
Д.Сосорбарам гавьяатын тухай бодохоор өөрийн эрхгүй бага зэрэг элбэгдсэн үү гэлтэй цагаан дээл тодроод ирдэг юм. Бас түүндээ тохируулж малгай, бүсээрээ гоёно. Түүнээс өөр дээлийг сайхан өмсдөг, сайхан харагддаг гавьяат Монголд цөөхөн шүү. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн шагнал гардаж авахдаа ч тэрхүү сайхан элбэг цагаан дээлтэйгээ харагдсан. Тэрбээр үнэхээр л монгол түмний сэтгэлийг хөдөлгөж, хүндлэлийг хүлээсэн хосгүй авьяас билэгтэй жүжигчин билээ. Түүний бүтээсэн “Атга нөж” жүжгийн Чингис хаан, “Догшин хутагтын сахиус”-ын Данзанравжаагийн дүр яах аргагүй тайз дэлгэцийн гайхалтай бүтээл болж чадсан. Үүн шиг түүнд л зориулагдаж бичсэн гэлтэй зохиолын дүрүүд намтарт нь олон бий. “Дорнын цагаан саран шөнөжин дуулж хонолоо…” гээд дуулж эхлэхэд нь анхааран сонсохгүй өнгөрөх хүн үгүй биз. Энэ бол түүний тослог хүнгэнэсэн хоолойн идийг үзүүлэгч сайхан дуу. Гавьяат маань урлагийн олон төрөлд хүчээ сорьж олны талархлыг хүлээсэн. Хэдхэн жилийн өмнө монголын яруу найрагт илт үгүйлэгдэж байсан шүлгийн хуурцаг гаргаж Р.Чойномын шүлэгт дурлагсдад бэлэг барьсныг хэн бүхэн мэднэ. Бас “Шог мэдрэмж мандтугай” хэмээн Тоншуул сониныг гаргалцаж явсныг нь ч олон хүн мэднэ. Мөн тэрбээр цагаан морин жилийн хувьсгалд оролцон дуу хоолойгоороо баригдмал нийгмийн сүүдрийг зад таталцаж явсан нэгэн. Тиймэс ч түүнийг Ардчиллын “Дууч” хэмээн өргөмжилдөг. Үүнийг батлан Монголын урлаг, нийгэмд үзүүлсэн гавьяаг нь үнэлж цагаан дээлийнх нь энгэрийг мялаалаа.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин