Цогц бодлого-Булганчуудын хүрэх ирээдүй

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Цогц бодлого-Булганчуудын хүрэх ирээдүй

“Булган нутгаа хөгжүүлье”. Ур хийц, хөрөнгө зарцуулж хийсэн энэ уриаг аймгийн нутгийн удирдлагын байрны дээр залсан байна. Уг байрыг зорьж очсон, түүний дэргэдүүр зорчин явсан хэн бүхний нүднээ тод тусах энэ өгүүлбэрээр Булганчууд эрхэм зорилго, алсын хараагаа илэрхийлжээ. Аймгийн төрийн захиргааны байгууллага ч, ард иргэдэд ч төрөлх нутаг орноо хөгжүүлье гэсэн хүсэл тэмүүлэл  дүүрэн байдаг. Аймгийн хөгжлийн цогц бодлогыг ИТХ-ын хуралдаанаар батлуулсан нь энэ хүсэл тэмүүлэлдээ хүрч эрхэм зорилго, алсын хараагаа хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх чухал алхмын нэг боллоо. Нутгийн удирдлагуудаас зохион байгуулан эрдэмтэн мэргэдийн туслалцаа авч, иргэд олон нийтийнхээ санаа бодолд тулгуурлан боловсруулсан энэхүү хөгжлийн цогц бодлого бол Булганчуудын хүрэх ирээдүйн төлөв байдлын нэн чухал баримт бичиг мөн.

Олон талт, мэдлэгт суурилсан эдийн засагтай болно

Хоёр үе шатаар хэрэгжүүлнэ. Цогц бодлогыг найман үндсэн бүлэгтэйгээр боловсруусан байна. Юуны өмнө аймгийнхаа хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн давуу болон сул талуудад дүгнэлт хийж эрхэм зорилго, алсын хараа, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ. Хүний хийгээд нийгмийн хөгжлийн бодлогодоо ядуурал, ажилгүйдлийг хэрхэн бууруулах, хүн ам зүй, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар баримтлах чиглэлээ тогтоосон бол эдийн засгийн өсөлт, хөгжлийн бодлогын хүрээнд макро эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн бодит салбарууд, зам, тээвэр, эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц, салбарыг хэрхэн хөгжүүлэх арга замыг зааж өгчээ. Мөн барилгын салбар, байгаль орчин, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн удирдлага, иргэний нийгмийн оролцоо, түншлэлийг хангах бодлогыг тусгаж, хүрэх гол үр дүнг тооцон, хэрэгжилтийг хангах арга замаа тодорхойлсон байна.

Түүнчилэн хөгжлийн цогц бодлогын тооцооны үндэслэл, аймгийн хөгжлийн өнөөгийн төлөв байдлын ерөнхий үнэлгээ, нэн түрүүнд боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай хөтөлбөр төслүүүдийн төсөөлөл, орон нутагт хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлүүд, цогц бодлогыг боловсруулан батлах явцад гарсан санал, тэдгээрийг хэрхэн тусгасан зэрэг таван чиглэлийн асуудлыг хавсралт болгон оруулжээ.

Энэхүү цогц бодлогыг хэрэгжүүлэх ажлыг 2010-2021 он хүртэлх хугацаанд хоёр үе шатаар зохион байгуулна  Эхний шатыг 2010-2015, хоёр дахь шатыг 2016-2021 онд хэрэгжүүлнэ.

Алсын хараа, тэргүүлэх чиглэл: Цогц бодлогод дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж хүрэх үр дүнгээ хангаснаар Булган аймгийг “Хүний хөгжилд тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, өөрөө өөрийгөө тэтгэдэг, оновчтой бүтэц бүхий, мэдлэгт суурилсан эдийн засагтай хангайн бүсийн цэцэглэн хөгжиж буй аймаг” болгоно. Энэ бол 2021 он хүртэлх хугацаанд тус аймгийг хөгжүүлэх алсын хараа гэсэн үг.

 Уг зорилго, алсын хараанд хүрэхийн тулд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг цогц боддогод тодорхойлжээ. Аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд нэн чухал гэж үзэх олон асуудал байлаа. Тэр бүхний дундаас шигшиж сонгон зургааг нь хөгжлийн тэргүүлэх чиглэл болгожээ. Тэдгээрийг дурдвал:

1.    Мянганы хөгжлийн зорилтуудыг тус аймагт хэрэгжүүлж, хүнийг бүх талаар хөгжүүлнэ.
2.    Дэлхийн болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, аймгийн эдийн засгийг олон талтай, мэдлэгт суурилсан болгоно.
3.    Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтэц, барилгыг эрчимтэй хөгжүүлж, хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
4.    Аймгийн төв, бичил бүс, сумдын төв, суурингуудыг хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.
5.    Аялал жуулчлалын салбарыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлнэ
6.    Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бий болгон экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
—————-о О о ———————

Хусны нүүрсний үйлдвэр байгуулна

/Хаана, ямар үйлдвэрлэл үйлчилгээ бий болгох вэ?/

“Булган аймгийн хөгжлийн цогц бодлого” гэсэн нэгэн ном хэвлэн гаргаад байна. Тасралтгүй үргэлжлэх, түмэн наст хээ бүхий хавтастай, нүүрэнд нь аймгийн газрын зураг дээр орон нутгийн үйлдвэр, үйлчилгээний гол салбарын зургийг байрлуулж хэвлэсэн энэ номыг хүмүүс олзуурхан унших боллоо. Шим бордоо, шахмал түлш,  хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ажиллуулна. Хануйн болон Цагаан голын рашааныг савлах цэхтэй болно. Сайхан, Могодын сайхан айргийг савлаж худалдаална. Түүхий эдийн бирж байгуулна. . .  Цааш нь унших бүр шинэ шинэ үйлдвэр үйлчилгээ бий болгох гэж байгааг мэдэж авна. Гурванбулагийнхан Цагаан нуурын давсны илрэлийг түшиглэн давс үйлдвэрлэх юм бол дэмжинэ. Хялаганатынхан зүймэл модон эдлэл үйлдвэрлэж эхэлнэ. Дашинчилэнгийнхэн чихэр өвс тариална. Үнэхээр хөгжих нь ээ. Тэгэхдээ цогц бодлогоор хөгжүүлэх боллоо. Аймгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд сум орон нутагт бий болгох жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийг тодорхойлон гаргаад байна.  Тэдгээрээс дурдвал

Баян-Агт: Гэрийн мод, модон эдлэл үйлдвэрлэлийг дэмжиж “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх. байгаль орчинд сөрөг нөлөөгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх, мал нядалгааны цэг, хөргүүртэй зоорь барих. сүү боловсруулах жижиг үйлдвэр байгуулах, Хануй болон Цагаан голын рашааныг савлах цех, нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний төв бий болгох

Баяннуур: Жимс, жимсгэний аж ахуй хөгжүүлж шинэ технологид суурилсан боловсруулах цех ажиллуулах, саалийн механикжсан фермтэй болж, сүү сүүн бүтээгдэхүүний цех байгуулах, шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих, нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний цэг бий болгох

Булган:  Мах бэлтгэж боловсруулах, савлах, хадгалах хөргүүртэй зоорь бүхий үйлдвэр, махны чиглэлийн аж ахуйг хөгжүүлж, мах боловсруулах үйлдвэрийн цогцолбор болгон өргөжүүлэх, хүнсний, тухайлбал, гурил гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах, ундаа ус гэх мэт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах, савлах үйлдвэр, түүхий эдийн бирж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр  байгуулах, “Гурил тэжээл Булган” ХК-ны гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, эрчимжсэн аж ахуй хөгжүүлж хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, малын хүчит тэжээл үйлдвэрлэх, худалдаа үйлчилгээнд өндөр бүтээмжтэй техник технологийг тууштай нэвтрүүлэх, “Эрдэнэт үйлдвэрлэл технологийн парк”-тай хамтран ажлын хувцасны болон бээлий, давуун ба цаасан уут, техникийн эсгий, улаан лооль, луувангийн жүүс, ундаа, пивоны үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэж, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах үйлдвэр, жимс жимсгэнэ, загасны аж ахуй байгуулах 

Бугат:
Гэрийн мод, модон эдлэлийн уламжлалт үйлдвэрлэлийг өргөтгөж шинэ технологи бүхий модон эдлэлийн үйлдвэр, олон наст таримал ургамлын үрийн аж ахуй, төмс хүнсний ногоо боловсруулах цех байгуулах, МАА, газар тариалан  хосолсон мах сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээлийн үйлдвэр, хадлангийн салаа, нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний төв бий болгох

Бүрэгхангай:
Төмрийн хүдэр олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигдэрүүлэх, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй хөгжүүлж, сүүний жижиг цех байгуулах, бага оврын гурилын үйлдвэр шинээр байгуулж, тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг тогтмолжуулах, Туул голын сав дагуух алтны үйлдвэрүүдийн олборлох үйл ажиллагааг дэмжих, нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний төв бий болгох

Гурванбулаг: Цагааннуурын давсны илрэлийг түшиглэн давс үйлдвэрлэлийг дэмжих, шахмал түлш үйлдвэрлэж сумынхаа хэрэгцээг хангах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх , нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний төв бий болгох, сүү сүүн бүтээгдэхүүний цех байгуулах

Дашинчилэн: Бог малын мах бэлтгэх, хөргүүртэй зоорь бүхий борлуулалтын сүлжээ бий болгох, шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих, чихэр өвс болон эмийн ургамал, тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төв байгуулах, гурил, тэжээлийн үйлдвэр хөгжүүлэх, нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний төв бий болгох

Рашаант:
Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, жуулчдад зориулсан нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, 10 мянгаас доошгүй га-д усалгаатай нөхцөлд таримал ургамал тариалж тэжээлийн үйлдвэр, байгалийн цэвэр усны үйлдвэр байгуулах

Сайхан:
Сайхан-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлж техникийн шинэчлэл хийх, эсгийний үйлдвэр байгуулах, айраг савлаж, албан ёсны борлуулалтын сүлжээгээр зах зээлд нийлүүлэх, барилгын материалын үйлдвэрийг дэмжих, орлого нэмэгдүүлэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх

Сэлэнгэ: “Чацаргана” төсөл хэрэгжүүлж жимс жимсгэнэ боловсруулах, гурил тэжээлийн үйлдвэрлэлийг  дэмжих, төмс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах, бог будааны үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг  эрчимтэй хөгжүүлэх, шим бордооны үйлдвэр байгуулах,  загасны аж ахуй хөгжүүлэх

Орхон: 
Гурилын үйлдвэрт түшиглэн хүнс, гурилан бүтээгдэхүүний болон жимс ногоо савлах цех байгуулах, гэрийн мод, модон эдлэл, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрлэлийг дэмжих, нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний цэг бий болгох, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх 

Могод
:  Халуун рашаан түшэглэсэн  үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, айраг савлаж албан ёсны борлуулалтын сүлжээгээр зах зээлд нийлүүлэх, шахмал түлш, ноос ноосон эдлэлийн үйлдвэрлэлийг дэмжих, блок, замын хавтангийн жижиг цех бий болгох, нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний төв бий болгох

Хангал:
Бог будаа, арвай тариалж зөгийн аж ахуйг өргөжүүлэх, мах, сүүний эрчимжсэн аж ахуй хөгжүүлж, боловсруулах цех бий болгох, жимс жимгэнэ боловсруулах үйлдвэр байгуулах

Хялганат:
Зүймэл модон хавтан үйлдвэрлэлийг дэмжих, шахмал түлшний үйлдвэрлэлийг өргөтгөх

Тэшиг:
Тавтын алтны үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэх, гурил тэжээл, буриад талхны үйлдвэрлэлийг дэмжих, сүү сүүн бүтээгдэхүүний цех, цөцгийн тосны уламжлалт үйлдвэрийг сэргээх, орон нутгийн нөөцөд түшиглэн хусны нүүрсний үйлдвэр, байгалийн рашаан ус савлах үйлдвэр байгуулах, “Байгаль далай-Хөвсгөл нуур” олон улсын сүлжээг дэмжих, махны чиглэлийн аж ахуйг хөгжүүлж, мах махан бүтээгдэхүүний цогцолбор байгуулах, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах цех, тоосго, ханын хөнгөн блокны үйлдвэр байгуулах, элит болон нутагшсан монгол сортын үрийн нөөц бүрдүүлэх, рашаан ус савлах цех байгуулах, шим бордооны үйлдвэр, гадаадын жуулчид хүлээн авах зочид буудлын сүлжээ бий болгох

Хишиг-Өндөр:
Экоспортод чиглэсэн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, нэг цэгт төвлөрсөн ахуйн үйлчилгээний төв бий болгох, цагаан ултай гутлын үйлдвэрлэлийг дэмжих, тэжээлийн ургамал тариалж, малын тэжээлийн үйлдвэр, ойн үржүүлгийн газар байгуулах, шахмал түлш үйлдвэрлэж сумынхаа хэрэгцээг хангах, рашаан ус савлах

ЦОГЦ БОДЛОГЫГ САЙТАР НЯТЛАН БОЛОВСРУУЛСАН

    Энэхүү хөгжлийн цогц бодлогыг хэрхэн боловсруулсан талаар иргэдэд товч мэдээлэл хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Даваасамбуугаас тодруулж асуулаа.

    -Цогц бодлого боловсруулах ажлынхаа талаар дэлгэрэнгүй сонирхуулаач?

    -Аймгийн хөгжлийн цогц бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн сайтар тооцоотой боловсруулах  шаардлагатай гэж аймгийн удирдлага үзсэн. Тийм учраас 2008 оны 7 дугаар сард Ерөнхийлөгчийн тамгын газар, ШУА-ын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй гэрээ байгуулсан. Цогц бодлого боловсруулах төслийн удирдагчаар тус хүрээлэнгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын судалгааны секторын эрхлэгч, доктор, профессор Д.Бямбаа, зөвлөхөөр мөн хүрээлэнгийн захирал, доктор Б.Цогоо, гишүүдээр доктор Л.Нямцэрэн, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш, доктор, профессор П.Гантөмөр, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Р.Отгонцэцэг, М.Энхтуяа, Б.Цогтбаатар, магистр Г.Мэндсайхан, Г.Хажидмаа болон ЗГХЭГ-ын ахлах референт Ш.Бүүвээбаатар нарын бүрэлдэхүүнтэй судлаачдын үндсэн баг, мөн манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УБ хот дахь аймгийн нутгийн зөвлөл, нутгийн уугуул эрдэмтэд, аймгийн холбогдох удирдлага мэргэжилтэн  нарын оролцоотойгоор хамтран боловсруулсан. Энэ асуудалд ихээхэн цаг хугацаа зарцуулж ажиллалаа. Тухайлбал, судлах, боловсруулах, хэлэлцүүлэх ажлыг хоёр жил  шахам хугацаанд хийсэн л дээ

    -Ямар бодлого чиглэлийн баримт бичгийн үзэл санаанд тулгуурласан бэ?

    -Юуны өмнө Ерөнхийлөгчийн санаачлагаар олон эрдэмтэн доктор, мэргэжлийн байгууллагаас боловсруулан 2008 онд УИХ-ын тогтоолоор батлуулсан “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний  хөгжлийн цогц бодлого”-д тулгуурласан. Мөн “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги”, “Монгол улсын хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөр”, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль” болон Монгол улсын хөгжлийн бодлогын бусад баримт бичиг,  бүсийн болон хөрш зэргэлдээ аймгуудын хөгжлийн бодлогын үзэл санаа, түүний хэрэгжүүлэлтийн явц, үр дүн зэргийг судалж, харьцуулан жишиж баяжуулан өргөжүүлэх чиглэл баримтлан ажилласан.

    -Орон нутгаа хөгжүүлэх талаар аймгаас урьд өмнө гаргаж байсан бодлого, чиглэл нэлээд бий. Тэдгээртэй нэлээд уялдуулсан уу ?

-Тэгэлгүй яахав, аймгийн төр захиргааны байгууллагын аливаа бодлого шийдвэрийн нэг гол зарчим бол заламж чанар байх учиртай. Тиймээс орон нутгийн хөгжлийн асуудлаар боловсруулан гаргасан өмнөх баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилтуудыг нэгтгэн тусгасан. Тухайлбал, аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан аймгийн ИТХ-ын 2008-2012 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засгийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, Токиогийн ХАА-н их сургуулийн оролцон боловсруулсан аймгийн хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө, эдийн засгийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сумдын хөгжлийн хэтийн төлөвлөгөөнүүд, эдийн засгийн хямралын үед  авах арга хэмжээний төлөвлөгөө зэрэг аймгийн хөгжлийн бодлогын баримт бичиг, стратеги, хөтөлбөр төлөвлөгөөнүүдэд тусгасан зорилтуудтай уялдуулж, нэгтгэн  оруулсан.

-Аймаг орон нутгийн нийт хүн ард, олон нийтэд хамраалтай асуудлаар бодлого шийдвэр гаргахад иргэд, байгууллагын санаа бодлыг өргөн авч тусгаж байхаар Засгийн газрын, аймгийн Засаг даргын ч үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ шаардлагыг хэр зэрэг ханган ажиллаж байгаа вэ?

-Энэ цогц бодлого бол нэгд, 2010-2021 он хүртэл баримтлан хэрэгжүүлэх урт хугацааны баримт бичиг, нөгөө талаар аймаг орон нутгаа хөгжүүлэх асуудалд иргэд, байгууллагын санаа бодлыг  өргөн тусгах шаардлагатай байсан. Энэ талаар Засаг дарын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах болон бусад ажлын явцал олон нийтээс авсан нэлээн санал бодол байсныг харгалзан үзсэн. Цогц бодлогын төслийг боловсруулаад түүнийгээ хэд хэдэн шат дамжлагаар танилцуулах, хэлэлцүүлэх, санал авах ажлыг зохион байгуулсан. Заримаас нь дурдахад  бидэнтэй гэрээ байгуулсан багийнхан маань боловсруулсан төслөө Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж санал зөвлөмж авсан. Аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг агентлаг, байгууллага, аймаг, сумын ИТХ, Засаг даргын тамгын газруудаас 303 санал ирүүлснийг хүлээн авч аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулан бүрэн тусгасан. Мөн нийт сумын ИТХ, Засаг дарга, аймгийн удирдлага, хариуцлагатай ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагын ба иргэдийн төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт найман хүн илтгэл тавьж олон оролцогч үнэтэй санал гаргасны дотроос багцлан нэгтгэж 70 гаруй саналыг түүвэрлэн тусгасан.

-Цогц бодлогыг хэзээ баталсан бэ?

-Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд болсон аймгийн ИТХ-ын VI  хуралдаанаар баталсан. Энэ хуралдаан дээр ч мөн олон чухал санал гарсныг тусгаж оруулсан. Цогц бодлогоо эцэслэн нягтлаад албан хэрэгцээнд зориулан тусгай ном болгон хэвлүүллээ. Мөн энэ чухал баримт бичгийг байгууллага, ард иргэдэд сайтар мэдээлж сурталчилж байна. Хэрэгжүүлэх ажлыг эхнээс нь шуурхай зохион байгуулна. Эхний шатанд буюу 2015 онд хүртэлх хугацаанд хийх ажлын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаж Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хороо болон холбогдох яаманд хүргүүлсэн. Цогц бодлогод тусгаж шинээр байгуулах зарим үйлдвэрийн төслийг хүлээн авч жижиг дунд үйлдвэр дэмжих сангаас зээл олгож эхэллээ. Ирэх онд улам өргөжүүлэх болно

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж