Нэг ангийн таван иргэн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Нэг ангийн таван иргэн амиа алдлаа

Нийслэлийн ойр орчинд цас их орж, хальтиргаа гулгаа эрс нэмэгдсэн өдөр таван хүний амь нас хохирсон осол Налайх дүүргийн 20 дугаар хороо “Ургах наран” хорооллын орчим гарлаа. “Соната-2” маркийн 12-85 УБЯ дугаарын автомашины жолооч Э, “Хюндай аэробус” маркийн 37-36 УНБ дугаарын автобустай мөргөлдсөнөөс болж хэргийн газар гурван хүн амь насаа алджээ. “Соната-2” машинд нэг ангийн найзууд 50-52 настай зургаан хүн явж байснаас тав нь нас барсан юм байна. Тэдний гурав нь хэргийн газар нас барсан бөгөөд яаралтай түргэн тусламжийнхан хүнд гэмтсэн хоёр хүнийг Гэмтэл согог судлалын үндэс­ний төвд хүргэх замд нэг нь, эмнэлэгт очоод Б гэ­дэг хүн амьсгал хураажээ. Тэд ангийнхаа уул­залтад очоод нийслэл рүү ирж явсан юм байна. Ав­то­бусан дотор явж байсан 40 гаруй зорчигчдоос хэн ч гэмтэл аваагүй гэдгийг замын цагдаагийнхан хэл­лээ. Автобусны жолооч “Соната машины жолооч  хальтирч ирээд  эсрэг урсгалд орсон” гэж мэдүүлж бай­гаа гэнэ. Хэргийн газар ажилласан цагдаагийнхан жолооч нарыг архи уусан эсэхийг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тог­тоогджээ.

Осол яагаад гарах болсон шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болох  бөгөөд урьдчилсан байдлаар тухайн нөхцөл байдалд хурдаа  тохируулаагүй гэсэн дүгнэлт хийж байгаа аж. Техникийн бүрэн байдлаа байнга хянаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраа анхааруулж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж