Иргэний хөдөлгөөнийхөн цусан тангараг өргөнө гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнийхөн цусан тангараг өргөнө гэв

Иргэний хөдөлгөөнийхөн цусан тангараг өргөнө гэв
“Ард түмний холбоо ”, “Тусгаар тогтнол эвсэл”, “Миний монголын газар шороо хөдөлгөөн” зэрэг иргэний хөдөлгөөний байгууллагууд өнөөдөр 11.00 цагт “Амлалт нэхэх ард түмний холбоо”-нд нэгдэж буйгаа зарлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус хэвлэлийн бага хуралд Д.Батцогт Б. Уянга /Ард түмний холбоо/, Л.Цог /Тусгаар тогтнол эвсэл/, Л.Болд /Миний Монголын газар шороо/ нараас гадна ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг н.Минж, ”Даяар монгол” хөдөлгөөнийхөн  “Толгойт ” хэмээх хийдийн хамба лам н.Хайдав нар ирсэн байв.
Ард түмний холбооны тэргүүн Л.Батцогт хурлыг нээгээд ээлж дараалан бусад хүчнүүдийн төлөөлөл үгээ хэлцгээлээ. Тэдний ярьж хэлж байгаа гол зүйл нь: Монголын төр бидний өмнөөс эрх барьж төрийг удирдах эрхгүй, хууль бус сонгуулиар гарч ирсэн хууль бус төрийн эрхтнүүд юм. Хулгайч, худалч, авилгачдаар дүүрсэн энэ парламентыг тараах нь хамгийн зөв шийдвэр болох юм. Төрийн эрхэнд гарахын тулд ард түмнийг хуурч биелэшгүй олон амлалт өгч гарсан тэднээс амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж бид нэгдсэн. Үүний тулд  4 сарын 5-нд болох  урьд хожид байгаагүй маш тайван хувьсгал  зохион байгуулах гэж байна. Гэвч үүнийг 7 сарын 1-ний үйл явдал шиг зүйл  болох мэтээр иргэдэд ухуулж байгаа нь эрх мэдэлтнүүдийн хийж байгаа ажил юм. Бидний энэ тэмцэл бол хувьсгалт тэмцэл болохоос бослого биш юмаа гэдгийг ард иргэд бүгд мэдээсэй. Бид ямар ч ширүүн тэмцлийн үйл ажилллагаа зохион байгуулахгүй бөгөөд харин эрх мэдэлтнүүдээс хүсэхэд бидний энэ тэмцлийг битгий 7 сарын 1 болгоосой, битгий биднийг буудаасай гэж хүсэх байна” хэмээн хэлж байв. Уг тайван жагсаалд “Толгойт” хийдийн лам хуврагууд оролцон ном уншиж,  Монгол иргэний хувьд өөрсдийн хувь нэмрээ оруулснаар уг хувьсгалыг “Бурханлиг хувьсгалт тэмцэл”  болно гэж хэлэв.

Ингээд хурлын гол үйл ажиллагаа болох дөрөвдүгээр сарын 5-нд болох “Улс үндэстнээ аварцгаая ” хувьсгалт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах хүчнүүдийн эвслийнхэн гэрээнд гарын үсэг зурах ёслол уг хурлын үеэр болсон юм. Тус гэрээнд  УИХ-ыг тараах зорилгоо гүйцэлдүүлж дуусах хүртэл бүх асуудлыг хамтаар шийдэж, бүх үйл ажиллагааг хамтын шийдвэрээр зохион байгуулна гэж заажээ. Гэрээнд бас нэгэн сонирхол татахуйц заалт байсан нь талууд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурахын хамт цусан тангаргаар эгнэгт баталгаажсан гарын хээтэй тангаргын хамт хүчин төгөлдөр болно гэсэн заалт байв. Энэхүү цусан тангаргын ёслолыг ирэх баасан гаригийн 11.00 цагт “Монголньюс” компанийн Мэдээллийн төвд болох хэвлэлийн хурлын үеэр хийхээ тэд мэдэгдээд, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг  хүрэлцэн ирэхийг урьснаар тус хэвлэлийн бага хурал өндөрлөсөн юм.

Д.ГЭРЭЛЧИМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж