Хүний эрхийн талаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн талаар санал солилцов

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монголын төрийн бус байгууллагуудын форумд нэгдсэн арав гаруй байгууллагын төлөөллүүдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол дахь хүний эрхийн асуудлын төлөв байдлын талаар санал бодлыг нь сонсож ярилцав. НҮБ-ын Ерөнхий Ассамблей тус байгууллагын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутамд дүгнэн хэлэлцэж байх зорилготой “Хүний эрхийн дүгнэлт хэлэлцүүлэг” хэмээх шинэ механизмыг 2006 онд бий болгож, энэ эрхийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд олгосон. Энэ шийдвэрийн дагуу манай улс хүний эрхийн талаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буй тайлангаа энэ оны 11 дүгээр сарын 2-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр анх удаа хэлэлцүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан манай төрийн бус байгууллагууд нэгдэн форум байгуулж, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаархи анхаарал татсан асуудлуудын талаар сэдэвчилсэн илтгэл бэлтгэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээж, хэлэлцүүлэгт өөрсдийн төлөөллийг оролцуулсан юм байна.

Уулзалтад оролцогсод Төрийн бус байгууллагуудын форумаас бэлтгэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн Монголын хүний эрхийн төлөв байдлын мэдээлэл, форумаас төр, засгийн удирдлага, бүх шатны иргэдийн хурлын болон Засаг дарга нарт хандаж гаргасан ил захидлыг УИХ-ын даргад гардуулаад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт хандаж гаргасан дүгнэлт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга замын талаар саналаа хэлэв. Монголын хүний эрхийн талаархи манай Засгийн газрын тайланг хэлэлцэх үеэр дэлхийн 43 улсын зүгээс 129 зөвлөмж өгснөөс 118 зөвлөмжийг нь Засгийн газар шууд хүлээн авсан, харин 11 нь хууль эрх зүйн тодорхой зохицуулалт шаардлагатай гэж үзсэн юм байна.

Манай орны хувьд өнөөдөр хүний эрхийн асуудлаар хамгийн эмзэг, цаг үеийн зайлшгүй шаардлагаас үүдэн гарсан, түүнчлэн ахиц гарах боломжтой гэж үзэж буй зарим асуудлыг хууль тогтоомжид тусгуулах саналтай байгаагаа тэд танилцуулав. Тухайлахад, мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуультай болох, цагаач  иргэд, тэдний гэр бүлийн эрхийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорац болон хүний эрхийг хамгаалалтад чиглэсэн конвенцид нэгдэж орох, шилжин суурьшилтын асуудлыг зохицуулах эрх зүйн зохицуулалтай болох, хүнсний эрхийн цогц бодлого, хүнсний аюулгүй байдал, хүртээмж, худалдан авах чадамжтай холбоотой эрх зүйн зохицуулалтад анхаарах, ялгаварлан гадуурхахын эсрэг хууль тогтоомжтой болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдлийн талаархи салбар хоорондын асуудлыг нэгтгэн зохицуулах үүрэгтэй төрийн бүтэц бий болгох, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, хохирогчийн эрхийн хамгаалалтын асуудлыг хуульд тусгаж өгөх нь чухал байгааг хэллээ.

УИХ-ын дарга тэдний санал бодлыг анхааралдаа авснаа хэлээд төрийн бус байгууллагууд форумд нэгдэж, хүний эрхийн талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг хичээж байгаа нь тун чухал ололт юм. Бас хүний эрхийн талаархи Засгийн газрын тайлантай холбогдуулан судалгаа дүгнэлттэй илтгэл гаргаж Хүний эрхийн зөвлөлд өгч, тодорхой зөвлөмж авсан нь сайн хэрэг. Хүний эрхийн асуудлаар монголчууд нэгдсэн ойлголтод хүрч, энэ үндсэн дээр үндэсний хэмжээний илтгэл боловсруулах нь дараагийн бас нэг том ололт болох юм гэсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж