Аун Сан Су Чжигийн амьдралаар кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Чжигийн амьдралаар кино хийнэ

Бирмийн Ардчиллын төлөө тэмцэгч хатагтай Аун Сан Су Чжигийн амьдралаар кино хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэхүү киноны гол дүрд Хонконг гаралтай  нэрт жүжигчин Мишель Йео тоглох юм.
Энэхүү кинотой холбогдуулан Мишель Йео Аун Сан Су Чжи дээр очиж, хамтдаа өдрийн хоол идсэн тухай хатагтай Аун Сан Су Чжигийн хуульч Ньян Вин мэдээлжээ.
Холливуудад хөл тавьж, олон алдартай кинонд тоглон өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн жүжигчин Мишель Йео өдгөө 48 настай ба 1997 онд Жамес Бондын кинонд тоглож байсан юм.
Ардчилсан үндэсний холбооны удирдагч Аун Сан Су Жиг арваннэгдүгээр сард гэрийг хорионоос суллагдсан юм.
Өдгөө 65 настай Аун Сан Су Чжиг өршөөлөөр сулласан гэж тус улсын цагдаагийн газрын дарга генерал Хин Юи Дотоод хэргийн яамны шийдвэрийг уншихдаа дурджээ. Түүнчлэн тэрбээр Аун Сан Су Чжитэй уулзан түүнийг эрүүл энх байгаад баяртай байгаагаа илэрхийлж, шаардлагатай бүхнээр нь тусалж ажиллана гэдгээ хэлжээ. Дотоод хэргийн яамны шийдвэрийн дагуу мөн Аун Сун Сан Чжитэй шийтгэл амссан түүний гэрийн үйлчлэгч хоёр эмэгтэйд өршөөл үзүүлсэн байна.
Мьянма улс арваннэгдүгээр сарын 7-нд олон намын оролцоотой парламентын сонгуулиа явуулснаас зургаан өдрийн дараа Аун Сан Су Жиг сулласан нь олог улсын хэвлэл мэдээллээр ихээхэн шуугиан тариад байгаа юм.
Тэрбээр Бирмийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад 1947 онд алагдсан Аун Саны охин юм. 1991 оны аравдугаар сард Аун Сан Су Чжи Нобелийн шагналын эзэн болсон хэдий ч Засгийн газраас түүнийг хилийн чанад руу гаргасан юм. Аун Сан Су Чжи 1989-1995 он болоод 2000-2002 онд гэрийн хорионд байж байгаад 2003 оны тавдугаар сард дахин баривчлагдсан юм.
Аун Сан Су Чжи Бирмд энхийн хувьсгал гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Бирмийн Ардчилсан сөрөг намын тэргүүн бөгөөд 15 жилийг хорионд өнгөрүүлсэн юм. 20 жилийн өмнө Аун Сан Су Чжигийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам шийдвэрлэх ялалтыг авсан хэдий ч түүний намыг засгийн эрхэнд гаргалгүй өөрийг нь баривчлан хорьжээ.
Харин энэ сард болсон сонгуульд цэргийн дэглэмтэй холбоотой “Эв нэгдэл, хөгжлийн нэгдэл” нам ялалт байгуулсан хэдий ч барууны засгийн газрууд болон эрх баригчид энэ сонгуулийг чөлөөт, шударга сонгууль болсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэрбээр бямба гарагт суллагдсаны дараа дэмжигчидтэйгээ уулзан «Итгэл, найдвараа хэзээ ч битгий алдаарай» гэж захисан байна.
Мөн түүний бага хүү Ким Арис ээжтэйгээ 10 жилийн дараа уулзсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж