А.Гансүх: Ардчилсан намгүйгээр Монгол хөгжихгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

А.Гансүх: Ардчилсан намгүйгээр Монгол хөгжихгүй

Ардчилсан нам байхгүй бол ямар байх бол гээд та ч гэсэн өөрөөсөө асуугаад үзээрэй л дээ.

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрөгч хаврын чуулганаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Бодлогын хэрэгжилт юу болж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Тийм ээ, энэ маш чухал асуудал. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох гол бодлогыг өнгөрсөн зургадугаар сард УИХ-аар батлан гаргасан. Энэ бодлогод маш олон чухал асуудал тусгасан. Тухайлбал, уул уурхайн том ордуудыг төмөр замаар холбох, улмаар бүтээгдэхүүнээ олон улсад экспортлох чиглэл, замыг тодорхойлсон. Хоёр хөрш орноор дамжин өнгөрөх тээвэр, мөн энэ хоёр хөршийн далайн боомтыг ашиглаж уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч орнуудад экспортлох, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэх, Сайншандад Аж үйлдвэрийн парк байгуулах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын бодлого гэх мэт асуудлуудыг цогцоор шийдвэрлэж чадсан.

Энэ бодлогын бичиг баримтыг боловсруулахтай холбоотой бүх талын судалгаа, хэлэлцээрийг хийж, ажлын хэсгийг ахалж ажилласаны хувьд маш сайн баримт бичиг болсон гэж бардам хэлж чадна.

-Тухайлбал, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэлийн хүрээнд одоо юу хийж байна?

-Юуны өмнө нийгэмлэгийг үүсгэн байгуулсан эрх зүйн бичиг баримтыг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэнэ. 1949 онд байгуулсан Засгийн газар хоорондын гэрээг шинэчлэх цаг нь болсон гэж хоёр тал үзэж байгаа. Мөн техник технологийн шинэчлэл хийх замаар нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх, хөрөнгийг дахин үнэлэх, Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх, нийгэмлэгийн ашиглаж байгаа газрыг үнэлэх зэрэг гол чухал асуудлуудыг тусгаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэснээр УБТЗ хөгжлийн шинэ төвшинд гаргах юм.

-Хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах төмөр замын шинэ гарцтай болж, эрэлт ихтэй гуравдагч орны зах зээлд ашигт малтмалаа шууд нийлүүлэх боломжийг бүрдүүлэх, далайн боомтуудад гарцтай болох гэдэг мэдээж сайхан санаа. Гэвч ажлын явцаас сонирхуулах уу?

-Энэ ажлыг яг одоо хийгээд явж байна.  ОХУ-тай эдгээр асуудлаар хэлэлцээ хийгээд дуусах шатандаа орсон. Бид ОХУ-ын Алс Дорнодын Ванино, Владивосток, Восточный гэсэн гурван боомтыг ашиглах тохиролцоог хийсэн. Эдгээр боомтоор дамжуулж Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань зэрэг оронд уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох гарц нээгдэж байгаа юм.

Одоо боомтууд руу чиглэсэн төмөр зам барих ажилдаа анхаарлаа хандуулаад ид ажиллаж байна. Таван толгой-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсан-Соловёвск чиглэлийн төмөр зам барих ажлыг 2011 онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ зам баригдсанаар гуравдагч орнууд руу гарах боломжтой болох юм.

-Энэ Бүтээн байгуулалтын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгэх үү?

-Тийм ээ. ВОТ гэсэн хувилбараар гүйцэтгэнэ. Энэ нь гүйцэтгэгч компани өөрсдийн хөрөнгөөр барьж, ашиглаад төрд хүлээлгэн өгөх юм.

-Харин тээврийн тариф ямар байх бол. Энэ асуудал шийдэгдээгүй байгаа биз дээ?

-Яг одоо энэ тарифын асуудлыг хэлэлцэж байна. Асуудал боловсруулалтын шатандаа яваа учир одоогоор энэ тухай хэлэхэд арай эрт байна.

-Уул уурхайн том ордуудыг түшиглэн төмөр зам байгуулах ажлыг ямар үе шаттайгаар, хэдий хугацаанд хэрэгжүүлэх вэ. Санхүүжилтийг яаж шийдэх вэ?

-Зөвхөн уул уурхайн ордод түшиглэсэн биш, томоохон хот суурин газруудыг холбосон нийт 5683 км зам тавина. Ажил гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, хугацаагаар хуваагаагүй, үе шатаар нь хувааж байгаа. Тэгэхээр нэгдүгээр үе шат хэрэгжсэний дараа хоёрдугаар үе шат эхлэнэ гэсэн үг. Эхний үе шат 2011 онд эхэлнэ. Таван толгой-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсан-Соловёвск чиглэлд нийт 1100 км төмөр зам барина. Хоёрдугаар үе шатанд 900 км, гуравдугаар үе шатанд 3600 орчим км зам барих юм. Үе шат бүр тодорхой чиглэлүүдтэй. Санхүүжилтын асуудлыг тухай бүрт нь шийднэ. Юутай ч концессоор гүйцэтгэнэ, ямар нөхцөлтэй вэ гэдгийг одоохондоо хэлэх боломжгүй.

-Төмөр замын царигийн хэмжээ нэлээд маргаан дэгдээсэн. Одоо маргаан дууссан уу?

-Царигийн талаар маргаан байсан.  Одоо бол тодорхой болсон. УИХ-аар баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын дөрөв дэх хэсэгт Төмөр замын шугамын царигийг тусгайлан шийдсэн. Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна гэж заасан. Энэ нь өргөн буюу одоо манай улсад ашиглаж байгаа цариг юм.

Харин бүтээгдэхүүн нь шууд экспортод гарах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын царигийн өргөнийг УИХ тухайн үед нь шийдвэрлэж байх болсон.

-“Энержи Ресурс” Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн нь түүхэнд бичигдэх үйл явдал гэгдээд байгаа. Компанийн танилцуулгад Хятад руу нарийн царигтай төмөр зам тавина гэсэн, тавиад эхэлчихсэн байгаа нь тэгвэл төрийн бодлогоос давсан хэрэг биш үү. Үүнд та юу хэлэх вэ?

-Хоёр тусдаа асуудал байна гэж би харж байгаа. Нэгдүгээрт, “Энержи Ресурс” компанийн барихаар төлөвлөж байгаа энэ чиглэл нь УИХ-аар баталсан төмөр замын бодлогын хоёрдугаар үе шатанд орсон. Энэ талаасаа бол асуудалгүй. Хоёрдугаарт, Төмөр замын бодлогын 4.1.2-т зааснаар “Энержи Ресурс” компанийн барихаар төлөвлөж байгаа энэ төмөр замын шугамын царигийн хэмжээг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Энэ асуудал бол хийгдээгүй байгаа. Одоогоор ийм л хариулт өгье дөө.

-УБТЗ нийгэмлэгтэй холбоотой хамгийн сүүлийн шуугиан шинээр авсан зүтгүүр эвдэрсэн тухай асуудал. УБТЗ “Трансмашхолдинг” нэгдэлтэй зүтгүүр авах гэрээ байгуулсан, шинээр авсан зүтгүүр нь гэрээний дагуу авчирсан зүтгүүр гэдэг үнэн үү. Оросын хэвлэлүүдэд ингэж бичсэн байсан?

-“Трансмашхолдинг” нэгдэлтэй зүтгүүр авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу зүтгүүрүүд орж ирээгүй байгаа. Харин туршилтаар явж байсан энэ маркийн зүтгүүр эвдэрсэн нь үнэн. Эвдрэлийг нь тухай бүрт нь оношилж засварласан, одоо хэвийн ажиллаж байгаа.

-Та УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны Монголын талын ахлагч. Оросын гадаад худалдааны банкаас УБТЗ 150 сая ам.доллар зээлэх болсон тухай сонирхмоор байна?

-Сая болж өнгөрсөн Хувь нийлүүлэгчдийн хурлаар ОХУ-ын ВТБ банкнаас 150 сая долларын зээл авахаар шийдвэрлэсэн. Одоо зээлийн гэрээ байгуулах ажил нь явж байгаа. Энэ зээлээр УБТЗ 35 ширхэг хүнд даацын, сэлгээний 13 гээд нийтдээ 48 зүтгүүр худалдаж авах юм.

-Таныг УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлын үеэр оросуудтай муудалцсан гэж дуулсан. УБТЗ-ын нийгмийн салбарын өмчлөлийн асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ерөнхий хорооны хурлын үеэр оросуудтай муудалцаагүй, харин санал зөрсөн асуудал бол байгаа. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяанд байгаа интернетийн шилэн кабелийг ашиглах тухай асуудлаар санал зөрж маргасан. Дараа нь Ерөнхий хорооны Оросын талын гишүүд асуудлыг ойлгож, бид 100 хувийн саналаар УБТЗ нийгэмлэгт ашигтай шийдвэр гаргаж чадсан. Нийгэмлэгийн харьяанд байдаг нийгмийн чанартай обьектуудыг төрийн өмчид шилжүүлэх асуудал ч мөн л олон жил яригдаж байна. Энэ талаар бол би төрд шилжүүлж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Гэхдээ үе шаттайгаар, төсөвт дарамт болохгүйгээр. Энэ асуудлыг судлах ажлын хэсэг Төмөр замын газрын даргаар ахлуулаад жил гаруй ажиллаж байна. Гэтэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ санаатай, санамсаргүйгээр гуйвуулж, хувьчлах гэж байгаа мэтээр бичиж байгаа нь харамсалтай. Уг нь бол Монгол-Оросын хамтарсан компаниас Монгол Улсын төрийн өмчид шилжүүлж авах тухай л асуудал яригдаж байгаа шүү дээ.

-Барилгын салбар нэг л олигтой тэлж чадахгүй байна. Тэдэнд юу хэрэгтэй байна вэ?

-Өнөөдөр манайд чадваргүй, техник тоног төхөөрөмж муу, мэргэжлийн боловсон хүчин тааруу маш олон барилгын компани байна. Дээрээс нь тэд барилга барих газраа маш үнэтэй авдаг. Санхүү эдийн засгийн хямрал нөлөөлчихсөн. Түүнчлэн  барилгын материалын 70-аас дээш хувийг импортоор авч байна. Нөгөө талд иргэдийн худалдан авах чадвар сул зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас барилгын салбар өнөөдөр өндийхгүй байна. Монголд орон сууцны зээлийн систем бүрэлдээгүй, урт хугацааны зээл олгох чадалтай банк алга. Арилжааны банкууд мөнгөөрөө Засгийн газрын бонд худалдаж авчихаад эрсдэл хүлээхгүй гар хумхин суух болж. Гэтэл барилгын компаниудад бүтээн байгуулалтын зээл олгохгүй байна. Ерөнхийдөө ингээд харахаар систем нь эрүүл бус байгаа биз. Тэгэхээр бид хоёр талд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Иргэд, худалдан авагчдад эдийн засгийн зөв бодлогоор дэмжлэг үзүүлж, нөгөө талд барилгын компаниудыг дэмжсэн урт хугацааны бүтээн байгуулалтын зээл олгох боломж нөхцлийг бүрдүүлж өгөх. Монголбанк, Засгийн газартай хамтарч эдийн засгийн эрүүл орчин бий болгох хэрэгтэй.

-Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөр шиг хувийн хэвшилд ажиллаж буй иргэдэд зориулсан хөтөлбөр ч бас хэрэгтэй биш үү. Тэнд илүү олон хүн ажиллаж байгаа?

-Бидний хэрэгжүүлсэн Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөр маш үр дүнтэй болсон, амжилттай хэрэгжсэн. Аль аль талд нь боломж бололцоо олгосон шүү дээ. Цаашид бид 10 мянган айлын орон сууц болгон нэмэгдүүлье гэсэн бодолтой байгаа. Төрийн албан хаагч 140 мянга байгаа шүү дээ.

Та зөв хэллээ, хувийн хэвшлийнхэн ч мөн ийм боломжийн нөхцөлтэй орон сууцны зээллэгт хамрагдах хэрэгтэй гэж. Яг одоо 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж байна. Үүнд хувийн хэвшил хамрагдах боломжтой болно.

-2011 оны төсвийн хууль батлагдчихлаа. Олон шүүмжлэлд өртсөн төсөвт нэг км авто зам барих өртгийг 380 сая төгрөг гэж суулгасан. Гэтэл Авто замчдын холбоо хатуу хучилттай зам барих өнөөгийн бодит үнэ 475 сая төгрөг байна гэсэн жишиг үнэ зарласан. Үнэхээр тийм бол автозамын компаниуд мөнгөндөө хавчигдаад чанаргүй зам хийгээд байгаа юм биш үү?

-Холбооноос зарласан жишиг үнийг анхаарах ёстой. Тиймээс яг өнөөгийн бодит үнэ ямар байгааг тогтоох даалгаврыг манай яамны Зам тээврийн бодлогын газарт даалгаад хийж байна. Өнөөдөр цаг үеэ дагаад техник тоног төхөөрөмж шинэчлэгдэж байна, үүнийг дагаад үнэ өртөг нь ч нэмэгдэнэ. Тэгэхээр нэг км авто зам барих өртөг зардал яг хэд байна вэ гэдгийг эргэж харж тогтоох хэрэгтэй байгаа юм. Бодит үнэ л байх ёстой, ямар нэгэн байдлаар хөөрөгдсөн үнэ биш.

-Монгол Улсад ойрын жилүүдэд бүтээн байгуулалтын ажил их өрнөнө. Хэдий хэрийн авто зам барихаар төлөвлөсөн бэ?

-Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 2012 он гэхэд Улаанбаатар хотод 112 км авто зам шинээр барьж, 150 км авто замыг шинэчилнэ. Мөн гурван байршилд гүүрэн гарц барихаар төлөвлөсөн. Олон улсын чанартай улсын замыг орон нутагт 1800 км барьж, 990 км хурдны замыг 2014 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-Та Ардчилсан намын ууган гишүүдийн нэг. Тиймээс улс төрийн амьдралын талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. 1990-ээд онд та намдаа юу хийсэн бэ, олон нийтийн өмнө бол их хожуу гарч ирсэн шүү дээ?

-Яривал их юм ярина шүү дээ. 1990 онд би жагсаал цуглаанд оролцож, лоозон барьж, улс төрийн өлсгөлөнгийн үед хамгаалалтанд зогсож, “Ардчилал” сонинг тараах гэх мэтээр гишүүдийнхээ нэг адил намын ажилд гар бие оролцож явсан. 2000 онд ардчиллын төлөө таван нам нэгдэхэд Э.Бат-Үүл гишүүний хүсэлтээр Ардчилсан намын анхны дүрмийн эх хувийг нам нэгтгэх ажлын хэсгийнхэнд гаргаж өгсөн. Энэ эх хувь одоо ч надад байгаа. Би Байгаль орчны сайд Л.Гансүхийг намын ерөнхий нарийн бичгийн дарга байхад нь эх хувийг хуулбарлан гардуулж өгсөн. Ардчилалд өөрийн хувь нэмрийг чадах ядахаараа оруулсан л гэж боддог.

-Өнөөдөр та улс төрийн хоёр том хүчнийг юу гэж харж байна вэ. Тухайлбал, өөрийнхөө намыг. Ардчилсан нам мөн чанараа алдлаа гэж их шүүмжлүүлж байгаа?

-Энэ хоёр улс төрийн нам Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлогч хүч гэж би харж байна. Ардчилсан намгүйгээр Монгол улс хөгжихгүй гэж боддог.

-Яагаад?

-Би тэгвэл таны асуултыг асуултаар хариулья. “Монголд Ардчилсан нам байхгүй бол ямар байх бол …” гээд та өөрөөсөө асуугаад үзээрэй л дээ.

-Сайхан хариулт байлаа. Баярлалаа.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж