Төрийн банкийг хэзээ хувьчлах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Төрийн банкийг хэзээ хувьчлах вэ?

Дампуурсан “Зоос” банкны суурин дээр Төрийн банкийг тойр­сон дуулиан шуугиан намжаагүй байна. “Төрийн банк бол “Зоос”-ын хумсаа нуусан хувилбар. “Төрийн” гэх тодотголоор олон нийтийн толгойг угааж төөрөг­дүүлж байна” гэхчлэн хэл ам дагуулсаар ирсэн уг банкийг удахгүй дампуурах гэж байгаа тухай сенсааци ч сүүлийн үед та­раад байгаа.  Эн мэтээр эргэлзээ төрүүл­сээр байгаа Төрийн бан­кийг ирэх онд хувьчлахаар бол­жээ. Харин одоогоор  чухам ямар хэлбэрээр, хэрхэн хувьчлах нь тодорхойгүй байна. Төрийн өм­чийн хорооныхон хүртэл хувьч­лах аргачлал ярих нь бүү хэл, хувьч­лах тухай сонсоогүй гэд­гээ ч нуусангүй. Харин УИХ-ын гишүүдийн хувьд сүүлийн хоёр сарын турш төсвийнхөө “цоор­хой”-г хэрхэн яаж нөхөх вэ гэж толгойгоо гашилгахдаа “өмч хувьч­лалаас 98,4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ” гэсэн хийсвэр ша­хуу тоог хүчээр оруулжээ. ДНБ-ий 1,3 хувьтай тэнцэж буй өмч хувьчлалын орлогын ихэнх хувь буюу 60 гаруй тэрбум төгрөгийг Төрийн банкны хувьчлалаас бүр­дүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

Харин Сангийн яамныхны ху­вьд хувьчлалын жагсаалтаа гар­гаа­гүй гэдгээр ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзав. Энэ сардаа багтаан жагсаалт гарсан тохиолдолд тус банкыг хэзээ, хэр­хэн хувьчлах нь тодорхой болох гэнэ. Хэрхэн яаж хувьчлах нь ч мөн л Засгийн газрын эрх мэдлийн хэрэг. Тиймээс Засгийн газар гэх “нэрээ нуусан” этгээдийн /зарим хүмүүс Засгийн газрыг гүй­цэтгэх засаглалын тэргүүнээр, нөгөө хэсэг нь Сангийн сайдаар төлөө­лүүлэн ойлгодог/ шийдийг хүлээгээд суухаас аргагүйд хүр­чээ. Ямартай ч одоогоор Төрийн банкны үйл ажиллагаа хэ­вийн явагдаж байгаа гэж Мон­голбанкнаас мэдэгдэж байна.  Өнөөдрийн байдлаар Төрийн банк  болоод бусад арилжааны бан­куудын алинд нь ч дампуурах, үйл ажил­лагаа нь доголдох үзэгдэл гараагүй гэв. Төрийн банкны хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чад­вар нь хэвийн, өөрийн хөрөнгө нь хангалттай байгаагийн дээр зээ­лийн эргэн төлөлт ч сайн байгаа гэнэ. Тус банкны нийт актив 180 тэрбум төгрөг, зээлийн хэмжээ 48 тэрбум, чөлөөт эргэлтийн мөнгө 100 орчим тэрбум төг­рөгт хүрчээ. Зоос банкнаас шилжүүл­сэн 70 тэрбум төгрөгийн зээл ч эхнээсээ хэвийн төлөгдөж эхэл­сэн аж.  Гэхдээ энэ банкыг тө­рийн гэх тодотголтойгоор удаан ажиллуулахыг Монголбанк эхнээс нь эсэргүүцсээр ирсэн. Аль бо­лох хурдан хувьчлах нь зүйтэй, тө­рийн мэдэлд удаах хэрэггүй гэсэн байр сууриа төв банк одоо ч илэрхийлсээр байгаа. Яаравчлах ч бодитой шалтгаан бий. Учир нь “төрийн” гэх тодотголтой бүхэнд түүнд ажиллаж буй хүмүүсийн гар хөл хүрч, тэр хэрээр эрх мэдэлд ойр нэгнийх нь шахааны бизнес цэцэглэдэг нь манайд хэвийн үзэгдэл болсон хойно.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж