ОХУ-ын Ерөнхийлөгч Медведэв арваннэгдүгээр сарын эхээр Лисбонд болсон НАТО болон ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хамтын механизмыг бүтээх төслийг бүрэн боловсруулах тухай зарлаж байсан.
Уулзалтын дараа НАТО-ын удирдагч Андерс Фох Расмуссэн баллистик пуужингийн эсрэг НАТО-ын хамгаалах хөтөлбөрт ОХУ хамтран ажиллах тал дээр санал нэгдсэнийг мэдэгдсэн бөгөөд түүхэндээ анх удаа хоёр тал харилцан бие биенээ хамгаалах хөтөлбөрт хамтран ажиллах гэж байна хэмээн мэдэгджээ.
Мягмар гаригт Ерөнхийлөгч Медведэв “ОХУ болон НАТО-ын хамтын чадавхи бололцоог дайчилж, Европын холбооны бүх улсыг пуужингийн халдлагаас бүрэн хамгаалах нөхцөлөөр хангах болно” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр “Би нэг зүйлийг нээлттэй хэлмээр байна. Ирэх арван жилийн хугацаанд хоёр тал пуужингаас хамгаалах хөтөлбөрийн хүрээнд зөвшилцөлд хүрч чадвал хамтын бүрэн боловсруулсан механизмыг бүтээх болно, харин зөвшилцөлд хүрч чадахгүй бол зэвсгээр хөөцөлдөх цоо шинэ эринийг эхлүүлж, шинээр зэвсэг байршуулах талаар шийдвэр гаргах хэрэгтэй болно” гэжээ.
Одоогийн байдлаар ямар мэдэгдэл, шийдвэр гаргах талаар НАТО-ын байр суурь нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Б.Энхцэцэг