Уул уурхайдаа түшиглэн хөгжихийн тулд нэг үе манайхан гадны хөрөнгө оруулагчдыг татаж хайгуул, олборлолт хийлгэхийг нэн тэргүүнд тавьдаг байсан бол одоо байгаль, экологийн асуудлаа орхигдуулалгүйгээр урагшлах шаардлагатай тулгараад байна. Үүний дагуу АНУ-ын Азийн сангаас “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөр нь үндэсний болон орон нутгийн түвшинд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд аж үйлдвэрийн салбар, төр засаг, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийг хамарсан цогц үйл ажиллагаа болох юм. Өчигдөр уг хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болж Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх Э.Зоригт, УИХ-ын гишүүн З.Энхболд, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан нар оролцлоо. Нээлтийн үеэр тус сангийн зүгээс байгалийн баялгийн хариуцлагатай ашиглалтыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах асуудлыг ярилцаж хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцохыг уриаллаа.
УИХ-ын гишүүн З.Энхболд:
-Мэдээж экологийн асуудал арван жилийн өмнөхөөсөө хамаагүй өөрчлөгдсөн. Одоо үүнд хандах хандлага ч өөрчлөгдөж байна. Хамгийн сүүлчийн жишээ хэлэхэд долдугаар сарын 15-нд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримлалд байгаль орчны асуудалд бүх л бүтэн бүлэг болж орсон. Өмнө нь ийм байгаагүй. Одоо хүн бүхэн уурхай гэж улайрч байгаа нь Өвөрхангайн Уянга сум шиг олон газар бий болгочих өндөр эрсдэл дагуулж байна.
БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан:
-Өнөөдөр АНУ-ын Азийн сангаас байгаль орчны чиглэлийн хоёр дахь төслөө хэрэгжүүлэхээр нээлтээ хийж байна. Хөтөлбөрийн агуулга нэлээд чухал байна. Үнэхээр л бид төр болон хувийн хэвшлийн уялдааг анхаарахгүй бол эрдэс баялагтай холбоотой асуудал олноороо үүснэ. Нөхөн сэргээлт, нутгийн иргэдийн эсэргүүцэл гээд. Тиймээс л олон нийт, төрийн бус байгууллагын оролцоог чухалчлах хэрэгтэй болоод байгаа юм.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин