
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2010” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнөөдөр “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг улсуудын бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцохоос гадна дотоодын 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутгаа сурталчлах юм. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 106 байгууллага оролцож, үйл ажиллагаагаа сурталчилна.
Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Кемпински Хаан Палас зочид буудал, ивээн тэтгэгчээр Нью Жуулчин Турс, Чингис Хаан зочид буудал, Блак Айбэкс Экспэдишнс, дэмжигч байгууллагаар МҮХАҮТ, Айро Монголиа, Монголын зочид буудлуудын холбоо, Үндэсний аялал жуулчлалын байгууллага, Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна. Гурван өдрийн туршид үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр урлаг соёлын олон арга хэмжээ явагдахаас гадна гадаад дотоодоос уригдан ирсэн аялал жуулчлалын мэргэжилтэн, зөвлөхүүд төрөл бүрийн сонирхолтой сэдвээр богино хэмжээний уулзалт семинар зохион байгуулж, харилцан туршлага солилцох, зөвлөгөө өгөх юм байна.