“Стандарт бус” улс төр буюу бохир томилгоо

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Стандарт бус” улс төр буюу бохир томилгоо

Улстөрчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэх байдлаар зарим хууль, журам, төрийн бодлого шийдвэрийг гаргадаг нь ч нууц биш. Эцэст нь түүнийг нь хянах, шүүх ёстой байгууллагуудыг өөрсдийн талд худалдан авч байна.  

Шинэчлэл, ши­нэт­гэлийн ту­хай хамгийн их ярьдаг хэрнээ улс төр л өөрөө  шинэчлэгдэхгүй юм. Бизнес, банк санхүү, эдийн засаг, нийгмийн бусад салбарт технологийн хувьслыг дагасан шинэ маркетинг, шинэ залуу менежерүүд амжилт дагуулан гарч ирж байхад улс төр л урьдын адил бохироороо.

Энэ бохир, хоцрогдсон улс төр нийгмийн зохион байгуулалтад нөлөөлж, ул­маар улс орны хөгжлийг хойш нь татаж эхлэв. 

Улс төрөөс ангид, ир­гэн­лэг байх ёстой инсти­ту­циудыг улстөрчид эрх аш­гийн­хаа төлөө үйл­чилдэг утсан удирд­лагатай “хүүхэлдэй” бол­гож, үүнийгээ хэвийн зүйл гэж ойлгож заншжээ. Саяхан Хүний эрхийн үндэсний комиссын даргаар хэзээний эл доль болсон улстөрчдийн нэг Ж.Бямбадоржийг то­милж, түүний хашиж байсан Үндсэн хуулийн Цэцийн даргын орон гарсан суудалд мөн л улс төрийн хүрээнийхнээс томилохоор ярилцаж байна.

Энэ улс оронд улстөрчдөөс илүү ухаантай хүн байхаа больсон юм байх даа. Бүр сүүлдээ улсын өмчит аж ахуйн нэгж, компанийн удирдлагаар хүртэл улс­төрч­дийг томилж байна. Ажилгүй яваа нэгнийг ажил албатай болгохын тулд ингээд байна уу гэхээр хараахан үгүй. Хамгийн сүүлд гэхэд Сангийн дэд сайдын алба хашиж байсан Т.Очирхүүг Улаанбаатар төмөр замын даргаар томиллоо. Одоо мөн­хүү дэд сайдын суудал сулрав. Бас нэг байнга татагд­даг жишээ гэвэл Засгийн газар солигдох бүрт дараа, дараагийн танхимдаа үлддэг сайдууд байна. “Тэнгэрийн бошго”-той гэгчээр тэд л сайд байдаг, тэр тусмаа нэг салбараас нөгөө рүү шилжиж, бүх талд ажиллаж чаддаг “универсал”-ууд.

Уг нь улстөрийн хүрээ­нийхэн хууль бус үйлдлээ л “стандарт бус” гэдэг үгээр эвтэйхэн хаацайлаад байгаа болохоос биш энэ нийгэмд бол арай өөр, “стандартлаг” зүйл дутагдаж байна. Жишээ нь, хууль тогтоогчид ху­вийн лобби, худалдаа най­маа­ны тохиролцоогоор Үндсэн хуулиас гажуудсан хууль журам гаргах вий гэдгийг хянах ёстой Үндсэн хуулийн Цэцийн даргаар улс төрөөс ангид эрхмийг томилохыг л “стандарт” гэж хэлэх ёстой байх. Иргэн нь иргэнийхээ эрх чөлөөнд халд­вал Иргэний болоод Эрүү­гийн хуулиар шүүдэг. Харин төр засаг иргэний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг хянах учиртай Хүний эрхийн үндэсний комиссийн тэргүүнээр төр засгийнхнаас эрх ашиг тусдаа эрх­мийг сонгох хэрэгтэй. Ингэж л чадвал эрх баригчид жинхэнэ “стандарт” алхам хийж байна гэсэн үг.

Иргэдийн сонгогдох эр­хийг өм­нөөс нь эдэлж, УИХ-д депутат болсон нөх­дүүд уг нь иргэний л эрх ашгийг төлөөлөх ёстой юм. Гэтэл харамсалтай нь тэд хууль тогтоох байгууллагад ормог­цоо “иргэн” байхаа болиод “Төр” болчихдог. Улмаар иргэний бус, төрийн эрх ашгийг хамгаалагчид болж хувирна. “Иргэн” байх, “Төр” байхын хооронд аймшигтай их ялгаа бий. Өнөөдөр бүх хууль, журам, шүүх цагдаа иргэдэд нэг янзаар, эрх мэдэлтнүүдэд бас нэг өөрөөр үйлчилж байна. Хамгийн гол ялгаа нь энэ. Ийм шударга бус байдалд л өнөөдрийн нийгмийн бухимдал оршиж байгаа. Иргэд ажилгүй, ядуу байгаадаа биш эрх тэгш бус байгаадаа л илүү бухимддаг юм.

Улстөрчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэх байдлаар зарим хууль, журам, төрийн бодлого шийдвэрийг гаргадаг нь ч нууц биш. Эцэст нь түүнийг нь хянах, шүүх ёстой байгууллагуудыг” өөрсдийн талд худалдан авч байна.   

УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж уг нь гайгүй хуульчдын нэг гэгддэг. Гэхдээ тэр улстөрчидт буюу төр үндэс мөчрөөрөө холбогдсон нэгэн. Цэцийн дарга байхдаа спикер Ц.Нямдоржтой холбоотой мар­гаан дээр ямар байр суурь баримталж, өөрийгөө хэрхэн эвгүй байдалд оруулж байсныг нь олон хүн санаж байгаа. Андуураагүй бол “Олон жилийн найз нөхрийн хувьд…” гэсэн утгатай ярилцлага хэвлэлд өгч байсан санагдана. Уг нь тэр дээрээ хөх тэнгэрээс өөр эрхшээх зүйлгүй Үндсэн хуулийн Цэцийн дарга шүү дээ. Зүй нь бол Ц.Нямдоржийн ямар үйлдэл Үндсэн хуульд харшлав гэдгийг эхлээд бодох ёстой байсан юм.

Ардчилал нь маш хэврэг байгаа өнөөгийн Монголд төр нь иргэний нийг­мийнхээ эсрэг хүчирхийлэл хэрэг­лэвэл Хүний эрхийн үндэсний ко­мисс хөндлөнгийн дүгнэлтээ хаанаас эхлэх бол гэдэгт би хувьдаа айж байна.

Эрх баригчид томилгоо хийхдээ улстөрөөр хэдийнэ “бохирлогдсон” оюун сэт­гэхүй, эрх ашиг нь үндэс мөчир шиг сүлбэлдсэн хуучин кадруудаасаа яагаад татгалзаж чадахгүй байгаа нь ч ойлгомжтой.

Тэд тоглоомын бүх дүрмийг өөрсдөдөө ашигтайгаар зохио­дог энэ байдлаа “стандарт” гэж үзэж байгаа бол жинхэнэ эндүүрэл. Энэ “стандартаа” эвдье гээд ч тэдний эр зориг хүрэхгүй л дээ.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж