-Танай эгч хүн утсаар яриад мөнгө аваад ир гэж хэлсэнд итгээд их хэмжээний мөнгө авч гарсан нь ямар учиртай юм бол?
-Гэмт хэрэг үйлдсэн Г.Мэндхүүд итгэхгүй байхын аргагүй. Учир нь энэ хүний эхнэр манай эгчийн хамгийн дотны хүний нэг байсан юм. Хамт ажиллаж байгаа хүмүүс дотор илүү дотносдог хуурай эгч гэж гэж байдаг даа. Түүнээс гадна “BSB сервис” компанийн компанийн захирал Сүхдорж нь Г.Мэндхүүтэй базууд юм билээ. Гэмт хэрэг гарах өдөр тэр хүн миний эгч рүү утасдан н.Сүхдорж захирал мөнгө аваад ир гэж байна гэж ярьсан учир эгч мөнгөө аваад гарсан юм билээ. Бид хамгийн дотны хүнийх нь нөхөр эгчийн минь амийг хөнөөсөн гэж дуулаад үнэхээр итгээгүй.
-Г.Мэндхүү мөнгөний асуудлаа шийдэх боломж байдаг бололтой. Яагаад ийм хэрэг үйлдэх болсон юм бол. Шүүх хуралд мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байна уу?
-Баз нь компанийн захирал ч тусдаа амьдралтай хүн. Г.Мэндхүү өөрөө их өртэй байсан юм билээ. Тэр н.Сүхдорждоо 10 сая, өөр нэг иргэнээс есөн сая, банкнаас таван сая төгрөг зээлээд өгөөгүй. Түүнээс гадна Бээжинд сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх шаардлагатай байсан гэж хэлж байна лээ. Шүүх хуралд Г.Мэндхүү гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байгаа ч би санаатай хүний амь нас хөнөөгөөгүй гэж мэдүүлсэн. Санаатай хөнөөгөөгүй юм бол миний эгч өнөөдөр хайртай бүхнээ хэзээ ч дахин харахгүйгээр үүрд орхиж, биднийгээ хэзээ ч нөхөшгүй гунигтай үлдээх байсан гэж үү.
-Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэсэн шалтгаан нь юу гэж гарсан бэ?
-Зүүн чамархайн ясыг мохой зүйлээр олон удаа цохиж гэмтээсэн нь амьсгал хураахад хүргэсэн гэж гарсан. Энэ гэмтэл ямар нэгэн зүйлээс унах юм уу мөргөхөд үүсэхгүй гэдгийг тогтоосон. Прокурорын дүгнэлтээр хийн гар бууны бөгсөөр цохисон байх магадлалтай гэж гарсан . Кассын нярав хийн гар буутай байдаг юм. Манай эгчид тэр буу нь байсан.
-Хуулийн дагуу хохирлын мөнгө гэж заавал олгодог. Та бүхэнд Г.Мэндхүү түүний ар гэрийнхэн мөнгө өгсөн үү?
-Манайхан түүнээс нэг ч төгрөг аваагүй, авах ч бодол алга. Хүний алтан амийг хэдээр үнэлэх юм бэ. Хуулийн дагуу оршуулгын болон бусад гарсан зардлын нэхэмжлэхээ өг гэсэн. Бид гаргасан зардлаа тооцоод 13 сая төгрөг болсноо мэдэгдсэн. Хүн биш адгуус мэт авирласан тэр хүнээс мөнгө авах хүсэл ч бидэнд алга. Тэр мөнгөөр бид яах ч билээ. Миний эгч босч ирэх биш дээ. Гэтэл хүн гэдэг ямар арчаагүй байдаг нь харагдаж байна. Энэ хүний эзэмшилд орон сууц байдаг юм билээ. Мөн эхнэр, хүүхэд, дүүгийнх нь нэр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр байдаг. Гэтэл Г.Мэндхүүг Ганцхудагт саатуулагдаж байх хугацаанд ар гэрийнхэн нь хөөцөлдсөөр байгаад байраа дүүгийнх нь нэр дээр шилжүүлээд авсан байгаа юм. Бид тэр байрыг нь авъя гээгүй шүү дээ. Эзэмшигч нь байхгүй байхад үл хөдлөх хөрөнгийг нь өөр хүний нэр дээр шилжүүлж болдог билүү.
Эгчийгээ хайж бид хөдөө орон нутаг руу их явсан. Шатахууны зардлын баримт авчир гэж шүүхийнхэн нэхэж байна. Бид эгчийгээ амьд сэрүүн хаа нэг газар байгаа гэж хайж байсан. Түүнээс биш үхсэн , дараа нь мөнгө нэхэмжилнэ гэж бензин авахдаа баримт бүрдүүлж яваагүй. Хэзээ ч хүний санаанд оромгүй зүйл нэхдэг юм билээ. Миний эгчийг суулгаж авч явсан машиныг нь улсын орлого болгож авсан.
-Ингэхэд та бүхэн яагаад хөдөө, тал газраар хайгаад байсан юм бэ?
-Хүн гэдэг хамгийн дотны хүнээ олохын төлөө хэн юу гэж хэлнэ тэр зүгт л яваад байдаг юм билээ. Бид эгчийгээ олохын төлөө хамгийн сайн үзмэрч, мэддэг гэсэн хүн бүхэнд очиж үзүүлж, мэргэлүүлсэн. Тэр хүн аль зүгт, хаана байна гэж хэлнэ бид тэр зүг рүү итгэл өвөртлөөд 56 өдөр давхилдсан.Өглөө бүр олдох байх гээд л хайсаар, орой нь нүдэндээ нулимстай ирцгээнэ.Эгчийн маань хань, ганц хүү ээж маань ямар хүнд байдалд байгааг хэн ч мэдрэхгүй байх. Монгол Улсын хууль хохирсон иргэнээ нэмж хохироосон зүйл заалттай байдгийг өөрийн биеэр мэдэрч байна.
-Энэ хэрэгт Г.Мэндхүүгээс гадна найз нь гэх нэг хүнийг шалгаж байсан?
-Г.Мэндхүү манай эгчийг машиндаа суулгаад Тэди төвийн баруун талд аваачаад амийг нь хөнөөсөн байдаг. Хамгийн сүүлд 2009 оны II сарын 13-ны 20.40 цагийн үед нөхөртэйгөө “Мэндээ ахаар хүргүүлээд ирлээ. Н.Сүхдорж дарга мөнгө авчир гэсэн байна” гэж ярьсан. Харин 21 цагийн үед залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний эгчийн амийг хөнөөгөөд өөрийн найз гэх н.Болдбаатар руугаа ярьсан юм билээ. Тэр хүндээ сая төгрөг өгөөд хоёулаа энэ эмэгтэйг жижиглээд Заамарт аваачиж хаях уу гэж хүртэл ярьж байсан байна лээ. Миний эгч итгэж найдаж байсан тэрбээр хүн мөн үү. Найз нь шашин шүтдэг хүн учир гар хүрэхгүй, царайг нь ч харахгүй гээд мөнгийг нь аваад явсан юм билээ. Тэр олон өдөр хайж байхад найз нь хэлэхгүй байсан.
-Та бүхэн компанийнханд гомдолтой байгаа бололтой?
-Үнэхээр бид гомдолтой байгаа. Миний эгчийг яасан нь мэдэгдэхгүй байхад мөнгө аваад зугтлаа гэсэн мэдээлэл тарааж байсан. Хэрвээ эгч тэр компаниас мөнгө аваад зугтъя гэсэн бодолтой байсан бол хэдхэн хоногийн өмнө 200 сая төгрөг тушаахдаа аваад зугтах байсан биш үү. Түүнээс гадна 10 гаруй жил ажиллуулчихаад ямар ч асуудал шийдэгдээгүй байхад сураггүй болсон өдөр нь ажлаас нь халж, дуусгавар болгосон. Энэ аймшигт гэмт хэрэгт тухайн үед кассын нягтлан хэн ч байсан өртөх л байсан. Миний эгч 39 сая төгрөгнийх нь төлөө амь насаа алдлаа. Гэтэл ямар ч сэтгэл санааны дэмжлэг үзүүлэлгүй, харин уулзах гээд очсон өндөр настай ээжийг маань цаг шахуу гаднаа хүлээлгэсэн. Үхсэний хохь, амьдын зол байдаг гэдгийг энэ хүмүүс харуулж байгаа. Мөнгөө л гээд байхаас биш хүний амь нас хохирлоо гэж хүлээж авахгүй байгаа бололтой. Одоо 10 жилийн ойгоо тэмдэглэнэ гээд л бөөн баяр хөр болцгоож байна лээ. Дэндүү хүн чанаргүй хүмүүс юм билээ. Ядахдаа эрэл сурал болоод биднийг хэнд хандахаа мэдэхгүй байхад нэг ч удаа асууж, яах вэ гэж ярьж байгаагүй.Түүнд л гомдолтой байна.
Х.СҮрэн