Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн төвшингөө дээрх хоёр компаниас гадна “Moody’s” компаниар жил бүр шинэчлэн тогтоолгодог. Эдгээр байгууллагын мэргэжилтэн, шинжээчид манай улсад ирж, төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, холбогдох мэдээллийг авч, газар дээр нь дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зэрэглэлийг шинэчлэн тогтоодог. Үүний дагуу “Standart&Poor’s”, “FitchRatings” манай улсын зээлжих зэрэглэлийг тогтоосон бол “Moody’s” компанийн шинжээчид хараахан ирээгүй байна. Зээлжих зэрэглэл өснө гэдэг нь олон улсын төвшинд манай улсын нэр хүнд өснө гэсэн үг. Гэсэн хэдий ч энэ зэрэглэл уруудаж болох шалтгаан бас байгаа.
Энэ удаа “FitchRatings”, “Standart&Poor’s” Монголын зээлжих зэрэглэлийг өсгөсөн ч энэ зэрэглэл амархан буурч болзошгүй гэдгийг хэлж, зэрэглэлийг бууруулж болох хүчин зүйлсийн жагсаалтыг гаргасан байна. Дээрх хоёр байгууллага ижил төстэй шалтгааныг нэрлэсэн нь манай санхүүгийн салбарын эрүүл бус, сул байдал, банкны салбарын доголдлоос үүсч болзошгүй Засгийн газрын зардлын/өрийн/ дарамт зэрэг байна. Түүнчлэн “FitchRatings”, Монгол Улс уул уурхайн салбараас ойрын хугацаанд орж ирэх ихээхэн хэмжээний орлогыг зөв зохистой хуваарилах тогтолцоог бий болгохыг зорьж байгаа ч, амьдрал дээр энэ зорилгоо хэрэгжүүлэлгүйгээр, төсвийн зардлаа хэт өсгөж, сангийн буруу бодлого явуулах нь тус зэрэглэлд сөргөөр нөлөөлнө гэжээ. Ерөнхийдөө уул уурхайн салбараас орж ирэх орлогыг зөв зохистой зарцуулах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэсэн Дэлхийн банк болон хараат бус эдийн засагчдын хэлдэг шүүмжлэлтэй адил сануулгыг тэд бас өгч байна. Тиймээс сонсоход сайхан ч эмзэг, гулгамтгай байгаа зээлжих зэрэглэлийн төвшинг бууруулахгүй байх талаар холбогдох албан тушаалтнууд анхааралдаа авна биз ээ.