Их тойруугийн шинээр хийсэн замыг нийслэлийн өмчид бүртгэв

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Их тойруугийн шинээр хийсэн замыг нийслэлийн өмчид бүртгэв

Өнгөрсөн жилээс эхлэн он дамнан гүйцэтгэсэн Их тойруу, Баянбүрдийн аюулгүйн тойргийн шинэчлэлийн ажлыг өчигдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар гүйцэтгэсэн энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд авто зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам сүлжээнд нийтдээ 849 сая төгрөг зарцуулсан байна. Нийслэлд хуучин тавигдсан автозамууд нь нийслэлийн өмчид бүртгэлгүй байсан бөгөөд сүүлийн жилүүдэд шинээр тавигдсан замуудыг тухай бүрт нь өмчлөлдөө бүртгэж авч байгаа юм.

Мөн энэ удаагийн хурлаар нийслэлд хийгдсэн нийтийн эзэмшлийн зам талбайн шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэлээ. Өнөө жил нийтдээ 22 аж ахуйн нэгж 1,2 тэрбум төгрөгийн шугам сүлжээг шинээр хийжээ. Өнгөрсөн жил  нийслэлд эргэн төлөгдөх нөхцлөөр тавигдсан шугам сүлжээг нийслэлийн өмчид хүлээлгэн өгсөн бөгөөд ямар нэгэн чанарын доголдол, асуудал гараагүй байна.

Инженерийн шугам сүлжээг сувагчлалд оруулна
Улаанбаатар хотын Захирагчийн харъяа Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ынхан нийслэлийн инженерийн шугам сүлжээг сувагчлалд оруулах төсөл боловсруулснаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотын ОСНААУГ-ын харъяа 127-н Ус, дулаан дамжуулах төвийн халаалт болон хэрэгцээний халуун хүйтэн усны 297 км урт түгээх шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээр сүлжээ, тэдгээрийн тоноглолуудын 60 хувь нь 20-40 жил ашиглагдан хуучирч, өнөөгийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа дулаан, хэрэгцээний усны хэрэглээг бүрэн хангахад хүндрэлтэй болоод байгаа юм. Эдэлгээний хугацаа дуусч, хуучирсан учир ашиглалтын явцад цоорч, түүнийг солих, засварлах явцад ус, дулаан түгээлтийн хэвийн найдвартай ажиллагаа доголдох, тасалдах, зам талбай, тохижилт эвдэгдэхээс гадна зардал өндөр гарч байгаа учир ОСНААУГ-аас шугам сүлжээг сувагчлах “Түгээх сүлжээ” төслийг боловсруулжээ. 1999 онд тус газраас нэгдүгээр 40 мянгатын байруудын гаднах автозам доогуур 1,65 метр өндөр, 1,85 метр өргөнтэй 120 гаруй уртааш метр нэвтрэх суваг тавьж туршсан байна. Тиймээс цаашид орон сууцны хороолуудын инженерийн шугам сүлжээг хотын ерөнхий нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан нэгдсэн сувагчлалд оруулах, газар зохион байгуулалтын оновчтой шийдэлд хүрч, ногоон байгууламж, хороолол доторхи тохижилт, зам талбай эвдэгдэхээс хамгаалах үүднээс энэхүү төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн  хэлэлцүүлж байгаа ажээ. Тэдний хийсэн тооцоогоор ОСНАА-н салбар компаниудын харъяа орон сууцны хороолол доторхи ашиглалтын хугацаа дууссан, зайлшгүй шинэчлэх шаардлагатай 70 мянган уртааш метр инженерийн шугам сүлжээг сольж, нэвтрэх сувагтай болгох, ногоон байгууламж, зам талбайг сэргээх ажилд нийт 99,2 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. НИТХ-ын Тэргүүлэгчид Улаанбаатар хотын ирээдүйд чиглэсэн энэхүү том төслийг хэлэлцэн дэмжээд, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр, томоохон хөрөнгө оруулалтад хамруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж