Өнөөдөр шинэ спортын ордны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Өнөөдөр шинэ спортын ордны нээлт болно

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Яармагийн дэнжид сүндэрлэсэн Биеийн тамир, спортын ордны нээлт өнөөдөр /2011.12.02-ны өдөр/ 14.00 цагт болно. БНХАУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан Спортын шинэ ордныг Монголын талд хүлээлгэн өгөх гэрээнд /Өнөөдрийн ёслолын хүрээнд болж буй/ БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юй Хун Яао, Монголын Засгийн газрыг төлөөлж УИХ, Засгийн газрын гишүүн С.Баярцогт нар гарын үсэг зурна.

Монгол Улсын Засгийн газрын 2010.11.23-ны өдрийн хуралдаанаас Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан энэхүү Спортын ордны барилгыг хүлээж авах, цаашид уг барилгыг төрийн өмчид бүртгэж, Биеийн тамир, спортын газрын харьяанд шилжүүлэхээр тэмдэглэсэн тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ нь Биеийн тамир, спортын шинэ ордны үйл ажиллагааг удирдан явуулах юм.

Тус ордон нь нийт 5045 хүний суудалтай, тоглолт явуулах гол талбайн хэмжээ нь 2950 кв.метр бөгөөд 260 кв.метр бэлтгэлийн хоёр жижиг заал болон нийт 104 өрөө тасалгаатай юм. Үүнд, албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, нийтийн бие засах 35, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах болон хэвлэл мэдээллийн 3, тусгай зориулалт болон техникийн 37 өрөө багтаж байна.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны арванхоёрдугаар сарын 26, 2004 оны долдугаар сарын 5, 2005 оны тавдугаар сарын 24 болон 2005 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус тус гарын үсэг зурсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн дагуу Спортын ордон барих ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
 
Спортын ордны барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын “Шанхайн барилгын ерөнхий групп” шалгарч, 2007 оны арванхоёрдугаар сарын 24-нд Монгол Улсын Сангийн яам болон БТСГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. “Шанхайн барилгын ерөнхий групп” ХХК нь Спортын ордныг 27 сарын хугацаанд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгагдсан бөгөөд энэхүү ордон нь БНХАУ-ын 111 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан болно. Барилгын ажил албан ёсоор 2008 оны зургадугаар сарын 20-ноос эхлүүлсэн бол өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа нь болж байна.

Барилга угсралтын ажлыг явуулахад цахилгаан, цэвэр усны найдвартай эх үүсвэр, барилгын материал болон тоног төхөөрөмжийн харуул хамгаалалт, бүрэн бүтэн байдал, ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг бүрэн ханган хариуцах асуудал манай талын хүлээх үүрэгт тусгагдсан болно. Мөн 1400 метр агаарын болон далд өндөр хүчдэлийн кабелийг барилгын талбайгаас зөөж шилжүүлсэн бөгөөд Монголын талаас барилгын зарим хийцийг өөрчлүүлэх, нэмж хийлгүүлэх хүсэлтийг Хятадын талд тавьж байсны дүнд гадна ханыг шавардаад шохойдох байсныг металь хавтангаар хийлгэх, хашааны дотор талын автомашины зам талбайг засуулах гэх мэт томоохон ажлуудыг нэмэгдлээр хийлгүүлэхээр талууд харилцан тохиролцсон юм.

Монголын талаас гүйцэтгэх ажлын хүрээнд, 2600 метр 10кВт-ын цахилгааны шугам, хуваарилах трансформаторын хоёр дэд өртөө, дизель станцын барилга, 1900 метр бохир усны гол магестраль шугам, 700 метр цэвэр усны шугам, барилга баригдах талбайн газар шороо болон хашааны ажил, автомашины зам, зогсоолын анхны нягтруулалтын ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ.  

Энэхүү шинэ Спортын ордныг зөвхөн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулаад зогсохгүй соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад зориулж, гэрэлтүүлэг болон акустикийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан болно.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж