Б.Хурцын асуудлын талаар

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Б.Хурцын асуудлын талаар

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд албан ажлаар явж байхад нь Д.Энхбатыг хууль бусаар хулгайлан Монголд авчирсан хэрэгт холбогдуулан баривчилсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр л мэдээлэл авсан. Энэ хэрэгт хуульч, өмгөөлөгч хүний хувьд Б.Хурцын үйлдсэн гэх хэргийн талаар Монгол Улсын хуульд ямар байдлаар зохицуулсан байдаг талаар ярьсан нь илүү зохимжтой гэж үзэж байна.

Д.Энхбатыг С.Зоригийг алсан хэрэгт холбогдуулан шалгахаар Франц улсаас баривчлан авчирсан, Д.Энхбатын өмгөөлөгч Санжаасүрэнг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, тухайн улсын хууль тогтоомжуудыг үл тоомсорлон бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг нь илчилсний төлөө төрийн нууц задруулсан хэрэгт хорих ял оногдуулсныг олон нийт мэдэж байгаа. Ер нь дээрхи баривчилгаа нь хэдийгээр сэжиглэн шалгах үндэслэл байвал хэнийг ч сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэгт шалгах эрх ТЕГ-т байгаа боловч Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн үйлдэл болсон.

Монгол Улсын хууль мөрдөгдөх хүрээ хязгаар гэж байдаг. Сэжигтэн этгээдийг баривчлах ажиллагаа нь Монгол Улсын Эрүүгийн байцаан Шийтгэх Хуулийн дагуу явагдах ёстой.Энэ Хуулийг  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Эрүүгийн Байцаан Шийтгэх ажиллагаа явуулахад мөрддөг. Гадаадад байгаа сэжигтнийг баривчлахад дээрхи хуулийн дагуу явагдах боломжгүй. Гүйцэтгэх ажлын шугамаар өөрөөр хэлбэл нууцаар дээрхи ажиллагааг явуулсан нь хууль бус үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, Б.Хурц хууль бус даалгавар биелүүлсэн, Д.Энхбатыг баривчилж авчирсан гэх үйлдэл нь “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” /1948/, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”,  “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенци” /2002/ зэрэг Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенци, тухайн улсын халдашгүй байдал, дотоодын хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үг. Зүй нь гадаад оронд байгаа сэжигтэн яллагдагчийг тухайн улсын эрх бүхий байгуулагад хандсаны үндсэн дээр иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний зохицуулалтын дагуу баривчлах ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллага явуулах ёстой.Манай Улс Д.Энхбатыг анх баривчилсан гэх Франц улстай Иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх  гэрээг байгуулсан санагдаж байна.

Тагнуулын байгууллагын тухай хуульд …Хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заагаад тагнуулын байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн бол тагнуулын байгууллага өөрөө, эсхүл прокурор, шүүх нь тухайн иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээж, учруулсан хохирлыг арилгах, гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үүрэгтэй гэсэн байдаг. Үүргээ ёсчлон биелүүлснээс тагнуулын ажилтанд учирсан, мөн гүйцэтгэх ажлын арга хэмжээ зохиох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тагнуулын ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад учирсан хохирлыг төр хариуцна, эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг тагнуулын ажилтан ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна гэж заасан байдаг. Д.Энхбатын хамаатан садан ойр дотны хүмүүс өөрт нь болон гэр бүлд нь учирсан хохирлоо Монголын төрөөс нэхэмжлэх, Д.Энхбат агсны нэр төрийг сэргээлгэх эрхтэй болохыг дээрхи заалтаас харж болно.

Нэгэнт Монголын төр албан хаагчдаа үүрэг даалгавар өгөөд түүнийг нь биелүүлсэн этгээд гадаад оронд эрүүгийн хариуцлага хүлээх болоод байгаа тохиолдолд албан хаагчаа хамгаалах, өөрсдийн хийсэн зүй бус үйлдлийнхээ төлөө уучлал гуйх, дээрхи хууль бус даалгавар өгсөн этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, Монголын төр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дээрхи хууль бус даалгавар өгсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой болох нь хуулийн зохицууллалтаас харагдаж байна.

Өмгөөлөгч Г.Гэрэлт-Од, утас: 99059806 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж