Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцаллаа

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар шүлхийн голомт бүхий бүсийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг буулгасан байна. Есдүгээр сарын 17-нд Монгол Улсын Засгийн газар 246 дугаар тогтоол гаргаж малын шүлхий өвчин гарсан Дорнод, Сүхбаатар аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын горим тогтоож ажилласан. Үүнээс хойш тодорхой хугацаа өнгөрч энэ бүс нутгийн өвчлөмтгий байж болох нийт таван сая орчим толгой малд вакцинжуулалт хийсэн. Шүлхий өвчинтэй тэмцэх журамд заасны дагуу хамгийн сүүлийн өвчлөл гарснаас буюу хамгийн сүүлийн вакцин хийснээс хойш гурван долоо хоногийн дараа ямар нэг өвчний сэжиг нэмж илрээгүй бол өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалдаг аж.

Шадар сайд М.Энхболд энэ талаар танилцуулж “өнгөрөгч сарын 25-нд Улсын онцгой комисс энэ асуудлыг авч хэлэлцээд Засгийн газраар хэлэлцүүлэхээр болсон бөгөөд бид хуралдаад арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс тус аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг буулгаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосноос энэ бүс нутгийн 900 шахам өрх айл, малчид өвөлжөөндөө бууж чадаагүй байгаа.  Амьдрал ахуй нь хүндрэлтэй, хүнсний хангамж, төв, орон нутгийн хооронд зорчиход бэрхшээл гарсан. Иймд өнөөдрөөс хуучин, ердийн дэглэмдээ орж байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ хоёр аймгийн Засаг дарга нар орон нутгийнхаа нөхцөл байдалд нийцсэн тодорхой шийдвэрүүдийг гаргаж цаашид анхааралтай ажиллах ёстой. Эцсийн халдваргүйжүүлэлт, ариутгалыг бүрэн хийж, орон нутагт нь хүлээлгэн өгөх ажлыг Улсын онцгой комисс, ОБЕГ, УМХЕГ–аас хийх ёстой. Энэ хоёр аймгаас гадна Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгуудад шүлхийн сэжиг илэрч, шинжилгээгээр тогтоогдож байна. Аль болохоор өвчнийг тархаахгүй, олон мал өвчлүүлэхгүйн тулд яаралтай вакцинжуулалт, эмчилгээ хийх, гарцаагүй өвчилсөн малыг устгах арга хэмжээг зохион байгуулж байна.

Цагаан зээрийн бэлчээр, нүүдэлтэй холбогдож өвчний тархалт гарч байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон.Нийслэлд Улсын онцгой комиссын шийдвэрээр вакцины зардлыг хотын захирагч өөрийн нөөц хөрөнгөөс гаргаж 400 орчим малд хийхээр болжээ. Сонги­нохайрхан, Багануур дүүр­­­­­гээс бусад дүүрэгт 100 хувь вакцинжуулалт хийжээ. Үлдсэн хоёр дүүрэгт бусад аймаг, орон нутгийн нутаг дэвсгэрт нүүж шилжсэн ганц нэг өрхийн малыг вакцинжуулах ажил дутуу байгаа юм байна.

Бичил уурхайтай холбоотой журам гаргалаа

Засгийн газрын мөн хуралдаанаас “Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг гаргасан бөгөөд нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Бичил уурхайгаас ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмал олборлож байгаа үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах бөгөөд иргэд бичил уурхай эрхлэхийн тулд хэрхэн зохион байгуулалтад орох, олборлолт явуулах гэрээ байгуулах өргөдлийг хэнд гаргах, олборлолт явуулах талбайн хэмжээ, хязгаар сум, дүүрэгт ямар байх, үндсэн ордын хүдрийг хаана баяжуулах, боловсруулсан алтыг хэрхэн худалдаж борлуулах, бичил уурхай эрхлэхэд юуг хориглох, төрийн захиргааны болон орон нутгийн засаг захиргааны байгууллага ямар эрх, үүрэгтэй байхыг зохицуулсан байна.

Журмаар нилээд олон харилцааг тодорхой зохицуулсан бөгөөд сум, дүүргийн хэмжээнд бичил уурхайн зориулалтаар нөхөрлөлд эзэмшүүлэх талбайн хэмжээ таван гектараас ихгүй байх,  Нөхөрлөл нь таваас цөөнгүй гишүүнтэй байх, Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан судлаж, шаардлага хангасан гэж үзвэл гэрээ байгуулах зэргийг заасан аж.

БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээг дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаар ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулах гэрээний төсөл болон гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн төслийг хэлэлцэн зарчмийн хувьд дэмжсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ял эдэлж байгаа иргэд солонгос, хятадад нэлээд бий. Хэдэн жилийн өмнөөс ялтан шилжүүлэх гэрээ байгуулах саналыг манай тал тавьсан. Цаад тал багагүй ажилласны үр дүнд энэ оны найман сард эцсийн хувилбар дээрээ зөвшилцөн УИХ-ын Байнгын хороо руу шилжүүлэх шатанд хүрлээ. Гэрээ хоёр талдаа батлагдчихвал аль аль талын шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийг хүсэлтээр нөгөө талд яаж шилжүүлэх, ялыг хэрхэн эдлүүлэх зэрэг нарийн асуудлыг зохицуулсан төсөл бий. Байнгын хороо зөвшөөрчихвөл гарын үсэг зурах шатанд орно. Энэ гэрээ чуулганы төгсгөл, хаврын чуулганы эхээр нэг тийш шийдэгдэх байх” гэв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж