Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Ууган намын задрал

Өөрчлөн байгуулалтын дулаарлаар ч, социалист системийн уналтаар ч, 1990 оны ардчилсан хувьсгалаар ч задрах нь байтугай салхи авалгүй өнөөг хүрсэн МАХН эцсийн бүлэгт жам ёсныхоо зүйлтэй анх удаа нүүр тулав.

Монголын ууган улс тө­рийн на­мын задрал үр­гэл­жилж байна. Өөрчлөн байгуулалтын дулаарлаар ч, дэлхийн социалист системийн уналтаар ч, Монголд өрнөсөн1990 оны ардчилсан хувьсгалаар ч задрах нь байтугай салхи авалгүй өнөөг хүрсэн МАХН хэмээх нам эцсийн бүлэгт жам ёсныхоо зүйлтэй анх удаа нүүр тулав. Пост коммунист орнууд тухайн цагт эрх барьж байсан коммунист намуудаа татан буулгаж, шинээр зохион байгуулсан байхад манайд л 70 жил төр барьсан МАХН шинэ залуу ардчилалтай хамт дахиад 20 жил амьдарсан юм.

Ардчиллаар халагдаагүй энэ нам өнөө­дөр удирдлагуудынхаа гарт “төрөл арилжих” тавилантай байжээ. Наян есөн жил цул байсан аварга биет 90 насныхаа босгон дээр аргагүй эмтэрч, задралынхаа замд орлоо. Өдгөөгөөс 18 жилийн өмнө МАХН-аас Сэргэн мандлын нам салж байсан ч эрдэмтэн судлаачид, хэлмэгдэгсдээс бүрдсэн уг намд жирийн гишүүдийн оролцоо бага байсан юм. Харин одоо намын гол цөм болсон жирийн гишүүд нь гэв гэнэт төрөл арилжиж буй намаасаа гэрэвшин сугарч эхэллээ.

Өнөөдөр энэ нам лидер, дарга нар, тэдний тойрон хүрээлэгчдээс голлон бүрдсэн МАН, энгийн гишүүд голдуу бууриа сахиж хоцорсон МАХН гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. Ардын нам, ардын засаг гэж хөөрсөн дарга нар буурин дээрээ хоцорсон жирийн гишүүдээ юманд тоохгүй байгаа нь тэдний гишүүдээсээ хэр тасарсныг харуулсан нүүр царай гэж хэлж болно. Анх элссэн намынхаа голомтыг сахисан гишүүддээ юу ч үлдээхгүй гэсэндээ МАН-ын дарга нар бүхий л аргаа хэрэглэж байна.
“МАХН бол МАН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл. Тийм болохоор МАХН гэдэг үгийн дэлгэрэнгүй болоод товчилсон хувилбар, туг далбаа, тамга тэмдэг, МАХН-д хамаатай юм болгон манай өмч” хэмээн зарлалаа. Тэгснээрээ голомтон дээрээ үлдсэн олон мянган гишүүнээ “Хэн ч биш” хэмээн басамжлав. Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэхдээ энэ бүхнийг манай үүрдийн өмч хэмээн баталгаажуулжээ.

Анх Тэрэлжийн тунхаглал гаргах­даа МАН-ын дарга нар намынхаа нэрийг солих бус, зүгээр л анхны нэрээ сэргээж байна гэсэн боловч Улс төрийн намуудын тухай хуульд “Намын нэрийг сэргээнэ” гэсэн заалт байхгүйн улмаас “Нэрээ өөрчиллөө” гэсэн тогтоол гаргасан. Улсын дээд шүүх ч МАН-ыг бүртгэн авахдаа “намын нэрийг өөрчлөн бүртгэх хууль зүйн үндэслэлтэй” гэж үзсэн байна. Тэгэхээр намынхаа нэрийг сэргээнэ гэсэн нь гишүүдээ хуурсан хэрэг болоод л өнгөрчээ.

МАН-ын дарга нар намынхаа нэрийг өөрчилснөөр намдаа задрал авчрахаа тооцоолсонгүй юу, эсвэл тоосонгүй юу.

Одоогоор МАН-ын 160-аад мянган гишүүнээс арваад мянга нь голомтоо сахихаар шийдсэн байна. Нэг түмэн хүн гэдэг цөөхөн хүн амтай манайд бол их тоо. Тэд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраар ахлуулан зохион байгуулалтад орж, таван зохицуулагч, бусад ажлын хэсгүүдтэйгээр МАХН-аа дахин зохион байгуулахаар ажил­лаж эхлэв. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэдэнд бодох хугацаа өгч буйгаа мэдэгдээд авсан. Гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн эхнэр, нөхөр хоёрыг шүүхийн журмаар эвлэрүүлэх хугацаа өгдөг шиг МАХН-д үлдсэн гишүүддээ эргэцүүлж бодох хугацаа олгож, хэрэгсэхгүй бол МАН-ын дүрмээр хариуцлага хүлээлгэх гэнэ. МАН-ын ХХYI их хурлаар намын дү­рэмд өөрчлөлт оруулж, намын бодлого шийдвэрийг дагаагүй, нэр дэвшигчидтэй зэрэгцүүлж сонгуульд бие даан нэр дэвшсэн гишүүдэд намаас гарсанд тооцох хариуцлага хүлээлгэхээр болсон. Тэр дагуу бодох хугацаа олгож байгаад мөнөөх үгэнд ороогүй нэг түмэн гишүүнээ бөөндөж намаас гаргах бололтой юм.
Харин нөгөө гишүүд нь “Бид анх МАХН гэдэг намд элссэн. Бат илэрхийлэх нь ч байна. Тийм байтал МАН-ын дарга нар өөрсдөд нь огт падгүй маньдаа хариуцлага тооцно гэж юу байсан юм” хэмээж байна. Ц.Шинэбаяр гишүүн ч “Би МАХН-ын гишүүн. МАХН гэдэг нэрээр сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн байсан. Харин бусад нөхөд маань МАН болчихоод бүлэгт нэгдээгүй гэж намайг гоочилж байгаа нь буруу” гэчихсэн.
МАХН-ын гишүүд хөдөлгөөнд орж үүрүүдээ сэргээн байгуулаад эхэллээ. Тэдний хэлж байгаагаар МАХН-ын анхан шатны үүрүүдийн гишүүдийн талаас илүү хувь нь хуучин нэрээрээ үлдэхээ илэрхийлээд буй гэнэ. Энэ бүхнээс харахад МАН-ын дарга нар энгийн гишүүдээ дэндүү дорд үзжээ.

Анх элссэн намдаа, нэрэнд нь, үзэл бодолдоо үнэнч үлдсэн гишүүдээ баалж, бууриа орхиод нүүчихсэн дарга нар голомтоо сахисан гишүүдээ басамжлан загнаж байна.

Олон жил энэ намын төлөө гүйж, сон­гуульд санал цуглуулах гэж гутал хувцсаа барсан гишүүд нь биш, шинэхэн гишүүд болох Чингис хаан хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, хүний эрхийн хуульч М.Ичинноров, Д.Сумъяабазар аварга, бусад бөхчүүд, бизнесийнхэн МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлд заларсан нь арга буюу МАН-ыг дагасан гишүүдэд нь ч таатай санагдаагүй нь лавтай. Голомтоо сахисан гишүүд МАХН-д онц байдал, аюул нүүрлэснийг зарлаж, энэ сардаа багтаан онц их хурлаа хуралдуулахаар төлөөлөгчдөө сонгож эхэлжээ.

МАХН-ыг МАН болгосон нь ердөө л МАН-ын олигархжсан удирдлага эрх мэдлээ хадгалах, УИХ-ын 2008 оны сонгуулиар иргэдэд амласан 1,5 сая төгрөгөөсөө бултах, тухайн үед иргэдэд тараасан 1,5 сая төгрөгийн батламжаа эзэнгүй болгох, бүр цаашлаад 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний бурууг өөрөөсөө зайлуулах гэсэн хэрэг боллоо гэж улс төрийн хүрээнд үнэлэгдэж байгаа.

Хэдийгээр намын удирдлагууд нь үүнийг намын шинэчлэл, үзэл баримтлалын дэвшил хэмээн үнэлж байгаа ч үнэн хэрэгтээ Монголын ууган улс төрийн намд задрал нүүрлээд байна. Өөрчлөн байгуулалтын дулаарлаар ч, дэлхийн социалист системийн уналтаар ч, Монголд өрнөсөн1990 оны ардчилсан хувьсгалаар ч задрах нь байтугай салхи авалгүй өнөөг хүрсэн МАХН хэмээх нам эцсийн бүлэгт жам ёсныхоо зүйлтэй анх удаа нүүр тулж байгаа нь энэ. Ингэснээр ирэх сонгуульд МАН, МАХН гэсэн хоёр нам ардчилсан хүчинтэй төдийгүй хоорондоо өрсөлдөх нь тодорхой болж байх шиг.            

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж