Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болов. Шүүх хуралд түүний төрсөн дүү, ээж, эхнэр нь ирсэн байв. Шүүх бүрэлдэхүүн 12.00 цагаас хэргийг хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд түүнийг бага насны хүүхэд санаатай алсан, хүчирхийлсэн, мөн Баянгол дүүрэгт гурван хүүхэд хүчирхийлж, биеэ хамгаалах чадваргүйг мэдсэн хэр нь алахыг завдсан хэрэгт буруутгасан юм. Шүүх хурал хаалттай болж, шүүх бүрэлдэхүүн зургаан цаг хуралдсаны эцэст шүүгдэгч Н.Мөнх-Оргилд цаазаар авах ял оноолоо. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр Н.Мөнх-Оргилын эхнэр н.Түвшинбаяртай уулзаж ярилцлаа.
-Нөхөр тань бага насны хүүхэд хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт шүүгдэж байна. Энэ мэдээллийг анх сонсоод цочирдсон уу?
-Хөвсгөл аймагт бага насны хүүхэд алсан байна гэсэн мэдээллийг сонсоод нөхрийгөө холбогдоно гэж үнэхээр санаагүй. Энэ хэрэгт манай Оргио /дууддаг нэр/ хэлмэгдсэн. Ямар ч байсан миний нөхөр жигшүүрт хэрэг үйлдэх хүн биш. Би бат итгэж байна.
-Хэрэгт холбогдох үеэр та хоёр хамт байсан уу?
-Өнгөрсөн хавар би сургуулиа төгсөх гээд маш завгүй байсан. Тэр үеэр манай нөхөр Хөвсгөлөөс ирдэг байсан. Гэтэл сонин хэвлэлээр салсан гэж бичсэн байна лээ. Бид хоёр гурван настай хүүтэй, гэрлэлтээ цуцлуулаагүй шүү дээ. Одоо хүүг минь хадам ээж харж байгаа.
-Та хоёр хэдэн жил хамт амьдарсан бэ?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө танилцсан. Жилийн дараа хүүтэй болсон.
-Хамт амьдрах хугацаанд нөхөр тань таньд хэрхэн ханддаг байсан бэ, ер нь зан ааш ямар хүн байв?
-Хүн алдаж гишгэх үед цааш түлхэх хүн олон юм. Миний нөхөр тайван ааш зантай, ном их уншдаг тийм хүн. Би Оргиотой хамт амьдраад дөрвөн жил боллоо. Энэ хугацаанд надад таагүй хандаж байсан тохиолдол байхгүй. Манайх хэрүүл шуугиангүй тайван гэр бүл . Ямар нэгэн асуудал гарч байсангүй.
-Уучлаарай, та хоёрын бэлгийн амьдрал хэвийн байсан уу?
-Сонин хэвлэлээр гаж донтон гэж их бичсэн байна лээ. Хэрэв тийм гаж бэлгийн харилцаатай байсан бол би өнөөдрийг хүртэл яаж тэсэх билээ дээ. Хэвийн амьдралтай байсан. Надад гаж байдлаар хандаж байгаагүй.
-Мөрдөн байцаагчид нөхрийн тань амьдардаг гэрийг нэгжих үед садар самуун сурталчилсан сэтгүүл, дүрс бичлэг гарсан гэсэн л дээ?
-Ямар ч залуу гэр бүлд дүрс бичлэг үзэх, сэтгүүл уншиж харах тохиолдол байна шүү дээ. Бид хоёр “Үдшийн гялбаа” гэдэг сэтгүүл захиалж уншдаг байсан. Тэр бүхнийг баримт болгож нөхрийн маань эсрэг ашиглаж эхэлсэн нь харамсалтай санагдаж байна. Би өнөөдрийг хүртэл хүүхэд хүчирхийлсэн гэх хэргийг Оргиог үйлдсэн гэдэгт итгэхгүй. Хуулийнхан ер нь аливаа асуудлыг үнэн зөв шийддэг юм уу. Өнөөдөр миний нөхрийг ялласнаар нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Би нөхөртөө итгэдэг. Эцсээ хүртэл Оргиог цагаатах хүртэл явна.
-Найман настай охиныг хүчирхийлж амь насыг нь бүрэлгэсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон учраас өнөөдөр яллаж байгаа байх л даа?
-Би хуулийнханд итгэхгүй байна. Гэрчийн мэдүүлгээс эхлээд зөрүүтэй зүйл их бий. Энэ хэргийг хэн үйлдсэн гэдэг нь олдох биз ээ. Би дахин хэлье.М иний нөхөр энэ хэргийг үйлдээгүй. Хэзээ нэгэн өдөр үнэн ялна. Саяхан би нөхөртэйгөө уулзсан. Ээж бид хоёрыг санаа зовох зүйлгүй, тайван байгаарай гэсэн. Би энэ хэргийг үйлдээгүй гэж хэлж байна лээ.
-Танай нөхөр ямар мэргэжилтэй хүн бэ?
-Уг нь дуучин. Гэхдээ Хөвсгөлд байхдаа телевизийн хөтлөгчөөр ажилладаг байсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хурлын үеэр уулзахад “ Сэтгүүлчдэд ярилцлага өгөхийг хүсч байна” гэсэн л дээ. Ер нь манай нөхөр их нээлттэй хүн. Найз нөхөд олонтой.
-Өөрөө хэрцгий хүнтэй амьдарч байж дээ гэх айдас төрсөн үү, гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Тийм жигшүүрт хэрэг үйлдээгүй хүнээс би айх гэж үү. Ямар сонин асуулт вэ.Миний садан төрөл надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Учир нь энэ миний хувь амьдрал шүү дээ. Гэр бүлийнхэн оролцох шаардлага байхгүй. Анхан шатны шүүхээр нөхөрт маань ял оноосон би эцсийн шат хүртэл явна. Үнэн гэж байдаг бол ялах ёстой.
-Хуулийнхан хүн гүтгэх ажил хийдэггүй. Тэд мэдээж хуулийн дагуу ажиллаж байгаа. Тухайлбал Н.Мөнх-Оргилын Хөвсгөл аймагт үйлдсэн хэргийн нотлох баримт хангалттай бий гэсэн шүү дээ?
-Мөрдөн байцаагч нь дарамт шахалт үзүүлэх, хэргийг шалгах явцад хохирогчдод таниулах гээд зөрүүтэй зүйл маш их байгаа гэсэн. Манай хүний холбогдсон хэрэг шүүхийн шатанд байгаа учраас ямар нэгэн зүйл хэлмээргүй байна. Тэгээд ч сонин хэвлэлээр анхнаасаа маш их ач холбогдол өгч эхэлсэн нь хэргийг хурдан шийдэх гэсэн оролдлого нөхөрт маань хүчээр хэрэг хүлээлгэх гээд гай авчирлаа ч гэж бодоход хүргэж байна.
-Баянгол дүүрэгт бага насны гурван охиныг хүчирхийлсэн нь тогтоогдсон юм биш үү, та хоёр үргэлж хамт байсан уу?
-Үнэхээр гайхширч гүйцлээ. Бага насны хүүхэд хүчирхийлэх хүн биш шүү дээ.
-Хүүхдэдээ хэрхэн ханддаг байсан бэ?
-Өөрийн хүүдээ дэндүү хайртай байсан. Намар би Хөвсгөлөөс хүүгээ авчирч уулзуулсан. Хүүгийнхээ өрөөсөн оймсыг авч үлдсэн дээ. Хүү маань аавыгаа авч явна гэж уйлаад. Балчир болохоор юу ч мэдэх билээ дээ /санаа алдав/. Сая шүүх хуралд орохдоо хүүгийнхээ оймсыг авч яваа харагдсан.
-Хүүтэйгээ уулзах үеэр юу ярьж байна?
-Хүүгээ маш их санасан байсан.