс төрийн тойм" сонин