Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Ямар уужим сэтгэл вэ

Улс төр гэдэг ямар уудам, улстөрчид гэдэг ямар уужим сэтгэлтэй юм бэ. Тархиндаа, зүрхэндээ 805 тэрбум төг­рөгийн алдагдал тээчихээд ямар сайхан сэтгэлээр тэнэгэр алхаж, аархаж байгааг нь уншигч та лав анзаараа л байлгүй. Тэгэхэд мань мэт шиг энгийн иргэд сарынхаа цалингаас давж худалдаа хийчихэж ч чадахгүй. Сардаа авдаг хэдээ түрийвчиндээ “даршлах” нь холгүй л та­чирхан шиг амьдраад байдаг. Ингэж бодохоор энгийн иргэд бид арай л арчаагүй юм аа. Улстөрчид гэдэг цаанаа л өөр байх ёстой нь үнэн л юм шиг байна. Иймд та бид тэдэн   шиг 2.6 сая иргэнийхээ толгой   дээр ийм их алданги унагаачихаад инээмсэглэл тодруулж, олон жилийн да­раах гоё сайхан мөрөөдөл ярих зориг зүрхгүйгээ хү­лээн зөвшөөрөх хэрэгтэй бололтой.

Гол нь тэд маань хэн хүнд байдаггүй хэтэрхий гэмээр сайхан сэтгэлтэй хүмүүс. Ирэх оноос эхлэн иргэн бүртээ сард 21 мянган төгрөг өгөхийн төлөө л тэр алдангийг дааж гарахаар зориглосон улс. Та бидний цалин дээр сардаа нэмэгдэх тэрхүү 21 мянган төгрөгөөр хүссэнээ авч болдоггүй юм гэхэд өлхөн гэгч нь шуудай гурил авч чадна. Энэ тохиолдолд цалингаасаа эрх чөлөөтэйгөөр 21 мянган төгрөг үрж болно гэсэн үг. Тэднийхээ ийм сайхан сэтгэлд цагийг нь олж л талархал илэрхийлэхгүй бол дараа боломж олдоо ч билүү, үгүй ч билүү. Юмыг яаж мэдэх билээ.

Баярлалаа улстөрчид өө, Бахархаж байна, та нараараа. Энэ сайхан өгөөмөр сэтгэлд тань талархсан сэтгэлдээ таг сохорч, ирээдүйд ирэх өрийн дарамтын тухай бодохоо болилоо. Бодол санаагаа та нарын сайн сайхны төлөө удирдаж, улстөрчдөө л хайр­лаж амьдрая. Амьдрал үргэлж сайхнаараа гээд л…
Яг ингээд талархаад, баяр­лаад, хайрлаад эхэлсэн чинь ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийн ялалтын төлөөх буухиа нь улсын санхүүгээр ингэж тоглох эрх олгосон юм байна гэдэг бодол тархинд зурс хийгээд ороод ирэв. Юу  яасан хайр дурлал…Толгой өвджийнэ өө гэж.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж