Вашингтоны тэнгэрт эгшиглэсэн ”Аяны шувуу”

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Вашингтоны тэнгэрт эгшиглэсэн ”Аяны шувуу”

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    …Энэ сарын 28 ны орой Арлингтоны нэгэн театрт, нилээд эрт
    сурталчилгаагаа эхэлсэн 20-р зууны нэрт хөгжмийн зохиолч, Төрийн
    соёрхолт Зундуйн Хангалын уран бүтээлийн хүндэтгэлийн концерт
    тоглогдлоо. Монголоос ирэхээр зэхэж байсан уран бүтээлчид тодорхой
    шалтгааны улмаас ирж чадахгүй болсон хэдий ч, концертыг зохион
    байгуулагчид нэгэнт тогтсон хөтөлбөрийн дагуу, нэрт хөгжмийн зохиолчийн
    бүтээлийг бүрэн хэмжээгээр нь үзүүлэхийг ихэд хичээсэн нь мэдэгдэж
    байлаа. Мэдээллийн техник ихэд хөгжсөн өнөө үед, бичлэг зохиомжийн
    хослолоор уг тоглолтыг амилуулж чадасан нь бас нэгэн ололт байлаа.

    Концертын эхний хэсэг болох "Дэлгэцэнд мөнхөрсөн аялгуу" нэртэй
    З.Хангалын киноны хөгжим болон дууг дуучин Э.Саран, Ж.Болормаа, дуучин,
    төгөлдөр хуурч Уянгатөгөлдөр, залуу дуучин Ганзориг нар дуулсан
    төдийгүй, олон ч дуу аялгууг дэлгэцээр үзүүлж, үзэгчид хамтдаа дуулж
    байсан нь хамгаас сайхан байв. Бидний мэдэх, олонд хамгийн их түгсэн
    олон ч киноны дууны хөгжмийг З.Хангал бичсэн  гэдгийг энэ өдөр олон ч
    хүн анзаарч, бас бахдаж байв. " Суварган цэнхэр уулс", " Гэрлэж амжаагүй
    явна", "Тан руу нүүж явна", "Дэгдээхэй нас", " Нарны унага",
    "Хатанбаатар" зэрэг киноны дуу болон хөгжмийн ая эгшиг энэ концертын
    эхлэл байв.

    Концертын дараагийн хэсэг болох дан хөгжмийн зохиол болон хөгжмийн
    бүтээлүүд дээр Сиэтл хотоос урсэн морин хуурч Уртнасан, Чикаго хотоос
    ирсэн төгөлдөр хуурч Мөнгөнцэцэг, Маралгоо болон Хадбаатар тэргүүтэй
    хийлийн 4 хөгжимчид жинхэнэ ур чадвар гэдгийг үзүүлсэн. З.Хангалын
    төрийн соёрхол хүтсэн бүтээлүүд болон чавхдаст хөгжимд зориулсан
    бүтээлүүд, ардын хөгжмийн найруулгууд энэ орой Монголын хөгжмийн
    ертөнцийн гайхамшиг, монгол хөгжимчдийн ур чадварыг бишрүүлэн байж
    эгшиглэв. Бас АНУ-д ажиллаж амьдарч байгаа бүжигчдийн хүүхэлдэйн болон
    үндэсний бүжгүүд ч содон үзүүлбэрүүд байв. Чикаго хотоос ирсэн хөгжим
    судлаач Батжаргал түүний уран бүтээлийн талаар, бас өөрийн дурсамжаа ч
    хэлж амжсан.

    Концертын удаах хэсэг болох сонгодог болон циркийн хөгжмийн хэсэг,
    дэлхийд гайхагдаж байгаа Монголын сонгодог хөгжим болон сонгодог
    урлагийн үзүүлбэрүүдээс бүрдсэн байв. З.Хангалын "Эрдэнэсийн уул"
    бүжгэн жүжгийн хөгжим дээр АНУ-д балетийн бүжгийн чиглэлээр суралцаж
    байгаа Оюун-Эрдэнэ, Лас-Вегас хотоос ирсэн Эрдэнэчимэг ахлагчтай уран
    нугаралтын гурвал, Сант-Луйс хотоос багштайгаа хамт ирсэн нугараач
    америк охины үзүүлбэрүүд үнэхээр гайхалтай сайхан байлаа. Ямартай ч
    "Эрдэнэсийн уул" бүжгэн жүжгийн хөгжим энэ бүхэнд тун "наалдацтай"
    зохицож байгаа тухай сүүлд нь найруулагч Өлзийсайхан хүүрнэж байна
    билээ. Дуучин Амармөрөний дуулсан "Бодол" нэртэй сонгодог дуу бидний
    анх удаа сонсож байгаа бүтээл байсан. Харин түүний бүтээлүүдийн оргилын
    нэгэнд тооцогддог "Салхич шувуун дуун" симфонийг дэлгэцээр Монголын
    жөгмийн бүх оркестр нэгдэн тоглохыг,  бүх л хүмүүс амьсгаа даран,
    бодолд автан байж сонсов.

    Үргэлжлэл

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж