Зургаан сарын хугацаанд хийсэн 10 зүйл бүхий ажил | News.MN

Зургаан сарын хугацаанд хийсэн 10 зүйл бүхий ажил

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Зургаан сарын хугацаанд хийсэн 10 зүйл бүхий ажил

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтыг гэрээг Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд үзэглэсэн. Үүнээс хойш зургаан сарын дотор буюу гэрээг албан ёсоор баталгаажуулах хүртэл Засгийн газар болоод хөрөнгө оруулагч талаас 10 зүйл бүхий ажлыг хийж гүйцэтгэхээр болсон билээ. Хоёр тал энэ хугацаанд гэрээнд заасан 10 зүйл ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

 Үүнд:

Оюутолгойн ордыг ашиглах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг ЭБЭХЯ-ны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж дахин хэлэлцэх болсон. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс тавьсан шаардлагын хариуг тус компани 2010 оны гуравдугаар сарын 11-нд ирүүлсэн бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гуравдугаар сарын 25-ны өдрийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж холбогдох шийдвэр гаргав.

“Антре гоулд” компанийн эзэмшилд буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр тусгай зөвшөөрлийн талаар “Айвенхоу Майнз Лимитед” компанийн өмнө эдэлж байсан эрхийг гэрээгээр баталгаажуулан “Оюу Толгой” ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүгээр энэ нөхцөл биелэгдэж байна.

Ерөнхий сайдын 2009 оны долдугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ажлын байнгын хороонд үргэлжлүүлэн ажиллуулах болсон. Ажлын байнгын хороо “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа болон гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдтэй холбогдох асуудлыг хэлэлцэн холбогдох арга хэмжээ авч ажиллалаа.

Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Талууд хоёр талаас нягтлан шалгаж харилцан тохиролцоонд хүрлээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг, үүнээс хасагдаж тооцох дүн буюу “Оюутолгой” төсөлд хамааралгүй зардал, “Оюутолгой” төслийн хайгуулын зардлыг 508,7 тэрбум төгрөгөөр тооцон хорогдуулж Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1079,7 тэрбум төгрөгөөр тогтоолоо.

Гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар Хөрөнгө оруулагчийн хөрөнгөд шилжүүлэн бүртгэсэн зардал,  татварын өр, хөнгөлөлтийг холбогдох татварын албаар баталгаажуулах урьдчилсан нөхцөл нь Хөрөнгө оруулагч тал дан ганц өөрийн эрх ашигтай хамааралтай тул гэрээний 15.9-д заасны дагуу Засгийн газарт албан бичгээр хангагдсанд үзэж асуудлыг хойшлуулан гэрээ хүчин төгөлдөр болсоны дараа хийж гүйцэтгэхээр боллоо.

“Айвенхоу Майнз Лимитед” компани нь Монгол Улстай давхар татварын гэрээ байгуулсан Нидерландын Вант Улсад “Оюутолгой Нидерланд” компани байгуулан Хөрөнгө оруулагчийн өмчлөлийг шилжүүлэх бүтцийн өөрчлөлт хийсэн болно.

Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд холбогдох бүх Тал 2009 оны аравдугаар сарын 6-нд гарын үсэг зурсан.

Хөрөнгө оруулагчийн дүрмийг өөрчлөн Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудад бүртгүүлсэн болно. Харин гэрээ хүчин төгөлдөр болсны дараа компанийн дүрмийн сан, хувь нийлүүлэгчдийн тоо зэрэг өөрчлөлтийг компаний дүрэмд оруулах болжээ.
 
“Оюутолгой” төсөлд хамааралгүй зарим тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн.

 “Рио Тинто” групп болон “Айвенхоу Майнз Лимитед” компанийн хооронд байгуулсан Хувьцаа борлуулах гэрээний дагуу “Рио Тинто” группийн “Айвенхоу Майнз Лимитед” ХХК-ийн эзэмшилийн хувь нэмэгдэн 22,4 хувьд хүрэв. Цаашлаад ирэх 18 сарын хугацаанд энэ хувь, хэмжээ 46.6 хувьд хүрэх боломжтой юм. 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж