Миний бие Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар 2008 оны 9 дүгээр сарын 19-нд томилогдож үндэсний аюулгүй байдал болон монголчуудын нийтлэг эрх ашиг сонирхлыг сахин хамгаалахад нэн чухал үүрэгтэй батлан хамгаалах салбарыг толгойлох болж та бүхэнтэй гар сэтгэл нийлж ажилласаар хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна.
Юуны өмнө өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийн үр дүнд манай салбарт шинэлэг, цаг үеэ мэдэрсэн олон бүтээлч ажил хийгдэж, нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, хэмжиж болохуйц амжилт ололт багагүй байлаа гэж өөдрөг үнэлж байгаагаа хэлэхийг хүсч байна. Үүний зэрэгцээ сайны хажуугаар саар гэгчээр санаа зовоосон асуудлууд ч, бэрхшээл, ажлын алдаа дутагдал ч багагүй байлаа. Хэдий тийм ч бүхэлд нь дүгнэвэл оносон нь алдсанаасаа, зөвдсөн нь буруудсанаасаа илүү жин дарна гэдэгт итгэлтэй байна. Удахгүй гарах 2011 он бол аль ч утгаараа онцгой жил. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, шинэ үеийн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 100 жил, зэвсэгт хүчний 90 жилийн ой тохионо. Эдгээр ойг угтаж урьд урьдаас илүүтэй шамдан хөдөлмөрлөж, хичээн зүтгэх нь салбарын хамт олны нэр төрийн хэрэг байх болно.
Нэг: Эрх зүйн орчин
Улирч байгаа 2010 оны хувьд манай салбарын эрх зүйн шинэтгэл бодит утгаараа эхэллээ гэж хэлж болохоор байна. Өнгөрсөн жил салбарын үйл ажиллагаатай холбоотой гурван чухал хууль Улсын Их Хурлаар батлагдлаа. Эхнийх нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, хоёрдахь нь Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай, гуравдахь нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль он гаруут батлагдсанаар зэвсэгт хүчний бүтцэд барилга инженерийн ангиуд шинээр байгуулах таатай нөхцөл бүрдсэн.
З.Энхболд, Э.Мөнх-Очир нарын УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль бол 2002 онд батлагдсан Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болж батлагдсан. Анхны энэ хуулиас хойш Монгол Улсын зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо, гүйцэтгэх үүргийн цар хүрээ, оролцогсдын тоо харьцуулшгүй өсчээ. Тэдний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой харилцаа, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудлыг өмнөх хуулиас шинэ хуулиар илүү өндөр түвшинд зохицуулж чадлаа.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Х.Жекей, Р.Амаржаргал нарын УИХ-ын 30 гишүүн өргөн мэдүүлж батлууллаа. Парламентын гишүүдийн бараг тал хувь нь манай цэргийн албан хаагчдын нийгмийн хамгаалалд онцгойлон анхаарч хууль санаачилсан нь төрөөс батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний ажил үүргийн онцлог, хүнд хэцүү хөдөлмөрийг ойлгож анхаарч байгаагийн тод илрэл болсон.
2010 оны 9 дүгээр сарын 16-наас хүчин төгөлдөр болсон уг хуульд “цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт орсон нь эх орныхоо төлөө ажил амьдралаа зориулсан цэргийнхний нийгмийн баталгааг хангахад маш чухал алхам боллоо. Үүгээрээ бид олон улсын жишигт ойртох гэж чармайж байна, гадаадын өндөр хөгжилтэй орнууд цэргийнхнээ хэрхэн харж үзэж тэтгэж байгаагийн жишигт хүрэх гэж оролдож, түүн рүү тэмүүлж байгаагийн нэг жишээ бол энэ хууль юм.
Тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд хүлээгдэж байгаа. Энэ төсөл батлагдвал тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих үүрэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу хуулиар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт шилжинэ. УИХ өнгөрсөн чуулганаараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан. Энэ тулгуур баримт бичигт оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хангах арга замын нэг нь “орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай чадварлаг болгон хөгжүүлнэ” гэж тусгасан нь Батлан хамгаалах төрийн бодлогын үндэс болох учиртай юм.
Батлан хамгаалах салбарын хуулиуд дотроос нийгэмд хэрэгжүүлэхэд ихээхэн адармаатай хууль бол Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Энэ хуулийг цаашид “Иргэний цэргийн үүргийн тухай”, “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай” хууль болгож хоёр салгах шаардлага ч гарч болно. Ялангуяа Монгол Улсын иргэд нийтээрээ цэргийн алба хаах Үндсэн хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хамгийн оновчтой хувилбарыг сонгон мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Цэргийн албыг дүйцүүлдэг болон мөнгө төлүүлж цэргийн албанаас чөлөөлдөг хэлбэрүүдийг шинэ өнцгөөс харах цаг болсон гэж үзэж байна.
Дүгнэж хэлбэл салбарын эрх зүйн орчны шинэтгэл эхэлсэн ч гарааны үедээ байна. Манай салбартай шууд болон шууд бус байдлаар холбогдох 56 хууль байдгаас бидний амьдрал, ажил үүрэгт 25 нь шууд холбогддог. Эдгээрээс цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхөөс зайлшгүй хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг даруй боловсруулж эхлэхийг та бүхэнд үүрэг болгоё.
Хоёр: Зэвсэгт хүчний шинэчлэл
Одоогоос яг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Зэвсэгт хүчний жанжин штабын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж байсан билээ. Энэхүү шинэ бүтцээр манай жанжин штаб АНУ тэргүүтэй НАТО-гийн орнуудад түгээмэл хэрэглэгддэг J-ийн бүтцэд шилжсэн нь олон улсын жишигт ойртсон алхам болсон гэж ойлгож байгаа. Үүнтэй уялдан зэвсэгт хүчинд ерөнхий зориулалтын цэргийн болон агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хоёр командлал эмхлэн байгуулагдсан.
Уг нь ерөнхий зориулалтын цэргийн командлал бол үйл ажиллагаа нь жигдэрсэн, хүн хүч, зэвсэг техник ихтэй олон ангийг харъяалдаг томоохон бүтэц. Манай зэвсэгт хүчний нүүр царай болж хөтөлж явах учиртай тэргүүлэх командлал. Харамсалтай нь удирдлагад нь томилогдсон зарим албан тушаалтны санаачлага, сэтгэл, зүтгэл дутсанаас ерөнхий зориулалтын цэргийг хэрхэн хөгжүүлэх бодлого, алсын хараа олигтой боловсорч чадсангүй. Үйл ажиллагааныхаа хувьд ч гэсэн бүрэн зүгширч чадсангүй гэсэн дүгнэлттэй байна. Энэ мэт байдлын улмаас тус командлалын удирдлагад томоохон сэлгээ хийж стратегийн түвшинд бэлтгэгдсэн туршлагатай даргыг эрч хүчтэй, залуу боловсон хүчинтэй цуг томилж итгэл хүлээлгэсэн нь оновчтой шийдвэр болсон байх гэж найдаж байгаа. Хэр оносныг мэдээж хэрэг цаг хугацаа харуулна.
Манай хоёрдахь командлал буюу агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал үйл ажиллагааныхаа ерөнхий зүг чигийг зөв гаргаж, ажлынх нь эхлэл муугүй байгаа гэж ойлгож байна. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэглэл техник ихээхэн хуучирсан нь үнэн. Үүнийг шинэчлэх томоохон боломж ойрын жилүүдэд гарч магадгүй байгаа.
Зэвсэгт хүчний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх өөр нэг амжилт бол Зэвсэгт хүчний тухай хуулинд нэмэлт орсны дагуу Баян-Өлгий, Баянхонгор аймгуудад байгуулагдсан барилга инженерийн ангиуд. Ирэх жил Сүхбаатар аймагт мөн ийм анги байгуулна. Шинээр байгуулагдсан барилга инженерийн ангиуд дараа жилээс бизнесийн зарчмаар ашиг, орлоготой ажиллах болно. Цаашид стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчин оролцдог болох нь үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс ч чухал гэж бодож байна. Энэ санаагаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, УИХ, Засгийн газраар дэмжүүлэхийн тулд одооноос ажиллаж эхлээд байна.
Хувийн хэвшлийн компаниудтай ч бизнесийн зарчмаар хамтран ажиллах нь үр нөлөөтэй. Өмнийн говьд нүүрс олборлож байгаа Энержи ресурс групптэй яамнаас хамтран ажиллах хэлцэл хийж хүнд даацын машин механизмын жолооч нарыг цэргийн алба хаагчдаас бэлтгэх талаар тохирсон нь сайшаалтай. Оюутолгой төслийн хүрээнд 500 цэргийн алба хаагчийг мэргэжил эзэмшүүлэх болно.
Зэвсэгт хүчний шинэчлэлийн нэг чухал зорилт нь цэргийн алба хаагчдын бэлэн байдлын түвшинг ахиулах явдал. Манай цэргийнхэн бие бүрэлдэхүүнийхээ сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, зэвсэг техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр чамгүй ажил хийдэг ч хэрэгцээтэй цагт эх орон дуудахад анги, байгууллагууд маань бүгдээрээ бэлэн байх болов уу… Энэ асуултад маш тодорхой хариулах шаардлагатай гэж үзэж байна. Монголын зэвсэгт хүчин эх орныхоо өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадвартай байхын тулд сургалт бэлтгэлийн тогтолцоогоо өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө мөнгөний хомсдолоос болж зарим анги байгууллагад байлдааны буудлага бараг хийгддэггүй, хээрийн сургууль дадлагад ч төдийлөн хамрагддаггүй байдал түгээмэл болсныг залруулах шаардлагатай.
Оперативын түвшинд дотооддоо бие дааж, эсвэл гадаадын цэргийнхэнтэй хамтран байлдааны театрт хамтран үүрэг гүйцэтгэх, тактикийн хэмжээний хээрийн сургууль зохион байгуулах нь цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэртэй төдийгүй манай зэвсэгт хүчний бэлэн байдлын зэргийг дээшлүүлэх маш чухал хүчин зүйл болно.
Энэ бүхэн манай зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй байх нь дамжиггүй.
Гадаадын орнуудтай хамтарч уламжлалт болон шинэ сургуулиудыг зохион байгуулахын зэрэгцээ зэвсэгт хүчнийхээ хэмжээнд бэлэн байдлын түвшин хэрэг дээрээ ямар байгааг бодитой үнэлж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Энэ зорилгоор гарч буй жилд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит үзлэгийг бүх анги байгууллагад зохион байгуулахаа мэдэгдье.
Одоо зэвсэгт хүчний хүний нөөцийн шинэчлэлтэй холбоотой цөөн үг хэлье.
Манай салбарын нэг давуу тал бол офицер, ахлагчдаа гадаадын хөгжингүй орнуудад олноор нь сургаж байгаа явдал. 2008-2010 онд 647 цэргийн алба хаагч АНУ, ХБНГУ, БНХАУ, Канад, Энэтхэг, ОХУ, Япон, БНСУ, БНАСАУ, ИБУИНВУ, Турк, Люксембург, Франц, Катар, Польш улсуудад суралцахаар явсан байна. Эдгээр сонсогчид бол манай зэвсэгт хүчний ойрын ирээдүйн нүүр царай болох залуус. Бид энэхүү залгамж халаагаараа бахархах эрхтэй, тэдний төлөө их зүйлийг ч хийх үүрэгтэй. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн чадварлаг залуусыг тэргүүн ээлжинд дэмжих бодлого баримталж байгаагаа би өмнө ч хэлж байсан, одоо ч давтахыг хүсч байна. Цаашид ОХУ, АНУ, ХБНГУ, БНХАУ, Турк, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад стратегийн түвшний сургалтад хамрагдсан цэргийн алба хаагчдаа бодлогоор удирдах түвшний албан тушаалд оновчтой байршуулах, тэгэхдээ зохист тэнцвэрийг хадгалж байх, салбарын хүний нөөцийн хувьд ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан ажиллах болно.
Гурав: Гадаад хамтын ажиллагаа
Харьцангуй өндөр түвшинд хүрч, үр өгөөжөө өгч байгаа батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа үсрэнгүй хөгжиж байна. Ялангуяа 20 гаруй жил тасалдсаны эцэст Монгол, Оросын цэргийн харилцаа өндөр түвшинд сэргэж байгаа нь манай гадаад харилцааны нэг томоохон амжилт гэж үнэлэх бүрэн үндэстэй. Өнгөрөгч жилийн хувьд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал бодит үр дүнтэй болсон төдийгүй тус улсын нутаг дэвсгэрт Дархан-3 томоохон байлдааны сургууль зохион байгуулж, манай зэвсэгт хүчний 250 орчим цэргийн алба хаагч, 70 орчим техникээ оролцуулсан нь хөрш орнуудын хувьд сүүлийн жилүүдэд болж байгаагүй цэргийн хамтын ажиллагааны томоохон арга хэмжээ юм. Өмнөд хөрш БНХАУ-тай тогтоосон цэргийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Афганистанд байгаа манай цэргүүд АНУ болон ХБНГУ-ын командлалын удирдлага дор үүрэг гүйцэтгэж байгаа. Тэдний зүгээс монгол цэрэг дайчдын бэлтгэгдсэн түвшин, зориг хатуужлыг өндрөөр үнэлж байдаг нь бахархал төрүүлдэг. Португалийн Лиссабон хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хамт оролцож Афганистан дахь манай зэвсэгт хүчний оролцоог өргөжүүлж, Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой санал дэвшүүлээд ирлээ.
Өмнө нь манай батлан хамгаалах салбарын төлөөлөгчид зөвхөн Ази, Номхон далайн аюулгүй байдлын Шангри-Ла яриа хэлэлцээнд оролцдог байсан бол энэ жилээс Европын аюулгүй байдлын Мюнхений бага хурал, Атлантын далайн бүс нутгийн аюулгүй байдлын Халифаксын бага хуралд сайдын түвшинд оролцдог болсноор өмнөхөөс хавьгүй олон орны өндөр түвшний төлөөлөгчидтэй яриа хэлцэл хийх таатай нөхцөл бүрдлээ. Тухайлбал аюулгүй байдлын дээрх гурван том арга хэмжээний үеэр миний бие 20 орчим орны батлан хамгаалахын сайд нартай биечлэн уулзаж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцож байлаа.
Афганистан дахь манай түншүүдтэй тогтоосон цэргийн харилцаа эрчимтэй хөгжиж байна. АНУ-тай жил бүр зохион байгуулдаг яамд хоорондын зөвлөлдөх уулзалт Вашингтонд болж хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон харилцан тохирсон арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж эхэлж байна.
Энэ жил НАТО-тай Монгол Улс харилцах харилцаанд чанарын ахиц гарсан жил байлаа. Ер нь НАТО-тай харилцах асуудлаар төр засгийн дээд түвшинд өмнө нь ч анхаарал хандуулж ирсэн байдаг. Батлан хамгаалахын сайдын хувьд би анх удаа НАТО-гийн төв штабт ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр Монгол Улс НАТО-гийн Афганистан дахь ажиллагаанд цэрэг хандивлагч 45 дахь улс болсныг албан ёсоор баталгаажуулж чадлаа.
Тэрчлэн миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд орж Японд айлчлал хийсэн нь хоёр орны цэргийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
Энхийг сахиулах ажиллагаа бол манай зэвсэгт хүчний нэрийн хуудас болсон гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Өнөөдөр манай улс НҮБ-д цэрэг хандивлагч эхний 20 орны тоонд зүй ёсоор багтаад байна.
Дөрөв: Олон түмний дэмжлэг
Аливаа зэвсэгт хүчний оршин тогтнохын үндсийн үндэс нь ард иргэдийн дэмжлэг байдаг. Угаас монголчууд цэрэг армидаа үеийн үед хүндэтгэлтэй хандаж ирсэн, одоо ч тэр хүндэтгэл хэвээр байгааг энэ зун намар Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад амжилттай зохион байгуулсан, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах иж бүрэн арга хэмжээ тод томруун харуулав. Энэ чухал арга хэмжээг ирэх жил ч хэд хэдэн аймагт сайтар бэлтгэж зохион байгуулах нь зүйтэй.
Өнгөрсөн жил Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нүсэр ачааг үүрч гарсан манай салбарынхан өнөө жил Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг орон даяар ёслон тэмдэглэх ажлыг хариуцан сайн зохион байгууллаа. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон түмэнд сурталчлахад эргэлтийн гэмээр өөрчлөлт хийж чадсан томоохон уран бүтээл энэ жил үзэгчдийн хүртээл боллоо. Цэргийн хүнд хүчир албаны онцлог, цэргийн хуарангийн өдөр тутмын амьдралыг харуулсан телевизийн 60 ангит “Тусгай салаа" уран сайхны кино эхнээсээ төгсгөл хүртлээ манай иргэд үзэгчдийг байлдан дагуулав. Ирэх жил манай салбарын хувьд олон чухал ой тэмдэглэнэ гэдгийг дээр хэлсэн. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд төсөвлөгдсөн багахан хөрөнгийг “Тусгай салаа” мэт үлдэцтэй бүтээл туурвилд зарцуулах нь оновчтой байхаа. Ялангуяа Монгол цэргийн урлагийг дотооддоо болон хилийн чанадад сурталчлах бүрэн хэмжээний баримтат кино туурвихад анхааръя. Энэ киноны зохион байгуулалт, санхүүжилтэд анхаарч ажиллахыг яамны гадаад хамтын ажиллагааны газарт үүрэг болгож байна.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах талаар чамгүй ажил хийгдэж байгаа ч үр нөлөө нь төдийлөн хангалтгүй байна. Оновчтой, системтэй, чамбай бодож боловсруулсан сурталчилгааны хэрэгцээ хэвээр байна.
Иргэн, цэргийн харилцааг улам бүр бэхжүүлж, манай салбар нээлттэй, тунгалаг ажиллах нь цаг үеийн шаардлага. Манай яам иргэн цэргийн харилцааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан иргэдээ жил бүр шагнаж байх “Эх орны төлөө” нэртэй өндөр эрэмбийн шагнал бий болгож анхныхыг нь ойрын өдрүүдэд гардуулах гэж байна. Тэрчлэн цэрэг дайчдынхаа эгнээнээс онцгойлон шалгарсан эрэлхэг хөвгүүддээ мөн энэ шагналаа хүртээх болно.
Иргэн, цэргийн харилцааг өндөр түвшинд гаргах зорилгоор ирэх жил Батлан хамгаалах яамнаас Зэвсэгт хүчний нийт ангиудын дунд нэгэн өвөрмөц уралдаан зарлахаар шийдвэрлэж байна. Анги байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд хамгийн сайн хүргэж, нутаг дэвсгэрийнхээ байгууллагууд, иргэдтэй нягт хамтран ажиллаж иргэн-цэргийн харилцааны хөгжилд онцгой ахиц гаргасан ангийн захирагчийг орон сууцаар шагнах болно.
Тав: Өөрийгөө үнэлэх жил
Ирэх жилийг батлан хамгаалах болон зэвсэгт хүчний чадавхид үнэлгээ өгөх жил болгоё. Зэвсэгт хүчнийг цаашид хэрхэн ашиглах, стратегийн ямар зорилготой байж, ямар нөөц хэрэгсэл ашиглаж, ямар аргаар эх орноо гадны түрэмгийлэгчдээс хамгаалах үндсэн үүргээ биелүүлэх вэ гэдгийг 2011 онд тодорхойлж дуусгая. Үндсэн үүргээсээ гадна олон талт ямар үүргүүдийг ямар хүчээр гүйцэтгэж чадахаа тодорхойлъё.
Аливаа зүйлийг хийж гүйцэтгэхийн өмнө одоогийн байгаа нөхцөл байдлыг судалж, юу хийж боловсруулахаа төлөвлөдөг. Ингэж үнэлгээ өгч, төлөвлөдгөөрөө манай цэргийнхэн бусад салбарынхнаас ялгагддаг. Ирэх жилээс Зэвсэгт хүчний хэрэгцээний урсгал хангалттай холбоотой тендер шалгаруулалтыг Жанжин штаб өөрөө хариуцан зохион байгуулах болно. Ингэснээр цэргийн алба хаагчдаас хувцас, хүнс зэрэг хангалттай холбоотой гардаг гомдол зарга тасарна гэж найдаж байна. Цаашдаа цэргийн хангалтыг иргэний компани, аж ахуйн нэгжүүдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлдэг зарчимд шилжих бэлтгэлийг ч одооноос хангах хэрэгтэй.
Зэвсэгт хүчний жанжин штабын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөд жил тойрч байгаа тухай би дээр дурдсан. Бидний санал болгож, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн дэмжин сайшаасан уг бүтэц, зохион байгуулалтаар ажиллахад ямар давуу тал байна, болж бүтэхгүй байгаа зүйл байна уу гэдгийг одоо нэг сайтар үнэлэх цаг болжээ. Цэргийн алба хаагчдын ёс суртахуун, сэтгэл зүйн тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын тодорхой нэгжийн чиг үүрэгт хамааруулах шаардлага ч байна. Наад захын зовлон бэрхшээл тохиолдоход сэтгэл гутарч амиа егүүтгэх хүртэл оролдлого хийдэг сэтгэлийн тэнхээгүй, сул дорой залуус олширчээ. Тэднийг цэргийн хуаранд бие сэтгэлийн хаттай жинхэнэ эр хүн болгон төлөвшүүлэх тийм сургалтын хөтөлбөр үгүйлэгдэж байна.
Батлан хамгаалах салбарын хэмжээнд зохион байгуулалт, дэг журмыг чангатгах арга хэмжээ авсны үрээр улирч буй жилийн хувьд сахилгын зөрчил харьцангуй багассан. Цаашид оноох шийтгэлийг илүү чангатгаж, гарсаар байгаа хэрэг зөрчлийг давтан гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийг Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, нийт анги байгууллагын захирагч, дарга нарт үүрэг болгож байна.
Мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ цаг үеийг компьютер, цахим төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон, цэргийн мэргэжилтнүүд “орчин үеийн дайн бол танк, артиллериар биш цахим хэлбэрээр явагдана” гэж ярьж бичиж байна. Харин бид цахим төхөөрөмжүүдийнхээ хамгаалалтад анхаарч арга хэмжээ авахгүй байна. Яам, жанжин штабын хэрэгцээнд байдаг бараг бүх компьютер гадаад, дотоод сүлжээнд холбогдсон байдаг. Тэдгээрийг цахим халдлагаас сэргийлэх үр нөлөөтэй систем, мэргэжилтэн шаардлагатай болж байна. Энэ чиглэлд ЗХЖШ-ын холбоо, автоматжуулалт хариуцсан алба санаачлагатай ажиллах шаардлагатай.
Зургаа: Нийгмийн хамгаалал
Нийгмийн асуудлуудаас хамгийн тулгамдсан нь орон сууцны хэрэгцээ. Өнөөдөр Зэвсэгт хүчний хэмжээнд 4500 гаруй цэргийн алба “хаагчийн орон сууц хүссэн өргөдөл шийдэгдээгүй байна. Өнгөрч байгаа онд бид бүх хүч бололцоогоо дайчлаад хөдөө орон нутаг болон нийслэлд 454 цэргийн алба” хаагчийг орон сууцтай болгожээ. Яг энэ хурдаар явбал тулгамдсан хэрэгцээг арван жилийн дараа хангахаар байна. Иймээс өөр зам, гарц хайхаас аргагүй байна.
Зэвсэгт хүчний жанжин штабт үүрэг өгч “Зэвсэгт хүчин-1000 айлын орон сууц” төсөл хийлгэлээ. Төслийн нийт өртөг нь 20 тэрбум төгрөг. Гэтэл манай салбарт улсын төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн гурван жилийн дунджаар гурван тэрбум орчим төгрөг байна. Энэ нь хаана ч хүрэлцэхгүй нь тодорхой. Иймээс ирэх жилдээ бид салбарынхаа дотоод нөөц бололцоог дээд зэргээр дайчлахаар шийдлээ. Сая Улсын Их хурлаар 2011 оны төсөв хэлэлцэх үед Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, тэрхүү орлогоороо орон сууцны хөтөлбөрөө санхүүжүүлэх боломжтой боллоо. Мэдээж хэрэг үүний тулд бид бололцоотой бүхий л эх үүсвэрийг дайчлах хэрэгтэй болно. Энэ нь амаргүй боловч та бүхний эн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд зориглон хийхээс өөр аргагүй ажил.
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нь манай цэрэг дайчдын амьдрал ахуйг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болж байна. Яам, жанжин штабын зүгээс энхийг сахиулагчдынхаа гар дээр олгогддог мөнгийг аль болох нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно. Бүхэлдээ улирч байгаа он өрнүүн ажил, бүтээлч санаачлагын жил байлаа. Энэ эрч хүчээрээ ирэх онд, их ойнуудынхаа жилд илүү их ахиц дэвшилд хүрцгээе. Ирэх жил бол манай Зэвсэгт хүчний шинэчлэлийн шийдвэрлэх жил байх болно.
Батлан хамгаалахын сайд Л.Болд