Нөхөн сэргээлтэд анхаарна

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлтэд анхаарна

Уул уурхайдаа түшиглэн хөг­жи­хийн тулд нэг үе манайхан гад­ны хөрөнгө оруулагчдыг татаж хай­­гуул, олборлолт хийлгэхийг нэн тэргүүнд тавьдаг байсан бол одоо байгаль, экологийн асуудлаа ор­хиг­дуулалгүйгээр урагшлах шаард­лагатай тулгараад байна. Үүний да­гуу АНУ-ын Азийн сангаас “Бай­галь орчныг хамгаалахад талуу­дын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөл­бө­рийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөр нь үндэсний болон орон нут­гийн түвшинд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд аж үйлдвэрийн салбар, төр засаг, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийг хамарсан цогц үйл ажиллагаа болох юм. Өчиг­дөр уг хөтөлбөрийн нээлтийн ажил­лагаа болж Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, Ерөн­­хийлөгчийн байгаль орчны зөвлөх Э.Зоригт, УИХ-ын гишүүн З.Энх­болд, БОАЖ-ын дэд сайд Ч.Жар­галсайхан нар оролцлоо. Нээл­­тийн үеэр тус сангийн зүгээс бай­галийн баялгийн хариуцлагатай ашиг­­лалтыг хөгжүүлэх, байгаль орч­ныг хамгаалахад талуудын орол­цоог хангах асуудлыг ярилцаж хөтөл­бөрийн хэрэгжилтэд оролцохыг уриал­лаа.

УИХ-ын гишүүн З.Энхболд:

-Мэдээж экологийн асуудал ар­ван жилийн өмнөхөөсөө хамаагүй өөрч­лөгдсөн. Одоо үүнд хандах ханд­лага ч өөрчлөгдөж байна. Хамгийн сүүл­чийн жишээ хэлэхэд долдугаар сарын 15-нд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримлалд байгаль орчны асуудалд бүх л бүтэн бүлэг болж орсон. Өмнө нь ийм байгаагүй. Одоо хүн бүхэн уурхай гэж улайрч байгаа нь Өвөрхангайн Уянга сум шиг олон газар бий болгочих өндөр эрс­дэл дагуулж байна.

БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан:

-Өнөөдөр АНУ-ын Азийн сангаас байгаль орчны чиглэлийн хоёр дахь төс­лөө хэрэгжүүлэхээр нээлтээ хийж байна. Хөтөлбөрийн агуулга нэ­лээд чухал байна. Үнэхээр л бид төр болон хувийн хэвшлийн уялдааг анхаарахгүй бол эрдэс баялагтай холбоотой асуудал олноороо үүснэ. Нөхөн сэргээлт, нутгийн иргэдийн эсэргүүцэл гээд. Тиймээс л олон нийт, төрийн бус байгууллагын оролцоог чухалчлах хэрэгтэй болоод байгаа юм.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж