Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Шингэн хүн

Завханыхан их наргианч улс л даа. Миний мэдэх Завханыхан уурлана гэж лав байдаггүй юм. Тэр дундаас Б.Цэнддоо гэж сэтгүүлзүйн гал тогоонд “чанагдаж”, “шараг­даж”, “түлэгдэж” яваа энэ хүний үгийн санд “Уурлах” гэдэг үг лав байхгүй. Ер нь л наргиан наадмыг голчлон үздэг, амьдралыг их хөнгөхөн харж, сэтгэдэг нас ахиж яваа ч “шингэн хүн” гэдэг нь түүний нийтлэлүүдээс ажиглагддаг. 20 жил фельетон бичиж уншигч олныг байлдан дагуулсан тэрбээр одоо ч бичсээр байна. Цаашид ч бичих байх. Тэр фельетоны төрөлд өөртэйгөө өрсөлдөх хүн хайдаг ч олон жилийн туршид түүнтэй өрсөлдчихөөр аавын хүү, ээжийн охин төрөөгүй. Энэ асуудалд тэрбээр фельетон бичихээсээ илүү шаналдаг байх. Гэхдээ одоо цаг үе нь өөрчлөгдөж байгаа юм хойно эрхбиш нэг, хоёр өрсөлдөгч гарна гэдэгт итгэдэг биз. “Өдрийн сонин” гэж өдөр л уншдаг, шөнө уншиж болдоггүй өдөр тутмын сонинг төдийгөөс өдий хүртэл хэдэн нөхдийн хамт босгосон. Харин сүүлийн үед “Нэпко” гэдэг хэвлэлийн компанийг үүсгэн байгуулалцаад Баабар андтайгаа зүтгэж байгаа. Одоо “Нэпко” Монголын хэвлэлийн   компаниудын дунд цахиур хагалж явна. Энэ редакторын сайных гэх хүмүүс олон байдаг. Тэр ийм л хүн. Түүнд элдэв маяг хэрэггүй, алга ташилт, долдой байдал, захирлын суудал шаардлагагүй. Тэр Ши­лүүстэйн Цэнддоо байсан бол, одоо Монголын Цэнддоо болсон, тэр Цэнддоогоороо л дуусна. Учир нь тэр хувирахгүй, зугтахгүй, байсаар байх Б.Цэнддоо.

Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж