Ирэх онд инфляцийн түвшин нэмэгдэх үү? Энэ асуултад хариулт өгөхөөр УИХ-ын Төсвийн Байнгын хорооноос өчигдөр хэвлэлийн хурал зарлав. Хэвлэлийн хуралд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Дондог нар оролцож, УИХ-аас баталсан ирэх оны төсөвтэй холбогдуулан тайлбар хийлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2011 оны нэгдсэн төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн хуулийн төслүүдийг баталснаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үр дүнгийн үзүүлэлтэд тодорхой өөрчлөлтүүд гаргахаас өөр аргагүйд хүрчээ. Тухайлбал, Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3,284.2 тэрбум төгрөг байсныг 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 3,954.9 тэрбум төгрөг байсныг 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 670.7 тэрбум төгрөг байсныг 779.5 буюу ДНБ-ий 9.9 хувь болж өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 1.3 хувиар нэмэгдсэн байна.
Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2011 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа улсын төсвийн хөрөнгийн зардал 737.9 тэрбум төгрөгт хүрч Засгийн газрын өргөн барьсан зардлаас нийт 95.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг буюу өргөн барьсан хуулийн төслөөс 28.4 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 805.2 тэрбум төгрөгт хүрэхээр тооцоо гарсан гэнэ.
Хэвлэлийн хурлаас сэтгүүлчдийн сонирхож байсан асуултууд ирэх онд инфляцийн түвшин нэмэгдэх эсэх, мөнгө тараах амлалт үүнд хэрхэн нөлөөлөх тухай байсан бөгөөд Төсвийн Байнгын хорооны гишүүдээс дараах асуултад хариулт авсан юм.
-Төсөв батлахын өмнөхөн төсвийг энэ чигээр баталбал инфляц нэмэгдэнэ гэдгийг олон улсын байгууллага, Монголбанкны зүгээс анхааруулж байсан шүү дээ?
Ц.Даваасүрэн:
-Төсвийн алдагдал өндөр байгаатай холбогдуулан олон улсын байгууллагаас болгоомжилсон байдал гаргадаг. Онолын хувьд төсвийн алдагдал өндөр байвал тухайн орныг татвараа нэмж болзошгүй гэсэн дохиолол тэдэнд бий болдог. Гэвч манай энэ удаагийн төсөв бол татвар нэмж алдагдлаа нөхөх гэсэн дохио болохгүй байх. Яагаад гэвэл хөгжлөө даган өсөж байгаа төсөв. Түүнтэй уялдан хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа учраас зардал нь өсчээ гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгоно байх бодож байна. Өөрөөр хэлбэл энэ бол бүтээн байгуулалт дагасан төсвийн алдагдал юм.
-Та он гарангуут төсөвт тодотгол хийж болзошгүй гэж байсан. Уг нь Тогтвортой байдлын тухай хуулиар төсөвт гар хүрэхийг хориглосон гэж ойлгосон?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 183 тэрбум төгрөгийг хуримтлуулсан байгаа. Энэ нь төсвийн алдагдлыг гуравны нэг нь хуримтлагдсан гэсэн үг. Хэрэв том бүтээн байгуулалтыг хойшлуулбал цаг хугацаа алдана. Тиймээс ч бүгдийг төсөвт суулгах аргагүй. Гэнэтийн хямрал болчихдоггүй юм бол уул уурхайн гэрээнүүд амжилттай хийгдэж, урьдчилгаа төлбөрөө авч чадвал ямар нэг асуудал гарахгүй.
Д.Ганхуяг:
-Төсвийн зарлага нэмэгдэхэд тодорхой хязгаарлалт байдаг. Тогтвортой байдлын тухай хуулийг баталсан шалтгаан нь хүний хөгжил сангийн голлох орлого тодорхой бус, хөрөнгө оруулалтын хэмжээ 2.2 их наяд төгрөг болсон хэрнээ дөнгөж 10 хувь нь хийгдэхээр байсантай холбоотой. Гэтэл төсвийн зарлага тийм их нэмэгдээгүй. Хуулийн төслийг анхлан оруулж ирэхдээ төсвийн алдагдлыг таван хувьтай байсныг нь бид төсвийн алдагдлаа дутуу тусгасан байна, хүний хөгжил сангаар тараагдах мөнгө төсвийн зарлага орох ёстой гэсэн. Ингээд УИХ дээр 1.3 хувиар нэмэгдсэн. Хамгийн гол нь 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээ, тогтворжилтын санд 68 орчим тэрбум төгрөг болж хуримтлагдана. Нөөцийн шаталсан татварыг нэмэгдүүлэх хуулийн төслөөс орлого нэмэгдсэнтэй холбоотой гарах зардлыг мөн оруулж өгсөн.
Ер нь энэ жилийн төсвийг түүхэн гэж хэлж болно. Нөгөө талаас бол эрсдэлтэй төсөв. Иймд төсвөө төр засгаас гадна ард түмэн, ажил хэрэгч хүмүүс эдийн засгийн бүтцийг эвдчихэлгүй авч гарах шаардлагатай. Амлалтын 805 тэрбумын 140-өөд тэрбум нь ногдол ашиг болж байгаа. Цаашид ногдол ашиг нэмэгдээд явна. Мөн төсвийн хүрээнд нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг эргэлтэд оруулж, түүгээрээ дэд бүтэц, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглана гэж Засгийн газартай тохирсон.