Энн, Жэймс нар Оскарыг хөтлөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Энн, Жэймс нар Оскарыг хөтлөнө

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг жил бүрийн хамгийн онцгой алдартнууд хөтлөн явуулах эрхийг авдаг.

Харин энэ жилийн 83 дахь удаагийн Академийн авардсын шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сард болох ба хөтлөгчөөрнь жүжигчин Энн Хаттевей, Жэймс Франко нар ажиллахаар болжээ.

Өдгөө 32 настай жүжигчин Жэймс Франко нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “127 hours” хэмээх аймшгийн кинонд гол дүр бүтээсэн ба уг дүрээрээ энэ жилийн Оскарт нэр дэвших магадлал өндөртэй байгаа юм.

Харин Энн Хаттевей "Love and Other Drugs" нэртэй романтик кинонд гол дүр бүтээсэн юм. Мөн л түүнийг шилдэг эмэгтэй дүрээр нэр дэвшинэ хэмээн таамаглаад байгаа.

“Энн Хаттевей болон Жэймс Франко нар бол Холливуудын чадварлаг жүжигчний шинэ үе юм. Тэд олон талын авьяастай мөн шинэлэг дүр төрхтэй” хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна.

Харин ноднингийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг 1989 оноос хойш анх удаа хоёр хөтлөгч хөтлөн явуулахаар болж, инээдмийн жүжигчин Стив Мартин кино жүжигчин Алек Болдуины хамт хөтлөсөн юм. Жүжигчин Стив Мартин өмнө нь 2001, 2003 оны Оскарын шагнал гардуулах ажиллагааг хөтөлж байжээ. Харин Болдуины хувьд тэрбээр анх удаа энэ арга хэмжээг хөтлөх юм. “Би өөрийн дайсан Болдуинтай хамт Оскарыг хөтлөх болсондоо баяртай байна” гэж Стив Мартин хошигнож байсан билээ. Өнгөрсөн оны Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг 36,3 сая үзэгч телевизээр үзсэн ба өмнөх оны үзүүлэлтээс 13 хувиар өссөн гэсэн тооцоо гарч байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж