“Миний ертөнцөд толгой эргүүлсэн зүйл байдаггүй”

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

“Миний ертөнцөд толгой эргүүлсэн зүйл байдаггүй”

Монголын дүрслэх урлагийн хөгжилд авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж яваа Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, соёлын тэргүүний ажилтан Н.Амгаланбаатартай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд  “Гурван ертөнц” нэртэй хамтарсан үзэсгэлэнг өөрийн найз Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирал, зураач Л.Бумандорж, түүний гэр бүл, Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн багшаар 20 гаруй жил багшилж байгаа,зураач Ц.Нармандахтай хамтран гаргасан юм.

-Үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-“Гурван ертөнц” үзэсгэлэнг зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нартай хамтран гаргалаа. Нийтдээ 140 орчим зураг орсон. Л.Бумандорж бид хоёрын суурь уран зургийн зургууд, Нармандахын монгол зураг болон галиграф уран бичлэгийн бүтээлүүдийг тавилаа. Үзэсгэлэнгээ зураач уран бүтээлч Л.Бумандорж бид хоёрын анх сургуулиа төгсөөд дээд мэргэжлийн зураач болох гэж гадаадад сургуульд явсны 35 жилийн ойд зориулсан. Бид хоёр нэг нь 20-той, нөгөө нь 25-тай хоёр хүүхэд өөрийнхөө орны хилийг давж орос хэлний бэлтгэлд очиж байлаа. 35 жилийн дараа бид гурав бол гурван өөр ертөнц, гурван өөр арга барилтай, гурван өөрөөр сэтгэдэг зураач уран бүтээлчид болжээ гэдэг нь энэ үзэсгэлэнгээс харагдсан.

-Та өмнө нь зураач Бумандоржтой хамтраад хэдэн үзэсгэлэн гаргаж байсан бэ?

-Хамтарч анх удаа үзэсгэлэн гаргаж байна. Тус тусдаа бол олон үзэсгэлэн гаргасан. Хамтардаг нь хамгийн гол нь нэгдүгээрт дурсгалтай юм. Хоёрдугаарт өөрсдийгөө хэр хэмжээнд очив оо гэж сорих гэж гаргасан. Тэгээд ч бидний үзэсгэлэн Урчуудын эвлэлийн жил болгон гаргадаг хуваарьт үзэсгэлэнгийн жагсаалтад байгаа. Тэр утгаараа л аль аль нь давхцаад энэ үзэсгэлэн гарлаа.

-Энд та хичнээн бүтээлээ дэлгэсэн бэ?

-Миний 40 зураг дэлгэлээ. Голдуу байгалийн сэдэвтэй. Л.Бумандорж маань гэр хорооллын сэдвээр зураг их зурдаг. Мөн сэтгэмжийн зохиомж зураг зурдаг. Ц.Нармандах болохоор түүхийн болон аж байдлын сэдвээр зураг зурдаг, уран бичлэг бичдэг.

-Уран зураг дотроо ямар сэдвээр голчлон зурдаг вэ?

-Би байгаль голдуу зурна. Хүн ч өөрөө байгаль, амьтан ч, мал ч байгаль. Тэр утгаар нь би зарим нэг ан амьтан зурна. Ялангуяа тахь, хуланг их зурах дуртай. Ганц нэг хөрөг зурна.

-Гурван уран бүтээлчийн маань зураг монгол ахуй дээр нэгдэв үү?

-Ерөөсөө л 35 жил гэдгээрээ л нэгдэж байгаа. Түүнээс бид нар гурван өөр хүмүүс, гурван өөр үзэл бодолтой, гурван өөр арга барилтай, гурван өөр ертөнцийг үзэх үзэл бодолтой.

-Таны ертөнцөөр аялбал?

-Миний ертөнцөд толгой эргүүлсэн зүйлс байхгүй ээ. Миний зургууд их энгийн. Аль болох энгийн зурах тусмаа хүнд ойлгомжтой, хүртээмжтэй байх, хүнд хэрэгтэй байх гэж боддог л доо. Зарим зураачдын зураг чинь ухааныг нь олохгүй таавар оньсого шиг байдаг шүү дээ. Тэр нь сайн л байдаг байх. Миний тухайд энгийн байх тусмаа ойлгомжтой гэж боддог. Гэхдээ энгийн гээд хэт “элементарны” юм хийж үзэгчдэдээ доромжилж болохгүй. Хааш яйш халтуурдаж, оронцоглохгүй.Би бүтээл болгоноо сэтгэлээсээ хийхийг боддог. Жижигхэн, том ялгаа байхгүй болж өгвөл өөрийнхөө чадлын хэмжээнд, “за би үүнээс цааш чадахгүй дээ, үнэхээр чадсангүй дээ” гэтлээ л зурдаг. Гүйцэтгэлийн хувьд ч тэр, сэтгэж бодсоны хувьд ч тэр, миний байж байгаа хэмжээ энэ. Би тэгж л хийдэг.
-Уран бүтээлч бүр өөр өөрийн арга барилтай шүү дээ. Таны хувьд хэдийд суугаад уран бүтээлээ хийхэд хамгийн тохиромжтой байдаг вэ? Уран бүтээлчдэд онгод гэж байдаг…

-Онгод тэгж ордог, ингэж ордог гэж худлаа хэлж чадахгүй. Тийм юм байдгийг ч би мэдэхгүй. Онгод ордог улсууд байдаг л юм гэсэн. Би бол дуртай үедээ л зурдаг. Жирийн үедээ бол бодож явдаг. Бодож явна гэдэг маань миний зургийн бэлтгэл. Тэгээд боломж зав гарахаар бодож явснаа зурдаг. Би 50 хол наслахдаа онгод энэ тэрийг мэдрээгүй. Тэр нь онцгой авьяастай хүмүүст л байдаг байх.

-Таны зургуудыг ажиглаад байхад их зөөлөн өнгөтэй юмаа?

-Хүний араншин хийж байгаа юмаар нь тодорхойлогддог шүү дээ. Зохиолч, яруу найрагчид, хөгжимчид, хөгжмийн зохиолчид, зураачид ялгаа байхгүй. Хүний өөрийнх нь суурь араншин ямар байна, хийж байгаа зүйлд нь дандаа харагддаг. Би бол өөрөө зөөлөн уян талдаа хүн. Нэр хүртэл амгалан гэж байгаа шүү дээ./инээв/ Миний жинхэнэ нэр чинь Баатар, харин тодотгол нь “Амгалан”. Миний бүтээлүүд яг л тийм зөөлөн, сэдэв нь ч уян зөөлөн. Байлдаан зурсан ч тийм л байлдаан болно.

-Одоо хаана алба хашдаг вэ?

-Байгалийн түүхийн музейд зураачаар ажиллаж байгаад гараад хоёр сар болж байна. Одоо бол чөлөөт уран бүтээлч. Хүмүүстэй адилхан наймаа арилжаа хийж чадахгүй, ном зохиол бичиж, дуу дуулж чадахгүй, хар ажилд муу.

-Та хамгийн сүүлд хэзээ үзэсгэлэнгээ гаргасан бэ?

-Хамгийн сүүлд 2005 онд үзэсгэлэнгээ гаргасан. Дараагийнхаа үзэсгэлэнг ч нэг их яарахгүй гаргана.

-Байгаль голдуу зурдаг болохоор аяллаар их явдаг байх даа?

-Ер нь би их явдаг. Анд бас сонирхолтой. Миний ажиллаж байсан газар экспидицээр их явна. Ан амьтан агнана, ургамал, хорхой шавьж түүнэ. Тэр бүгдийг үзмэр болгож дэглэж тавина. Тэгж явсан зургууд ч энэ үзэсгэлэн дээр нэлээн бий. Хамгийн сүүлд өнгөрсөн намар есөн сард их удаан явсан. Халх нөмрөгийн дархан цаазат газраас эхлээд Дорнодыг тойроод Хэнтийг дайрч Балж, Угалз гол, Дадал сумаас хойшоогоо Хятадын хилээс Оросын хийлийг дамнаад олон газраар явсан. Энэ үзэсгэлэнд маань тэр аяллаас төрсөн “Дадал сумын нутагт”, “Дорнодын талд”, “Буриад айл”, “Байгалийн зургууд” гээд хэд хэдэн зургууд байгаа.

-Сүүлийн жилүүдэд нүдэн дээр сүйдэж байгаа байгаль экологийн өөрчлөлт бүтээлд тань тусдаг уу?

-Зүүн хязгаараар явж байхад Дорнодын тал, хуучнаар бол Мэнэнгийн тал гэж өчнөөн хоног яваад зах нь харагдахгүй сайхан тал байдаг байлаа. Тэр сайхан онгон талд олон хонож байлаа. Одоо бол цул нефтийн цооног өрөмдсөн, дандаа хятадууд болчихсон. Би тэнд зам асуух гэж яваад монгол хүн олоогүй. Тэнд чинь П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа дээлээ угааж байсан газар шүү дээ. Би тийм учраас Дорнодын тал гэдэг зургаа нов ногооноор хийгээд дээр нь дан үүл, хяргачихсан юм шиг тал зурсан. Тэр талыг хараад сэтгэл өмрөөд, их бодож байж энэ зургаа зурсан. Олон хүн энэ зургийг сонирхож байгаа. Нутгийн хүмүүс хүртэл намайг сураглаж ирээд “үнэхээр ийм байсан, та энэ зургаа зарах уу” гэдэг. Ийм тал байсан юм аа гээд ядахдаа нэг зураачийн зурагт ч гэсэн үлдэг гэж  “Дорнодын тал”-аа зурсан. Мөн цөлжилттэй холбоотой миний “Талын эзэд” зураг бий. Онгон байгаль дээр онгон амьтад байсан. Одоо онгон байгаль, мөн онгон амьтад ч байхгүй болсон. Одоо миний зурсан шиг хулан хоёр гурваараа сортойгоод зогсож байгаа газар ер нь ховор. Тийм учраас би энэ зургандаа их хайртай. Энэ бол миний хоёр дахь удаагаа зурсан ганц зураг. Өмнөх үзэсгэлэн дээр анх зураад хүн худалдаад авчихсан. Тэгэхээр нь дахиж зурмаар санагдаад жаахан өөрчилж зурсан. Онгон юм үлдэхгүй боллоо гэдгийг хэлж, хүмүүст өөрийнхөө хэллэгээр сануулж байгаа юм.
 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж