1980-аад оны сүүлээр ардын болон зохиолын дуучидаас гадна шинэ төрөл гэгдэх эстрадын чиглэлээр дуулдаг гарын таван хуруунд багтах хамтлагтай, мөн тооны дуучидтай байсан. Тухайн үед “Соёл-Эрдэнэ”, “Баян-Монгол”, “Өргөө”, “Айзам”, “Соёмбо” гээд цөөхөн хэдэн хамтлаг дуучидтай байсан Монголын урлаг 1989 онд “Хонхны дуу”-гаар нийгэмтэйгээ нэгэн адил сэрж, нэг намыг, нэг үзэл суртлыг магтан дуулдаг цензурээс салснаар дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхах болсон нь цоо шинэ “тэсрэлт” байв. Өнөөдөр манай урлагийнхны “тоо толгой” хэдэн арваар үржиж, төрөл жанрын хувьд ч хард рок, soft рок, Endy рок, жаз рок, R and B, этник, хип хоп, модерн балет, модерн монгол бүжиг, поп опера гэхчилэн маш олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байгаа. Мөн дуу бичлэгийн студиуд олноор төрөн гарч, түүнийгээ дагаад хамтлаг дуучдын уран бүтээлчдийг үнэлсэн томоохон наадмуудыг ч зохион байгуулах болсон гэхчилэн маш олон өөрчлөлтийг энд дурдаж болно.
Энэ бол Ардчилсан хувьсгалын үр нөлөөгөөр үүссэн тэсрэлт, шинэ алхам гэдэгтэй урлагийнхан санал нэгтэй байгаа гэдгийг тоглолтыг зохион байуулагчид хэлж байна. Тиймээс урлагийн жинхэнэ эрх чөлөө, үнэ цэнийг мэдрүүлж, дэлхий нийттэй зэрэгцэн алхах боломжийг олгосон Ардчилсан хувьсгал, ардчилал, эрх чөлөөгөө хүндэтгэн дуу хуураа өргөхөөр томоохон хэмжээний тоглолтод бэлтгэж байгаа аж.