1, 2…Одоо 3 байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

1, 2…Одоо 3 байж магадгүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар. Үрээ тэвэрч, ачаа  үнэрлэхийг хүлээж байгаа аавууд, эмээ өвөө нар  гэрэл гэгээ муутай хүлээлгийн   танхимын  цөөхөн хэдэн сандал дээр аль багталцахаараа сууж, зарим нэг нь хүүхдээ тэврэхийг тэсч ядан байх шиг эмнэлгийн хаалгаар байн байн орж, гарах аж. Эмнэлгийн хүйтэн, харанхуй орчин, хана тааз нь цуурч, халтартсан хөндий хонгил шиг орчин… Энэ бол хүлээлгийн танхимд өдөр бүр, цаг минут тутамд давтагдаж байдаг үйл явдал, гэр бүлдээ шинэ хүн хүлээж авах МОНГОЛ ОРЧИН. Гэр бүлдээ халуун амь угтан авах хамгийн аз жаргалтай мөчийг магадгүй манай улсад л олон олон аав, ээжүүд ийм сэтгэлд хүрэхгүй орчинд угтдаг байх.

Нийслэлийн     1, 2 дугаар амаржих газар дуу дуугаа авалцан эмнэлгийнхээ байрыг орхин яввснаас хойш эдгээр хоёр эмнэлэг хувийн хэвшлийнхний хаяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа бол  улсын гэх тодотголтой амаржих газраас ганцхан 3-р төрөх л одоогоор өөрсдийн байрандаа “амьдарч” байна. Харамсалтай нь, үлдсэн ганцхан үйл ажиллагаа нь хэвийн гэгдэж буй 3-р амаржих газар өнөө маргаашгүй үүд хаалга түгжин, өрөө түрээслэхэд ойрхон болжээ.

Анхнаасаа цэргийн албаны зориулалтаар барьсан энэ амаржих газрын хувьд 1940-өөд оны үед ашиглалтад орсон гэхээр багагүй урт настай. Төрөх зориулалттай эмнэлгийн өрөө бүхэнд байх ёстой угаалтуур энэ эмнэлэгт байдаггүй. Бие засах газар нь цөөн учир бие тулгар, нялх биетэй эхчүүдэд хүндрэлтэй байдаг гээд байр, орчин нөхцөлийн хувьд өөрчлөх ёстой олон асуудал амиа аргацааж үлдсэн III төрөх газарт хуримтлагдсан байгааНийслэлийн III амаржих газар Баянзүрх дүүргийн 24 хорооны эхчүүд, эмэгтэйчүүдэд үйлчлэх ёстой атал үүн дээр нэмээд 2-р төрөхийн харьяалалтай дөрвөн хорооны эмэгтэйчүүдийг хүлээж авдаг болсноор ачаалал нь нэлээд нэмэгджээ. Одоогийн байдлаар нийт 28 хорооны харьяалал бүхий иргэдэд үйлчилж байгаа ч эмнэлгийн орны тоо нэмэгдээгүй хэвээр байв. Тодруулбал, тус амаржих газар 45 ортой байтал энэ долоо хоногийн байдлаар өдөрт дунджаар 70 гаруй том хүн, 40 орчим хүүхэд хэвтэн, эмчлүүлж байгаа аж. Энэ бол төрөх эмнэлэгт эрүүл ахуйн хэвийн байдал алдагдаж, өмнөх эмнэлгүүдийнх шиг халдвар гарах магадлалтайн наад захын жишээ.  Хөдөөнөөс нийслэлд шилжин ирж суурьшигчдын тоо жилээс жилд  нэмэгдэж  байгаатай холбогдоотойгоор хүн амын төрөлт нэмэгдэж, төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсныг I, II амаржих газарт тохиолдсон явдлууд хангалттай харуулсан. Энд ч бас ялгаагүй. 2007 онд тус эмнэлэгт 3552 эх амаржсан бол 2009 онд 4352 болж нэмэгдсэн байна. III амаржих газрын эмчилгээ хариуцсан Орлогч дарга н.Ганболдын ярьснаар, “Өнөөдөр амаржсан нялх биетэй эхчүүд маргааш өглөөнийхөө 10 цаг гэхэд хөөгдөх шахам эмнэлгийг орхиж байгаа” аж. Уг нь бол эх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс амаржсан эхийг эмнэлэгт дор хаяж 72 цагийн хугацаанд эмчийн хяналтад байлгах ёстой атал энэ дүрэм эмнэлгүүдэд үйлчлэхээ болиод удаж байна. Энэ мэт шийдэх ёстой олон асуултын хүлээлттэйгээр эхчүүд амаржиж, эмнэлгүүдийн “зүрх” арай ядан “цохилж байна”.

Сануулахад:

  • Нийслэлийн Нэгдүгээр амаржих газарт бохирын шугам задарсны улмаас тус эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүд нярайн халдвар авч, дөрвөн хүүхэд нас барсан тул 2010 оны нэгдүгээр сарын 20-нд тус эмнэлгийн байрыг хааж, “Ачтан” эмнэлэгт үйл ажиллагааг нь явуулах болсон.
  • Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын дээврийн засварын ажлыг дутуу хийсний улмаас дээврийн хөндий нь нурж, эхчүүд амаржих нөхцөл бололцоо алдагдсан тул 2010 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн байрыг нь хааж, “Таны төлөө бид” эмнэлэг болон III Амаржих газарт тус эмнэлгийг нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байна.
  • Нярайн халдварын дуулианаар нийслэлийн амаржих газрыг бүрэн засварлахаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр тэрбум гаруй төгрөг гаргаж, их засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас эхлүүлсэн билээ. Тус амаржих газрын засварын ажлыг барилгын зургаан компани гүйцэтгэж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн шийдвэрээр бол тавдугаар сарын 10-нд засварыг бүрэн дуусгах ёстой. Сануулахад, Нэгдүгээр амаржих газрын засварын чанарт нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар хяналт тавьж байгаа юм.

Д.Гэрэлчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж