2010 онд батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбоотой гурван чухал хууль Улсын Их Хурлаар батлагджээ. Үүнд, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, хоёр дахь нь Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай, гурав дахь нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд юм. “Энэ нь манай салбарын эрх зүйн шинэтгэл бадит утгаараа эхэллээ” хэмээн Л.Болд онцоллоо.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Зэвсэгт хүчний жанжин штабын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсаныг онцлон тэмдэглэлээ. “Энэхүү шинэ бүтцээр жанжин штаб АНУ тэргүүтэй НАТО-гийн орнуудад түгээмэл хэрэглэгддэг J-ийн бүтцэд шилжсэн нь олон улсын жишигт ойртсон алхам болсон гэж ойлгож байгаа. Үүнтэй уялдан зэвсэгт хүчинд ерөнхий зориулалтын цэргийн болон агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хоёр командлал эмхлэн байгуулагдсан” хэмээн сайд үгэндээ дурдлаа.
Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа өргөжиж байгаа сайд онцлон тэмдэглэж байна. “Ялангуяа 20 гаруй жил тасалдсаны эцэст Монгол, Оросын цэргийн харилцаа өндөр түвшинд сэргэж байгаа нь манай гадаад харилцааны нэг томоохон амжилт гэж үнэлэх бүрэн үндэстэй. Өнгөрөгч жилийн хувьд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал бодит үр дүнтэй болсон төдийгүй тус улсын нутаг дэвсгэрт Дархан-3 томоохон байлдааны сургууль зохион байгуулж, манай зэвсэгт хүчний 250 орчим цэргийн алба хаагч, 70 орчим техникээ оролцуулсан нь хөрш орнуудын хувьд сүүлийн жилүүдэд болж байгаагүй цэргийн хамтын ажиллагааны томоохон арга хэмжээ юм. Өмнөд хөрш БНХАУ-тай тогтоосон цэргийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна” гэлээ.
Ирэх 2011 оныг батлан хамгаалах болон зэвсэгт хүчний чадавхид үнэлгээ өгөх жил болгоё гэсэн саналыг сайд Л.Болд дэвшүүллээ. “Зэвсэгт хүчнийг цаашид хэрхэн ашиглах, стратегийн ямар зорилготой байж, ямар нөөц хэрэгсэл ашиглаж, ямар аргаар эх орноо гадны түрэмгийлэгчдээс хамгаалах үндсэн үүргээ биелүүлэх вэ гэдгийг 2011 онд тодорхойлж дуусгая. Үндсэн үүргээсээ гадна олон талт ямар үүргүүдийг ямар хүчээр гүйцэтгэж чадахаа тодорхойлъё” хэмээн хэллээ.