Зээлжих зэрэглэл буурч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Зээлжих зэрэглэл буурч болзошгүй

Монгол Улсын эдийн засгийн өсөлт оны эцэс гэхэд 12 хувь хүрэх урьдчилсан төлөвийг эдийн засагчид гаргаад буй. Харин одоогийн байдлаар 6,3 орчим хувь байгаа. Ирэх жилээс эдийн засгийн өсөлт улам хүчээ авч 20 хувь гарна гэдгийг Үндэсний Хөгжил шинэтгэлийн хорооноос мэдээлснийг энд иш татъя. Эдийн засгийн энэхүү өсөлтийг дагаад Монгол Ул­сын зээлжих боломж улам өсөн нэмэгдэж байна. Олон улсад нэр хүндтэй “FitchRatings”-ийн Зэрэглэл тогтоох зөвлөл Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг урт хугацаандаа “B+” буюу өмнөхөөс нэг зэрэглэлээр ахиулж, хэтийн төлөвийг нь “тогтвортой” хэмээн дүгнэснээ зар­ласан юм. Мөн “Standart&Poor’s” урт хуга­цаандаа “BB-”, богино хугацаандаа “B” хэмээн тогтоож, хэтийн төлвийг “тогтвортой” хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргасан байна. Зэрэглэл нэмэгдэхэд ОУВС-тай хамтран Stand-by хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан, Төв банкны валютын нөөц 1.7 тэрбум болж өссөн гээд онцгой хэдэн үзүүлэлт нөлөөлжээ. Цаашид уул уурхайн салбараас улбаалан манай улсын эдийн засаг хурдацтай өсөх төлөвтэй байгаа ба гол зах зээл болсон Хятадын эдийн засгийн төлөв байдал маш сайн байгаатай мөн холбосон байна.

Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн төвшингөө дээрх хоёр компаниас гадна “Moody’s” компаниар жил бүр шинэчлэн тогтоолгодог. Эдгээр байгууллагын мэргэжил­тэн, шинжээчид манай улсад ирж, төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хол­бог­дох мэдээллийг авч, газар дээр нь дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зэрэг­лэлийг шинэчлэн тогтоодог. Үүний дагуу “Standart&Poor’s”, “FitchRatings” манай улсын зээл­жих зэрэглэлийг тогтоосон бол “Moody’s” ком­панийн шин­жэ­эчид хараахан ирээгүй байна. Зээл­жих зэрэглэл өснө гэдэг нь олон улсын төвшинд манай улсын нэр хүнд өснө гэсэн үг. Гэсэн хэдий ч энэ зэрэглэл уруудаж болох шалтгаан бас байгаа.

Энэ удаа “FitchRatings”, “Standart&Poor’s” Мон­голын зээлжих зэрэглэлийг өсгөсөн ч энэ зэрэглэл амархан буурч болзошгүй гэд­гийг хэлж, зэрэг­лэлийг бууруулж болох хүчин зүйл­сийн жаг­саал­тыг гаргасан байна. Дээрх хоёр байгууллага ижил төстэй шалт­гааныг нэрлэсэн нь манай санхүүгийн сал­бар­ын эрүүл бус, сул байдал, банкны салбарын доголдлоос үүсч болзошгүй Засгийн газрын зардлын/өрийн/ дарамт зэрэг байна. Түүнчлэн “FitchRatings”, Монгол Улс уул уур­хайн салбараас ойрын хугацаанд орж ирэх ихээхэн хэмжээний орлогыг зөв зохис­той хуваарилах тогтолцоог бий болгохыг зорьж байгаа ч, амьдрал дээр энэ зорилгоо хэрэгжүүлэлгүйгээр, төсвийн зардлаа хэт өс­гөж, сангийн буруу бодлого явуулах нь тус зэрэглэлд сөргөөр нөлөөлнө гэжээ. Ерөнхийдөө уул уурхайн салбараас орж ирэх орлогыг  зөв зохистой зарцуулах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэсэн Дэлхийн банк болон хараат бус эдийн засагчдын хэлдэг шүүмжлэлтэй адил сануулгыг тэд бас өгч байна. Тиймээс сонсоход сайхан ч эмзэг, гулгамтгай байгаа зээлжих зэрэглэлийн төвшинг бууруулахгүй байх талаар холбогдох албан тушаалтнууд анхааралдаа авна биз ээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж