Н.Мөнх-Оргилын эхнэр анх удаа ярилцлага өглөө

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын эхнэр анх удаа ярилцлага өглөө

Өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын эхнэр н.Түвшинбаяртай ярилцлаа.

Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болов. Шүүх хуралд түүний төрсөн дүү, ээж, эхнэр нь ирсэн байв. Шүүх бүрэлдэхүүн 12.00 цагаас хэргийг хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд  түүнийг бага насны хүүхэд санаатай алсан, хүчирхийлсэн, мөн Баянгол дүүрэгт гурван хүүхэд хүчирхийлж, биеэ хамгаалах чадваргүйг мэдсэн хэр нь алахыг завдсан хэрэгт буруутгасан юм. Шүүх хурал хаалттай болж, шүүх бүрэлдэхүүн зургаан цаг хуралдсаны эцэст шүүгдэгч Н.Мөнх-Оргилд цаазаар авах ял оноолоо. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр  Н.Мөнх-Оргилын эхнэр н.Түвшинбаяртай уулзаж ярилцлаа.

-Нөхөр тань бага насны хүү­хэд хүчирхийлж,  хөнөөсөн хэ­рэгт шүүгдэж байна. Энэ мэ­дээллийг анх сонсоод цочирдсон уу?

-Хөвсгөл аймагт бага насны хүүхэд алсан байна гэсэн мэ­дээл­лийг сонсоод нөхрийгөө хол­богдоно гэж үнэхээр санаагүй. Энэ хэрэгт манай Оргио /дууддаг нэр/  хэлмэгдсэн. Ямар ч байсан миний нөхөр  жигшүүрт хэрэг үйлдэх хүн биш. Би бат итгэж байна.

-Хэрэгт холбогдох үеэр та хоёр хамт байсан уу?

-Өнгөрсөн хавар би сургуулиа төгсөх гээд маш завгүй байсан. Тэр үеэр манай нөхөр Хөвсгөлөөс ирдэг  байсан. Гэтэл сонин хэвлэлээр салсан гэж бичсэн байна лээ. Бид хоёр гурван настай хүүтэй, гэрлэлтээ цуцлуулаагүй шүү дээ. Одоо хүүг минь хадам ээж харж байгаа.

-Та хоёр хэдэн жил хамт амь­дарсан  бэ?

-Одоогоос дөрвөн жилийн өм­нө танилцсан. Жилийн дараа хүү­тэй болсон.

-Хамт амьдрах хугацаанд нө­хөр тань  таньд хэрхэн ханддаг бай­сан бэ, ер нь зан ааш  ямар хүн байв?

-Хүн алдаж гишгэх үед   цааш  түлхэх  хүн олон юм. Миний нө­хөр тайван ааш зантай, ном их унш­даг тийм хүн. Би Оргиотой хамт амьдраад дөрвөн жил боллоо. Энэ хугацаанд надад таагүй хан­даж байсан тохиолдол байхгүй. Манайх хэрүүл шуугиангүй тайван  гэр бүл . Ямар нэгэн асуудал гарч байсангүй.

-Уучлаарай, та хоёрын бэл­гийн амьдрал хэвийн байсан уу?

-Сонин хэвлэлээр гаж донтон гэж их бичсэн байна лээ. Хэрэв тийм гаж  бэлгийн харилцаатай байсан бол би өнөөдрийг хүртэл яаж тэсэх билээ дээ. Хэвийн амьд­ралтай байсан. Надад гаж байдлаар хандаж байгаагүй.

-Мөрдөн байцаагчид нөхрийн тань амьдардаг гэрийг нэгжих үед  садар самуун сурталчилсан сэтгүүл, дүрс бичлэг  гарсан гэсэн л дээ?

-Ямар ч залуу гэр бүлд дүрс бичлэг үзэх,  сэтгүүл уншиж ха­рах тохиолдол байна шүү дээ. Бид хоёр “Үдшийн гялбаа” гэдэг сэтгүүл захиалж уншдаг байсан. Тэр бүхнийг баримт  болгож нөхрийн маань эсрэг ашиглаж эхэлсэн нь харамсалтай санагдаж байна. Би өнөөдрийг хүртэл хүүхэд хүчирхийлсэн гэх хэргийг Оргиог үйлдсэн гэдэгт итгэхгүй. Хуулийнхан ер нь  аливаа асуудлыг үнэн зөв шийддэг юм уу.  Өнөөдөр миний нөхрийг ялласнаар нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Би нөхөртөө итгэдэг. Эцсээ хүртэл Оргиог цагаатах хүртэл явна.

-Найман настай охиныг хү­чир­хийлж амь насыг нь бү­рэлгэсэн нь  хөдлөшгүй барим­таар нотлогдсон  учраас өнөөдөр яллаж байгаа байх л даа?

-Би хуулийнханд итгэхгүй байна.  Гэрчийн мэдүүлгээс эхлээд зөрүүтэй зүйл их бий. Энэ хэргийг хэн үйлдсэн гэдэг нь олдох биз ээ. Би дахин хэлье.М иний нөхөр энэ хэргийг үйлдээгүй. Хэзээ нэгэн өдөр үнэн ялна. Саяхан би нөхөртэйгөө уулзсан. Ээж бид хоёрыг санаа зовох зүйлгүй, тайван байгаарай гэсэн. Би энэ хэргийг үйлдээгүй гэж хэлж байна лээ.

-Танай нөхөр ямар мэр­гэжилтэй хүн бэ?

-Уг нь дуучин. Гэхдээ Хөвсгөлд байхдаа телевизийн хөтлөгчөөр ажилладаг байсан юм.  Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хурлын үеэр уулзахад “ Сэтгүүлчдэд ярилцлага өгөхийг хүсч байна” гэсэн л дээ. Ер нь манай нөхөр их нээлттэй хүн.  Найз нөхөд олонтой.

-Өөрөө хэрцгий хүнтэй амь­дарч байж дээ гэх айдас төрсөн үү, гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Тийм жигшүүрт хэрэг үйл­дээгүй хүнээс би айх гэж үү. Ямар сонин асуулт вэ.Миний садан төрөл надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Учир нь энэ миний хувь амьдрал шүү дээ. Гэр бүлийнхэн оролцох шаардлага байхгүй. Анхан шатны шүүхээр нөхөрт маань ял оноосон би эцсийн шат хүртэл явна. Үнэн гэж байдаг бол ялах ёстой.

-Хуулийнхан хүн гүтгэх ажил хийдэггүй. Тэд мэдээж хуу­лийн дагуу ажиллаж байгаа. Тухайлбал Н.Мөнх-Оргилын Хөвс­гөл аймагт үйлдсэн хэргийн нот­лох баримт хангалттай бий  гэсэн шүү дээ?

-Мөрдөн байцаагч нь дарамт шахалт үзүүлэх,  хэргийг шалгах явцад хохирогчдод таниулах гээд зөрүүтэй зүйл маш их байгаа гэсэн. Манай хүний холбогдсон хэрэг  шүүхийн шатанд байгаа учраас ямар нэгэн зүйл хэлмээргүй байна. Тэгээд ч сонин хэвлэлээр анхнаасаа  маш их ач холбогдол өгч эхэлсэн нь хэргийг хурдан шийдэх гэсэн оролдлого  нөхөрт маань хүчээр хэрэг хүлээлгэх гээд гай авчирлаа ч гэж бодоход хүргэж байна.

-Баянгол дүүрэгт бага насны гурван охиныг хүчирхийлсэн нь тогтоогдсон юм биш үү, та хоёр үргэлж хамт байсан уу?

-Үнэхээр гайхширч гүйцлээ. Бага насны хүүхэд хүчирхийлэх хүн биш шүү дээ.

-Хүүхдэдээ хэрхэн ханддаг бай­сан бэ?

-Өөрийн хүүдээ дэндүү хайр­тай байсан. Намар би Хөвсгөлөөс хүүгээ авчирч уулзуулсан. Хүү­гийн­хээ өрөөсөн оймсыг  авч үлд­сэн дээ. Хүү маань аавыгаа авч явна гэж уйлаад. Балчир  болохоор юу ч мэдэх билээ дээ /санаа алдав/. Сая шүүх хуралд орохдоо хүүгийнхээ оймсыг авч яваа харагдсан.

-Хүүтэйгээ уулзах үеэр юу ярьж байна?

-Хүүгээ маш их санасан байсан.  

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж