Олон улсын биржүүд дээр нэлээд хэлбэлзэл ажиглагдах болсонд Европын хямрал, Солонгосын хойгийн хурцадмал байдал нөлөөлж байна. Түүнчлэн үүнээс гадна Хятад мөнгөний бодлогоо хумьж буй явдал юм.
Нөгөө талаас АНУ-ын Төв банк болох Холбооны нөөцийн сан Засгийн газрынхаа бондыг худалдаж авахын тулд 600 тэрбум ам.доллар гаргахаар болсон. Энэ нь ам.долларын ханшийг сулруулж, зөвхөн АНУ-д төдийгүй олон улсад урт хугацааны инфляци үүсэх нөхцөл болно хэмээн эдийн засагчид дүгнэжээ. Тэгэхээр түүнээс сэргийлэхийн тулд Хятад тэргүүтэй орнууд мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүгээ өсгөж байна. “Matthews Asia Funds”-ийн шинжээч Роберт Хоррокс “Тэдгээр хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг нь хэт халж байгаа. Тиймээс ийм хариу үйлдэл үзүүлэх нь дамжиггүй юм” гэжээ. Хонконгийн “HSBC”-ийн шинжээч Ричард Еченга “Ойрын гурван сард хөрөнгө оруулагчид инфляцитай тэмцэхийн тулд хэрэгжүүлж буй бодлогоос болж нэлээд хүнд байдалд орно” гэсэн байна.
Өнгөрсөн сард Хятадад инфляцийн түвшин 4.4 хувьд хүрсэн. Энэ нь ойрын хоёр жил дэх хамгийн хурдацтай өсөлт болсон юм.Энэ нь тус улсын Засгийн газрыг түргэн авахуулахад хүргэсэн нэг том шалтгаан юм. Гэхдээ мөнгөний бодлогоо хэтэрхий хурдан хугацаанд хумьж байгаа нь хөрөнгө оруулагчдыг сандаргах болсонтой маргах аргагүй. Үүнээс болж Хятадын хувьцаануудад уналт ажиглагдах болжээ. Энэ онд л гэхэд Шанхайн “Composite” индекс 12 хувиар буурсан байна. Харин Азийн бусад орны индекс харьцангуй эерэг үзүүлэлттэй байгаа. Он гарснаас хойш Индонезийн хувьцаанууд 44, Энэтхэгийнх 35, Сингапурынх есөн хувиар өссөн байна. Хөгжиж буй том гүрнүүдийн хувьд инфляци бий болоход нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. “Morgan Stanley” хөрөнгө оруулалтын газрын стратегич Ручир Шарма “Түүхий эдийн үнийн өөрчлөлт нь өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудад харьцангуй бага нөлөөлж байна” гэжээ.
Өнгөрсөн сард Хятадын Ардын банк банкуудынхаа нөөцийн хөрөнгийг хоёр удаа нэмсэн. Бодлогын хүүгээ сүүлийн таван жилд байгаагүйгээр өсгөсөн. Хятадын “Central China Securities”-ийн шинжээч Жанг Ганг “Бодлогын хүүг иймэрхүү байдлаар нэмээд байвал хувьцааны үнэ ч чангарах нь дамжиггүй юм” гэжээ. Хятад мөнгөний бодлогоо хумьж байгаа нь тус улсын дотоодын банкууд болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн их нөлөөлж байгаа юм. Харин олон улсын зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ.
Лондоны Түүхий эдийн биржийн шинжээчдийн урьдчилсан тооцоогоор ирэх онд нэг баррель газрын тос дунджаар 83.66 ам.доллар байх юм. Үүнд Хятадын мөнгөний бодлого нөлөөлж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан зах зээл дэх ам.долларын нийлүүлэлтийг ихэсгэж байгаа. Харин Хятад хумьж байна. Энэ эсрэг тэсрэг бодлогоос болж газрын тосны үнэ 80 ам.доллар болтлоо буурсан. Ирэх онд ч гэсэн энэ төлөв байдал нь нэг их өөрчлөгдөхгүй байх бололтой. Нөгөө талаас Бээжингийн бодлого боловсруулагчид мөнгөний бодлогоо хумина гэдэг нь түүхий эдийн эрэлтээ бууруулна гэсэн үг юм. Тиймээс газрын тосны эрэлт багасч, үнэд нь нөлөөлөх аж.
Олон улсын улс төр, эдийн засгийн тоглогчид Ирланд, Испани, Португалийн нөхцөл байдалд санаа зовж байгаа. Харин Хятадын эрх баригчид сүүлийн ганцхан сарын дотор 10 хувиар нэмэгдсэн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд гол анхаарлаа хандуулж байгаа юм. Энэ нь Европын гадаад өрийн хямралаас болж хүнд байдалд ороод байгаа хөрөнгө оруулагчид түүхий эд рүү хошуурч буйд нэг их санаа тавихгүй байгаагаас харагдаж байна. Түүхий эдийн зах зээлийн хувьд ерөнхийдөө Хятадын эрэлтээс хамааралтай. Тус улсын хувьд инфляци дөрвөн хувьд хүрсэн нь нэг их шинэ зүйл биш. Хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүний үнэд гарч байгаа өөрчлөлт юм. Энэ нь Хятадын ядуу мужуудад маш хүнд тусч байна. Тиймээс Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс түүхий эдийн зах зээлийн талаарх дүгнэлтдээ “хар захын үйл ажиллагаа, хууль бус наймаа зэргийг хязгаарлаж эхэлсэн нь түүхий эдийн үнэ буурахад нөлөөлж байна” гэж томъёолжээ.
Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний арилжаа хийгддэг дөрвөн том биржид ирээдүйн төлөв байдлын талаарх үзүүлэлтүүд нь нэмэгдэж байна. Харин зэс, хөнгөн цагаан, ган, алт, газрын тосны худалдааг голлодог “Shanghai Futures”-д түүхий эдүүдийн үнэ дунджаар 10 хувиар өснө гэх тооцоог гаргажээ. Мөнгөний бодлогоо хумьж, бодлогын хүүгээ нэмж байгаагийнхаа шалтгааныг хятадууд АНУ-тай холбон тайлбарлах болсон. Тус улсын төв банк сүүлийн гурван жилд анх удаагаа бодлогын хүүгээ нэмсэн гэдгийг дээр дурьдсан. Энэ нь олон улсын түүхий эдийн зах зээлд хамгийн хүнд туссан юм. Зарим ажиглагчийн үзэж байгаагаар энэ он дуусахаас өмнө Хятадын Засгийн газар дахин хоёр удаа иймэрхүү өөрлөлт хийх юм. Энэ талаар “Wall Street Journal”-д дурьджээ. Өнгөрсөн сард Хятадын эрх баригчид нөөцөөсөө эрдэнэ шиш, элсэн чихэр, хөвөн даавуу гарган худалдаж эхэлсэн билээ. Олон улсын зах зээл дэх үнийг хязгаарлаж барьж байхын тулд ингэсэн гэдгийг ажиглагчид нотолж байгаа. Үнэхээр ч энэ нь нөлөөлж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хөвөн даавууны үнэ есөн хувиар буурчээ. “RBS”-ийн шинжээчдийн тооцоолсноор Хятадын Улсын нөөцийн алба 200 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр, 30 мянган тонн лити зах зээлд гаргасан байна. Харин өнгөрсөн аравдугаар сард гол металлуудын эрэлтээ хүчээр бууруулсан юм. Энэ талаар “RBS”-ийн шинжээч Ник Мур “Хятадын биржүүд ирэх саруудад металлын үнэд нөлөөлөхийг хичээсээр байх бололтой” гэжээ. “Deutsche Bank”-ны шинжээчид Хятад инфляцийн өсөлтийг зогсоохыг оролдож байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд анхааруулга болж байна. Ямартай ч хамгийн түрүүнд цайрын үнэ огцом унах аюултай” гэжээ. Цайраас гадна зэсийн үнэ буурч байгаа юм. “Commerzbank”-ийн шинжээчид “Энд гол металлуудын зах зээл унаж байгаа тухай ярьж байна. Түүнээс гадна Хятадын Засгийн газар зээлийн бодлогоо хумьж байгаа нь анхаарууштай зүйл” гэсэн байна. Ямартай ч Хятад бодлогын хүүгээ нэмж магадгүй байгаагаас ихэнх түүхий эдийн үнэ буурах болжээ.
Т.ЭЛИСА
"Улс төрийн тойм" сонин