
Харин Сангийн яамныхны хувьд хувьчлалын жагсаалтаа гаргаагүй гэдгээр ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзав. Энэ сардаа багтаан жагсаалт гарсан тохиолдолд тус банкыг хэзээ, хэрхэн хувьчлах нь тодорхой болох гэнэ. Хэрхэн яаж хувьчлах нь ч мөн л Засгийн газрын эрх мэдлийн хэрэг. Тиймээс Засгийн газар гэх “нэрээ нуусан” этгээдийн /зарим хүмүүс Засгийн газрыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр, нөгөө хэсэг нь Сангийн сайдаар төлөөлүүлэн ойлгодог/ шийдийг хүлээгээд суухаас аргагүйд хүрчээ. Ямартай ч одоогоор Төрийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж Монголбанкнаас мэдэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Төрийн банк болоод бусад арилжааны банкуудын алинд нь ч дампуурах, үйл ажиллагаа нь доголдох үзэгдэл гараагүй гэв. Төрийн банкны хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь хэвийн, өөрийн хөрөнгө нь хангалттай байгаагийн дээр зээлийн эргэн төлөлт ч сайн байгаа гэнэ. Тус банкны нийт актив 180 тэрбум төгрөг, зээлийн хэмжээ 48 тэрбум, чөлөөт эргэлтийн мөнгө 100 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Зоос банкнаас шилжүүлсэн 70 тэрбум төгрөгийн зээл ч эхнээсээ хэвийн төлөгдөж эхэлсэн аж. Гэхдээ энэ банкыг төрийн гэх тодотголтойгоор удаан ажиллуулахыг Монголбанк эхнээс нь эсэргүүцсээр ирсэн. Аль болох хурдан хувьчлах нь зүйтэй, төрийн мэдэлд удаах хэрэггүй гэсэн байр сууриа төв банк одоо ч илэрхийлсээр байгаа. Яаравчлах ч бодитой шалтгаан бий. Учир нь “төрийн” гэх тодотголтой бүхэнд түүнд ажиллаж буй хүмүүсийн гар хөл хүрч, тэр хэрээр эрх мэдэлд ойр нэгнийх нь шахааны бизнес цэцэглэдэг нь манайд хэвийн үзэгдэл болсон хойно.