Японы эзэн хаан ноот бичгийг сонирхжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан ноот бичгийг сонирхжээ

Японы эзэн хаан 1912 онд Монголын илгээсэн ноот бичгийг үзэж сонирхжээ

Японд парламент үүсэн байгуулагдсаны 120 жилийн ойд зориулан нэгэн үзэсгэлэн гаргасан ажээ. Үзэсгэлэнд парламент үүсгэн байгуулахтай холбогдсон баримт бичгүүд тавигдсан байна. Тэнд бас саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлах үеэрээ Японы парламентын хоёр танхимын дарга нарт гардуулсан, 1912 онд Японд Монголоос илгээж байсан ноот бичгийн хувийг дэлгэн тавьсан байна. Тус үзэсгэлэнд  Японы эзэн хаан очихдоо Монголоос илгээсэн тэр ноот бичгийг үзэж сонирхсон байна. Энэ тухай Японы парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда Монголын Элчин сайд Р.Жигжидтэй уулзахдаа ярьж, бас тэр үеэр авсан зургийг гардуулжээ. Элчин сайд Р.Жигжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд нь С.Эдад талархал илэрхийлсэн байна. С.Эда бол Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын даргаар ажиллаж байсан, Ардчилсан намдаа нэр нөлөө бүхий хүн юм. Энэ оны 11 дүгээр сарын эхээр тэрээр Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргаар сонгогдсон билээ.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж